sonin.mn
ДУБЛИН./TASS/. Ирландын Голуэйгийн их сургуулийн дэргэдэх нейробиологийн төвийн эрдэмтэд Хантингтоны өвчнийг эмчлэх аргыг нээсэн тухай The Journal сонинд мэдээлжээ.
 
"Цуврал туршилтууд явуулсны дүнд бид ферментүүдийг илрүүлсэн ба тэдгээр ферментүүдэд нөлөөлснөөр ноцтой өвчин даамжрах явцыг удаашруулах боломжтой боллоо” гэж судалгааг удирдсан профессор Роберт Лею тайлбарласан байна. “Энэ нь одоохондоо урьдчилсан үр дүн, гэхдээ бидний олж авсан өгөгдлүүд нь HDAC3 ферментийг түгжих нь тархины эсийн доройтлын үйл явцыг сааруулдаг болохыг харуулж байгаа юм” гэж эрдэмтэн ярьжээ. Түүний хэлснээр, ийм арга нь уг өвчний эхний үе шатанд үр дүнтэй байх аж.
 
Дээрх судалгаа нь өнөөг хүртэл эдгэшгүй өвчин гэж тооцогдож байсан Хантингтоны өвчинтэй тэмцэхэд ихээхэн ахиц дэвшил болсон байна. Нейробиологичдын судалгааны ажлыг Ирландын эрдэм шинжилгээний сан, Хантингтоны өвчинтэй тэмцэх Европын байгууллагуудын сүлжээ /Europaen Huntington’s Disease Network/ санхүүжүүлж байгаа аж.
 
Хантингтоны өвчин бол генийн гаралтай тархины доройтлын өвчин юм. Энэ өвчин нь үе үе шөрмөс татаж, тархины үйл ажиллагаа, хөдөлгөөний идэвхжил алдах байдлаар илэрдэг байна. Статистик мэдээллээр, энэ өвчинд европ эрчүүд, америк эрчүүд хамгийн ихээр өртдөг байна. Өвчлөлийн 50 хувь орчим нь удамшлын гаралтай байдаг аж.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг