sonin.mn
Хөдөлмөр эрхлэлтийн шинэ чиг хандлагын талаар Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга  П.Батхүлэгтэй дараах асуудлаар  ярилцлаа.
 
- Хөдөлмөр эрхлэлтийн тухай ойлголт, орчин цагийн чиг хандлагын талаар яриагаа эхлье?
 
- Хөдөлмөр эрхэлж, ажилтай орлоготой байхын тухайд  хүн төрөлхтний өнө эртний нэн тэргүүнд тавьж ирсэн  асуудал юм. Энэ хэрээрээ орчин цагт шинэ агуулгаар баяжиж байна. Зохистой хөдөлмөр эрхлэлт, ажил амьдралын тэнцвэрт байдал, стандарт амьдрал, ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа гээд шинэ нэр томьёо гарч ирсээр байгаа.
 
 - Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын чиг үүргийг хүмүүс тэр бүр мэддэггүй?
 
- НХЭГ-ын хувьд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн тогтвортой, тэгш тогтолцоог бий болгож, нийслэлийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад анхаарч ажиллаж байна. Улмаар хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх замаар ажил эрхлэлтийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан иргэдийг шинэ болон сул чөлөөтэй ажлын байранд зуучлах, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, мэргэжлийн болон давтан сургалтад хамруулах, ажил олгогчдод дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байгууллага юм.
 
- Танай байгууллагыг ажил олгогч гэдгээр хардаг хүмүүс цөөнгүй юм билээ?
 
-  Бид хүмүүсийг хөдөлмөрт бэлтгэж ажил мэргэжлийн чиг баримжаа олгодог, тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагад нийцэхэд нь тусалдаг үйлчилгээний байгууллага гэж ойлгож болно.
 
- Хөдөлмөр эрхлэлтийн орчин цаг үеэ даган хувьсаж байна. Энэ хэрээр тухайн байгууллагын ажилтнуудад  тавигдах шаардлага өөрчлөгдөж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
 
-Мэргэжилтэн мэргэжлийнхээ мэдлэг, чадварыг төгс төгөлдөр эзэмшсэн байх шаардлагатай.  “Ирээдүйн хөдөлмөр эрхлэлт-2017” болон  Дэлхийн эдийн засгийн  форумаас  хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэх 10 ур чадварыг дэвшүүлсэн. Тодруулбал асуудал  шийдвэрлэх, шүүн тунгаах, бүтээлч байдал, удирдах чадвар, бусадтай харилцах, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг ойлгох, шийдвэр гаргах, үйлчилгээг эрхэмлэх, гэрээ, хэлцэл хийх, өөрчлөлтөд дасан зохицох гэсэн  ур чадварыг эзэмшсэн байх ёстой. Дээрх чадваруудыг эзэмшсэнээр хөдөлмөрийн зах зээл дээрээс ажлын байр олж чадна гэж ойлгож болно.
 
-Аливаа ажлыг өрнүүлэхэд бүтээн байгуулалт, хамтын хөдөлмөр чухал. Танай байгууллагаас хөдөлмөрийн зах зээлд нөлөөлөхүйц ямар шинэлэг ажлуудыг хийж байна?
 
- Төрийн ажил, үйлчилгээ залгамж чанарынхаа дагуу явж байна. Шинээр “Нэг өрх-нэг ажлын байр”  дэд хөтөлбөрийг НИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулан хэрэгжүүлж  байна. “Судалгаанд суурилсан бодлого,шинэ ажлын байр”,  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” , “Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес, ЖДҮ-ийг дэмжих”, Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН, ТББ, иргэний нийгэмтэй хамтран байнгын болон түр ажлын байр буй болгох”  гэх мэт харилцан уялдаатай  цогц үйл ажиллагааг явуулж байна.
 
-Дээрх цогц үйл ажиллагааг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд ямар үр дүнд хүрнэ гэсэн хүлээлт байгаа вэ? 
 
-Нийслэлд хүн амын 46 хувь нь оршин суудаг.  Улсын хэмжээний хамгийн том суурьшлын бүсийн хувьд тодорхой ахиц өөрчлөлтүүд гарна. 2016 оны жилийн эцсийн байдлаар шинээр бий болсон ажлын байрны тоо 15 мянгад хүрсэн бол энэ оноос эхлэн жил бүр шинээр 30 мянган  ажлын байр бий болгоно. Байнгын ажлын байртай болсон иргэний тоо 14367 байсан. Энэ нь дээрх ажлын үр дүнд  жил бүр 20 мянгаар нэмэгдэнэ гэсэн тооцоог гаргаад байна. Түр болон цагийн ажлын байртай  иргэд 11850 байсан бол жил тутам 15 мянгаар өсөх төлөв бий. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 47.1 хувиас  60 хувь , ажилгүйдлийн түвшин 8.1 хувиас жил тутамд зургаан хувиар буурна гэсэн тооцоог гаргасан.
 
-Их, дээд сургууль, МСҮТ-үүдтэй хэр хамтын ажиллагаатай вэ. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хүрээнд хэр уялдаатай ажиллаж байна?
 
-МСҮТ-үүдийн сургалтын орчин, техник тоног төхөөрөөмж,  боловсон хүчний хувьд хангалттай түвшинд хүрсэн гэж үзэж болно.Цаашдаа улсын эдийн засаг өсөхийн хэрээр мэргэжилтэй ажилчны  хэрэгцээ нэмэгдэнэ.  Өндөр цалинтай, нарийн мэргэжлийн ажиллах хүчнийг зөвхөн МСҮТ -ээс бэлтгэн гаргаж буйг нийгэмд  сайн ойлгуулах хэрэгтэй. Бидний аав ээжийн үеийн ТМС гэсэн ойлголтоор хандаж болохгүй. Мөн элсэгчдийн босго оноог өндөржүүлэх, тоог цөөлөх замаар их, дээд сургуулиудыг цэгцлэх нь зүйтэй гэж хувьдаа боддог. Жишээлбэл нэг байгууллага хэдэн инженер, хэдэн ажилчинтай байдаг билээ гээд бодохоор ажил эрхлэлтийн харьцаа  харагдана. Хорват улсад  ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 70 хувь нь МСҮТ, 30 хувь нь их сургуульд элсэж байна.  Энэ бол зохистой хөдөлмөр эрхлэлтийн бодлого сайн явж буйн илрэл юм.
 
-Зохистой хөдөлмөр эрхлэлт гэсэн нэр томъёоны гаргалгааны талаар та юу хэлэх вэ?
 
-Дэлхийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тодорхойлсноор зохистой хөдөлмөр эрхлэлтийн шалгуур үзүүлэлтэд  баталгаатай ажлын байр, амьдралд хурэлцэхүйц цалин хөлс бүтээмжтэй, тухайн хөдөлмөр эрхлэгч болон гэр бүлийн гишүүд нь нийгмийн халамжид хамрагдсан, өөдрөг ирээдүйтэй, эрэгтэй, эмэгтэй хэн боловч  дуу хоолойгоо бүрэн илэрхийлэх боломжтой, бүгд адил тэгш эрх эдлэх нөхцөлтэй гэх мэт үндсэн 8 үзүүлэлт ордог. Эдгээр үзүүлэлтийг цогцлоож чадвал хөдөлмөр эрхлэлтийн зохистой нөхцөл бүрдэнэ гэж үздэг.
 
-Ажил, амьдралаа тэнцүүлж авч явна гэдэг бол тухайн хүний ур чадварыг илтгэнэ. Стандарт амьдрал гэж та дээр хэлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
 
-Ажил хөдөлмөр болон хувийн амьдралын үечлэл тэнцвэртэй байх ёстой. Ажилтан үр бүтээлтэй, харьцангуй  бага цагт ажиллаж, цалин урамшуулал хангалттай хэмжээнд авах  ёстой. Харин үлдсэн цаг хугацаагаа гэр бүл, үр хүүхэддээ зориулах, өөрийгөө хөгжүүлэх, аялах, эрүүл мэндээ хамгаалах зэргээр хувийн амьдралын орчинд өнгөрөөх юм. Зарим хүмүүс ажил дээрээ бүх зүйлээ зориулаад гэр бүл, өөрийгөө орхичихдог. Гэтэл зарим хүмүүс ажлаа хаяад гэр бүлдээ ихэнх цагаа зориулаад байдаг. Тиймээс тухайн ажилтан ажил, амьдралынхаа аль, алийг нь орхигдуулахгүй тэнцвэртэй авч явах ёстой.
 
Өнөөдөр хэт олон цагийг ажлын байранд өнгөрүүлснээс үүдэх нийгмийн сөрөг үр дагаварыг дэлхий дахинаа анхаарч байна. Ажил амьдралын тэнцвэрт байдал Европод харьцангуй хэвийн хэмжээнд байхад Турк гэх мэт улсад маш доогуур үзүүлэлттэй байх жишээтэй.  Түүнчлэн манай улсын  олон иргэд ажиллаж амьдардаг БНСУ-д гэхэд ажлын цаг урт, долоо хоногт ганцхан өдөр амардаг шүү дээ. Энэ нь гэр бүлдээ, өөртөө зарцуулах цагаас хумсалж байна л гэсэн үг.  Монгол улсын хувьд  ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангахын тулд  бодлогоор зохицуулах, төр, ажил олгогч, үйлдвэрчний байгууллагын түвшинд  асуудлыг хэлэлцэх шаардлага бий.
 
Б.Зоригт
Эх сурвалж: Монцамэ агентлаг