sonin.mn
ЛОНДОН./BBC/. Испанийн Мадрид хотын шүүх ДНХ-ийн шинжилгээ хийх зорилгоор уран зураач Сальвадор Далигийн шарилыг ухан гаргахаар шийдвэрлэжээ. Алдарт зураачийн охин гэгдэх өдгөө 60 настай Пилар Абелийн нэхэмжлэлийн дагуу ийм шийдвэр гаргасан байна.
 
Шарилыг ухан гаргах шаардлагатай болсон учир нь эцэг тогтоолгоход шаардагдах биологийн материал болон хувийн эд зүйл үлдээгүйтэй холбоотой гэж шүүхийн шийдвэрт дурджээ. 
 
П.Абель өөрийг нь С.Далигийн охин мөн гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхээр оролдож эхэлснээс хойш хэдэн жилийн хугацаа өнгөрсөн байна. П.Абелийн  батлан ярьж байгаагаар, түүний ээж нь С.Далигийн гэрийн ойролцоох Кадакесын нэгэн айлд 1955 онд хөлсөөр ажилладаг байжээ. П.Абелийн ярьж байгаагаар, уран зураач, түүний ээж хоёр "найзлах болсон нь улмаар нууцхан хайр болж хувирсан” аж. Энэ тухай П.Абельд түүний эмээ нь ярьж өгчээ.
 
1955 онд С.Дали 49 настай байсан ба тэрбээр 1934 онд Оросын цагаач эмэгтэй Е.Дьяконоватай гэрлэсэн боловч хүүхэдтэй болоогүй байна. С.Дали 1989 онд нас барсан ба түүний шарил Фигерас хот дахь С.Далигийн театр-музейн дэргэдэх бунханд байдаг аж.
 
2007 онд П.Абель С.Далигийн гипсэн масканд байсан үс, арьсны үлдэгдлийг эцэг тогтоолгох ДНХ-ийн шинжилгээнд өгсөн боловч шинжилгээний хариу нь гараагүй ажээ.
 
П.Абель 2005 онд зохиолч Хавьер Серкас-аас 600 000 евро нэхэмжлэн шүүхэд ханджээ. Түүний үзэж байгаагаар, зохиолч Х.Серкас “Саламины цэргүүд” гэдэг романдаа түүнийг доромжилсон өнгө аясаар дүрслэн бичсэн гэнэ. Уг нэхэмжлэлийг 2006 онд Жирона хотын шүүх хүчингүй болгосон байна.
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг