sonin.mn
Дэлхий дээр өнгөлөг металл улам үнэд орж, өдөр ирэх бүрт ханш нь чангарсаар байна. Гэтэл манайд алт, мөнгөн одон тэмдэг, медалийн үнэ цэнэ өдөр өнгөрөх тусам унаж байгаа нь гайхмаар зүйл юм. Уг нь улс, орон бүхэн түүх соёл, үнэт зүйлээ илэрхийлсэн гол шагналтай. Тухайлбал, АНУ-д конгрессийн шагнал нэлээд нэр хүндтэй. Харин манай улстай адил төрийн шагнал нь төрийн тэргүүнийхээ халаасанд багтдаг улс дэлхийд хэр олон байдаг бол. Монгол Улсын III Их Хурлаас 1926 онд “Бичгийн гавьяа” болон “Цэргийн гавьяа”-ны одонг бий болгосноор төрийн шагналууд үүссэн гэж үздэг. Үүнээс хойш улсын цол, одон, медалийг цэгцлэх, эрх зүйн актуудыг нэгтгэхээр 1936, 1941, 1963, 1990 онд “оролдож" байжээ. Гэсэн хэдий ч өнөөдөр төрийн дээд одон медалиуд 1960-1970 оны зохицуулалтаар эзэндээ хүрсээр буй. Тэр ч бүү хэл зарим одон тэмдэг дээр төрийн сүлд хуучнаараа байгаа гэдэг нь энэ тогтолцоо ямар хуучирсан болохыг илтгэх биз. Чухамдаа энэ байдалд хүргэхэд чухал нөлөө үзүүлсэн эрхмүүд бол Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч юм.
 
Тухайлбал, тав дахь тэргүүн Ц.Элбэгдорж найман жил энэ албыг хашихдаа өөрт байгаа боломжийнхоо хүрээнд төрийн шагналын системд нэмэлт өөрчлөлт оруулж найзуудын шагнал болгочихсон. Үүнийгээ ч чадамгай ашиглаж, Б.Баабар, Б.Цэнддоо, Д.Сосорбарам мөн хайртай дүү дуучин Д.Болдод Төрийн соёрхолт, УИХ-ын гишүүн асан А.Бакейд гавьяат, Э.Бат-Үүлд Улсын баатар, Р.Гончигдоржид “Чингис хааны одон” гэх зэргээр үргэлжилнэ.Мөн тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг бүрэн эрхийн хугацаанд тамирчин Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, Д.Цэрэнтогтох, М.Даваажаргал, дуучин Б.Зангад, Л.Цогзолмаа, зохиолч Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, “Гацуурт”-ын Л.Чинбат, малчин Г.Санпил, сансрын нисэгч М.Ганзориг, хуульч Б.Чимэд, МИАТ-ийн Р.Батнасан, “Багануур” компанийн машинч Н.Мөнхбаяр, агрономич Ш.Мардаан, дархан мэргэн А.Цэвээн, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Очирбат нарын 20 гаруй хүнд олгожээ. Салбараар нь авч үзвэл олимпод өндөр амжилт үзүүлсэн он жилүүдтэй холбоотойгоор тамирчид дийлэнх хувийг нь эзэлж буй бол эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт гар татсан байдал анзаарагдаж буй. Гэсэн хэдий ч найман жилийн хугацаанд 20 гаруй хүнд төрийн дээд одон медалийг түгээсэн нь чамлахааргүй үзүүлэлт. Үнэндээ өнгөрсөн хэдхэн жилийн хугацаанд төрийн шагнал гэхээсээ илүүтэй Ц.Элбэгдоржийн шагнал гэвэл илүү тохирч мэдэхээр байдал ч бий болоод байв. Түүнээс өмнө бүтээлч, хөдөлмөрч бие иргэнийг шагнадаг байсан бол Монгол Улсын тав дахь тэргүүн зөвхөн дууны үгийг Төрийн соёрхлоор шагнаж хүртэл “тодорч” байсныг бид мэдэх билээ. Энэ шагналтай холбогдуулан түүх сөхөж үзвэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Д.Даваажавыг 1957 оны арванхоёрдугаар сарын 25-ны тогтоолоор анхлан шагнаснаас хойш эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн дэлхийн ууган аварга Соронзонболдын Батцэцэг хүртэл нийт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтон 420 орчим төрөөд байна. Энэ хугацаанд Ардын хувьсгалын түүхэн тэгш ойн жилүүдэд тус шагналын “түгээлт” бусад оноос эрс өсдөг байжээ. Хамгийн энгийн жишээ гэхэд Ардын хувьсгалын 70 жилийн ой буюу 1991 онд 40 иргэнд Хөдөлмөрийн баатар цолны тэмдэг зүүж өгчээ.Харин босго өндөртэй атлаа болзол багатай төрийн энэ шагналыг Д.Пүрэвдорж агсанд “Чингис” шүлгээс нь болоод зургаан удаа өгөлгүй буцааж байсан тухай ахмадууд өгуүлдэг. Харин О.Дашбалбар агсныг Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайтай таарамжгүй байснаас болоод долоон удаа буцааж байсан ч гэдэг юм. Тэгвэл төрийн шинэ тэргүүн, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга эрх мэдпээ аваад сарын хугацааг ч туулж амжилгүй одон “түгээлтийн” ажилд ханцуй шамлан оров. Өмнөх Ерөнхийлөгч дууны үг, хөшөө дурсгал зэрэгт төрийн данстай одон тэмдэг олгож болоод байсан учир шинэ Ерөнхийлөгчөө “Төрийн шагналыг төмсөнд өгье” гэж уриалмаар байна. Учир нь зарим нэгэн хүнээс ч илүү ашиг тустай, зарим улстөрчөөс ч илүү үр нөлөөтэй, сайн сортын төмс манай хөрсөнд ургаж байна. Тэднийг төр соёрхох юу нь буруу гэж. Тэртэй тэргүй энэ шагналууд чинь аль эрт эзнээ олчихсон, ээлжээ хүлээж байдаг юм гэсэн биз дээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд Хөдөлмөрийн баатарын тэмдгийг дэлхийн аварга, олимп дэлхийн хос медальт энэ цаг үеийн шилдэг тамирчин С.Батцэцэгийн энгэрт зүүж өгснөөр гараагаа тун амжилттай эхэллээ. Үнэндээ С.Батцэцэг энэ алдрыг хүртэх хэмжээний тамирчин мөн үү гэвэл, тийм. Энэ хялбархан дүгнэлттэй маргах хүн ч гарахгүй биз. Гэтэл мань хүн Хөдөлмөрийн баатар цолоо авч гарч ирэнгүүтээ “2020 оны олимпыг хүлээж байна. Тиймээс ирэх жилээс эхлэн цуврал тэмцээндээ амжилттай оролцохын тулд бүх хүчээ дайчилна” хэмээн ярив.
 
