Судалгааны ажил дууссаны дараа аймгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж нээгдэнэ хэмээн үзэж буйгаа албаныхан хэллээ.
 
Орхон аймгийн Жаргалант сумын Айргийн гозгор гэх газраас олдсон  Хүннүгийн хожуу үе Сяньбигийн эхэн үед хамаарах бүлэг дурсгалд малтлага хийх ажил дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Малтлага, судалгааны ажлыг Соёлын өв төв, Дүрслэх урлагийн музей, Занабазарын музей, Монголын Үндэсний музей, Орхон аймгийн музейн мэргэжилтнүүд хийж байна.
 
2000 ЖИЛИЙН ӨМНӨХ ОЛДВОР МОНГОЛД...
 
Хүннү, Сяньби улсад 2000 жилийн өмнөх энэ олдвор нь дэлхийн судлаачдын анхаарлыг ихээр татаж байна. Тухайлбал, АНУ-ын эрдэмтэд тэндээс олдсон эртний хүний ясыг, Япон улсын эрдэмтэд эд, зүйлийг  судлах, сэргээн засах санал тавьснаар хамтран ажиллаж байгаа юм. Мэргэжилтнүүд 105 гаруй булш илрүүлж, хоёр шатлалт судалгааны ажлыг эхлүүлэн, том, жижиг хоёр булшинд судалгаа хийхээр төлөвлөжээ.
 
Орхон аймгийн удирдлагууд малтлага, судалгааны ажилтай танилцан, баг хамт олныг бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Судалгааны ажил дууссаны дараа аймгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж нээгдэнэ хэмээн үзэж буйгаа албаныхан хэллээ. Тиймээс малтлагад шаардлагатай 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн төсөвт суулгаснаа дуулгав.
 
“Нара”-ийн их сургуулийн хадгалалт хамгаалалтын  мэргэжилтэн, доктор М.Оюунтулга “Монгол оронд түүхийн үнэт олдворуудыг стандартын дагуу хадгалж хамгаалж чадаагүйгээс шалтгаалан, олдворуудын 70-80 хувь нь гэмтэж, сүйддэг. Учир нь цаг агаарын эрс тэс уур амьсгалтай холбоотой. Тиймээс анх удаа малтлагын газраас лабораторийн шинжилгээнд хүрэх хугацааны хадгалалт хамгаалалт, сэргээн засварлах ажлыг Монголд нутагшуулахыг зорьж байна” гэв. Энэ жил судалгаа шинжилгээ, хадгалалт хамгаалалтад хэрэгтэй багаж хэрэгсэл, тусгай зориулалтын бодис зэрэгт зарцуулах 10 гаруй сая төгрөгийг хувийн зардлаар гаргаж буйгаа тэд хэлж байна.
 
 
АНУ-ын эрдэмтэд эртний хүний ясыг, Японы судлаачид эд зүйлийг судалж байна.
 
 
ОЛДВОРЫГ ЗАСЧ ХАМГААЛАХ ХӨРӨНГӨ ХЭРЭГТЭЙ
 
Ер нь салбарын яам, агентлаг бодлогын хүрээнд малтлагад шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийддэг. Тэгэхээр хадгалалт, сэргээн засварлах ажлыг ч дэмжих хэрэгтэй аж. Ингэснээр түүхийн үнэт өв соёлыг хойч үедээ үлдээх боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн энэ удаагийн ажлыг Орхон аймгийн орон нутгийн удирдлагууд бүхий л талаар дэмжиж байгаа нь цаашид үлгэр дууриал болох учиртайг судлаачид онцолж байлаа. Дээрх бүлэг дурсгалын малтлага, судалгаа шинжилгээний ажил дуусахад Монгол улс төдийгүй Орхон аймаг гадаад дотоодын жуулчдын очиж сонирхох газруудын нэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа ч мөн дуулгасан юм. Түүнчлэн Хүннү, Сяньби улсын 2000 жилийн өмнөх олдворыг сэргээн засах ажлыг хийж буй Японы Соёлын өвийн, эмчийн салбарын мэргэжилтэн Акира Кобаяаши хэлэхдээ “Гадны улсад анх удаа мэргэжлээрээ судалгаа шинжилгээ хийж байна. Монголын Улсын нутагт орших Айргийн гозгорт малтлагаар илэрч байгаа олдворууд нь, манай улсад төдийгүй, дэлхийд ховор, хосгүй үнэт олдворууд байгаа нь гайхалтай. Гэвч арга зүйн технологи байхгүйгээс, газар доорх чийглэг нөхцөлд байсан олдворууд нь гэмтэх аюултай. Өөрөөр хэлбэл, эрс тэс уур амьсгалтай, хуурай нөхцөлд олдворыг гаргахаар маш түргэн хугацаанд хаталт өгөх, муудах нөхцөл бүрддэг” хэмээв. Тиймээс монголын мэргэжилтэн, судлаачдад заавар зөвлөгөө өгч хамтран ажиллаж буй ажээ.  Тэрээр энэ чиглэлийн судалгаа шинжилгээнд тулгуурлан, нарийвчилсан зөвлөгөө өгч байгаа юм. “Хэдийгээр эрс тэс уур амьсгалтай ч хадгалалт, хамгаалалт, сэргээн засах ажлыг стандартын дагуу хийснээр эртний олдворыг гэмтээлгүй ашиглаж боломжтой” хэмээн тэрээр хэллээ.  Олны дэмээр 2000 жилийн өмнөх Хүннү, Сяньби улсын олдворыг сэргээснээр аялал жуулчлалыг хөгжүүлэх хөшүүрэг болох учиртай хэмээн эрдэмтэд судлаачид олзуурхаж буйг энэ дашрамд дуулгая.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин