sonin.mn
Испанийн “L’Home Dibuixat” театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжгийг "Корпорейт конвеншн центр”-т тоглосон билээ. Гурваас дээш насны хүүхэд бүрт нээлттэй энэхүү жүжиг 45 минут үргэлжилдэг бөгөөд монгол тайлбартайгаар тоглогдсон юм. Мөн тус жүгийн дараа театрын зүгээс жүжигчдэд зориулсан мэргэжлийн сургалт зохион явуулах талаар мэдэгдэл хийсэн билээ.
 
Хүүхэд гэлтгүй, олон зүйлийг хийж бүтээсэн томчуудад ч мөн адил дахин шинийг эхлүүлэх хүсэл мөрөөдөл, тэмүүлэл байдаг. Хүүхэд бүрийн мөрөөдөл ондоо. Гэвч тэдэнд мөрөөдөл байна гэдэг нь амьдралыг гэрэлтэйгээр харах, хүсэл  тэмүүлэлтэй, зорилготой байгааг илтгэсэн хэрэг. “Помодорогийн адал явдал” нь чухамхүү мөрөөдөлд хүрэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөж, тууштай зүтгэлтэй ханддаг вэ? гэх асуултанд хариулт өгөхийг хичээснээрээ онцлогтой.
 
Тус хүүхэлдэйн жүжиг нь дуу, дүрсний эффектээр баяжуулагдсан, дэлгэц болон тайцан дээрх харилцан яриагаар өрнөдөг. 2015 онд нээлтээ хийснээс хойш Франц, Испани, Польш, БНХАУ, Өмнөд солонгос зэрэг улсуудад нийт 50 гаруй удаагийн тоглолтыг хийсэн байна.
 
Хүний биеийг олж төрнө олон арван мянган буудайн үр агаар цацаж доор нь зүү барин тосоход үзүүр дээр нь нэг буудайн үр тогтохтой тэнцэхүйц хэмжээний аз завшаан гэж хүмүүс зүйрлэн өгүүлдэг. Гэтэл ихэнх хүмүүс аж төрөхүйн аар саархан дарамттай тулгарангуут хүсэл, мөрөөдлийнхөө жигүүрийг хяргаж орхидог. Гэтэл бидэнд мөрөөдөл байсан цагт амьдралын өмнө хэзээ ч толгой гудайхгүй гэдгийг ойлгох хүн ховор байдаг нь харамсалтай.
 
 
Тус жүжигт эгэл жирийн нэгэн хүү өөрийн авъяас билэг, олныг алмайруулсан тоглолтыг хийдэг “циркийн жүжигчин” болох мөрөөдлөө биелүүлэхийг зорино. Гэвч түүнээс өөр хэнд ч тэрхүү мөрөөдөл сонин биш бөгөөд найзууд нь бүр шоолж, үл тоож байлаа. Цаг хугацаа улиран одож бяцхан хүү мөрөөдлөө зүрхэндээ тээсээр л өдөр хоногийг өнгөрөөж, өөрийгөө бэлтгэсээр байв. Харин нэг л өдөр тэрээр мөрөөдлийнх нь үнэ цэнийг ойлгож түүнд туслах нэгэнтэй учирснаар циркийн жүжигчин болох эхний алхмыг хийдэг. Энэ хүү бол зохиолын гол баатар буюу Помодоро юм.
 
Тэрээр “Энэхүү жүжгээрээ хүн бүхэн хүсэл мөрөөдөлтэй, мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг илэрхийлэхийг хүссэн.  Мөрөөдлөө хэзээ ч биелэхгүй, хүсээд байх зүйл биш юм байна гэж хойш суугаад байвал хэзээ ч биелэхгүй шүү дээ. Жүжгээрээ дамжуулан  бид мөрөөдлөө биелүүлэхийн тулд хөдөлмөрлөх ёстой гэсэн утга санааг илэрхийлэхийн ялдамд хүн өөрт нь тусалж байсан хүмүүст эргээд тус хүргэж байх хэрэгтэй гэсэн санааг давхар гаргахыг зорьсон” хэмээн хуучилжээ.
 
Жүжгийн гол баатар эхлээд дэлгэцэнд гарч ирэнгүүтээ буцаж ороод хүүхэлдэй болоод дахин гарч ирдэг. Үзэгчид хоёр талаас нь харах боломжтой. Нэг талаас дэлгэцээр, нөгөө талаар биет хүүхэлдэй болон гарч ирдгээрээ онцлогтой. Тиймээс ч Монголд тоглогдож анхны хоёр талаас нь үзэх боломжтой хүүхэлдэйн жүжиг болсон юм.
 
Циркийн алиалагч болох мөрөөдөлтэй Помодоро хүүгийн  ээж аав нь "алиалагч болохыг хүсдэг хүн хаана байсан юм" хэмээн зэмлэж, найз нөхөд нь шоолдог ч тэр мөрөөдлөө орхисонгүй. Харин тэмцэхээр шийдсэн. Амьдрал бол тэмцэл, өдөр тутамд хүн алдахгүйн тулд хичээж, алдах юм бол босч урагш алхдаг. Урагш алхсан хүн шат ахих болно. Үүнийг л жүжигт харуулж, өсвөр насны хүүхдүүдэд сургамж хайрлахыг хичээсэн байна
 
Жүжгийн төгсгөлд  Помодоро хүү жүжгийн бас нэгэн гол баатартай уулзаад "Миний мөрөөдөл ч гэсэн надад үнэ цэнэтэй юм байна. Би үнэхээр үүнийг хүсч байвал мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, хөдөлмөрлөх ёстой юм байна" гэдгийг ойлгоод хичээж эхэлдэг. Сүүлдээ эцэг эх нь ч хүүхдийн маань хүссэн зүйл нь үнэхээр энэ юм байна, тэр зүгээр бусдыг дуурайж, хиймэл хүүхэлдэй шиг аашлаагүй гэдгийг ойлгоод хүсэл, мөрөөдлийг нь хүндэтгэж эхэлдэг.
 
 
Тус жүжгийн найруулаг ч нь зохиолч, жүжигчин Тиан Гомбау бөгөөд “Маскарад”, “80 янзын  багтай сармагчин”, “Чулуун дээр чулуу” зэрэг хэд хэдэн хүүхдийн жүжиг найруулан тавьсан байна. Тиан Гомбау бүтээлээ тун сонирхолтойгоор тавьж, энгийн чулууг ч дүрд хувирган амилуулж чаддагаараа онцлогтой гэж шүүмжлэгчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг байна.
 
 
Б.Алтанхуяг
Эх сурвалж:Монцамэ агентлаг