sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багш нарын цалин нэмэгдүүлэх Түр хорооноос багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг энэ оны есдүгээр сард багтаан 1 сая 600 мянган төгрөгт хүргэхийг Засгийн газраас шаардлаа. Шаардлага биелүүлэхгүй бол ирэх хичээлийн жилийн эхний өдрөөс хугацаагүй ажил хаялт зарлана гэв.  
 
Хөдөө орон нутгийн сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/ болон ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн багш нараас бүрдсэн “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо” /БЦНТХ/-ны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Түр хорооны ерөнхий зохицуулагч н.Мөнхтуяа болон н.Бат-Эрдэнэ, н.Лувсандорж, н.Пүрэвсүрэн, н.Энх-Амгалан болон түр хорооны гишүүд оролцсон юм.
 
Түр хорооноос энэ сарын 10- ны өдрөөс  өнөөдрийг хүртэлх хугацаанд “Багшдаа тусалъя", "Багш багшаа хайрлая” фейсбүүк группт явуулсан санал асуулгын дүнг үндэслэн Засгийн газарт дараах дөрвөн заалт бүхий гурван шаардлагыг хүргүүлж байгаа аж. 
 
Үүнд:
Сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/ болон ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг 2017 оны есдүгээр сард багтаан 1 сая 600 мянган төгрөгт хүргэх, 
Багш мэргэжлийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор тооцож төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж, эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх, багшийн цалингийн шатлалыг шинээр бий болгож мөрдөх,
2020 он гэхэд боловсролын чанарыг дэлхийн шилдэг жишигт хүргэх төслийг бодитой бүрдүүлэх зорилгоор багшийн цалинг 2500 ам.долларт дүйцэх хэмжээнд хүргэх, багшийн цалин хөтөлбөрийг 2017 онд багтаан боловсруулж хэрэгжүүлэх” зэрэг багтаж байна. 
Уг шаардлагын хариуг энэ сарын 24-ний өдөрт багтаан “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-нд ирүүлэхийг шаардсан юм. Одоогийн байдлаар Түр хороонд 18 аймаг, гурван хот, есөн дүүргийн 30 гаруй мянган багш нэгдээд байна. Хэрэв шаардлагыг үл тоож, арга хэмжээ аваагүй тохиолдолд 2017-2018 хичээлийн жилийн эхний өдөр болох есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаяж, цаашид үргэлжлүүлэн тэмцлийн хурц хэлбэрүүдийг ашиглах болно гэдгээ мэдэгдсэн юм.
 
Өнөөдрийн байдлаар багшийн үндсэн цалин ТҮБД-4  буюу 535-608 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ шатлалын үндсэн цалингаар багш өөрийн ахуйн амьдрал болоод ажил албаа мэргэжлийн түвшинд явуулахад хүндрэлтэй. Дийлэнх багш нар цалингийн зээлтэй бөгөөд зээлийн хүү өндөр учир гар дээрээ авч буй мөнгө хүрэлцэхгүй байгааг тайлбарлаж байсан юм.
 
Т.Есүхэйтөмөр
Эх сурвалж: Монцамэ агентлаг