Түүний энэ яриа бахархалтай хэдий ч нөгөө талдаа тун харамсалтай санагдав. Хэрэв тэрбээр 2020 оны олимпын дэвжээнд төрийн алтан соёмбот далбааг мандуулж, мөрөөдлөө биелүүлээд ирвэл Монголын төр энэ бүсгүйд өгөх “юм” юу ч байхгүй. Ёстой л орчин цагийн хэллэгээр онигоо болохгүйн тулд “Чингисийн одон” өгч, Монгол бахархлын өдрийн тогтсон уламжлалыг эвдэхээс өөр гарц байхгүй. Яг ийм байдал 2012 онд мөн л үүссэн. Тодруулбал, монгол түмний хайртай хүү Найдангийн Түвшинбаяр 2012 оны олимпын дэд аварга болж элэг нэгтнүүдээ дахиад л баярлуулсан. Түүнийг ирэх сургаар жирийн монгол залуучууд нисэх онгоцны буудал руу давхилдаад л. “Барилдах гэж, баярлуулах л гэж төрсөн хүн” болохыг нь хөгшин залуугүй мэдрээд л... Мөн ч сайхан цаг хугацаа байсан даа. Гэтэл Монгол төрийн тэргүүний халаасанд түүний өөдөөс сарвайх юу ч үлдээгүй нь ичмээр. Мэдээж Засгийн газраас тогтоосон урамшуулал мөнгийг өгсөн л байх. Гэхдээ л албан өрөөндөө хүлээж аваад энгэрийг нь цоолчих шагналыг Ц.Элбэгдорж үлдээгээгүй юм. Өөрөөр хэлбэл, 2008 онд төрийн шагналуудаа тэгж бөөндөөгүй байсан бол Монгол төрийн тэргүүн өгөх бэлэгтэй, монголчууд дахин нэг бахархах үзэлтэй байх байв. Магадгүй энэ байдал 2020 онд дахин давтахыг ч үгүйсгэх аргагүй. С.Батцэцэг жиндээ нэлээд ахмаддаа тооцогдох, түүний эсрэг шинэ тамирчид хүч түрэн гарч ирж байгааг бид мэднэ. Гэхдээ л энэ бүхэн 2020 оны олимод амжилт гаргахгүй гэсэн баталгаа яав ч биш. Мэдээж С.Батцэцэг, Н.Түвшинбаяр тэргүүтэй тив дэлхийн алдартнуудын хөдөлмөрийг төр үнэлснийг буруутгаагүй. Чухам хэдийд өглөгч тэргүүн болж жүжиглэх вэ гэдгийг сайтар бодох шаардлага эртнээс тулгарч байгаа учраас л энэ.
 
Д.Ганбаатар
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин