sonin.mn


"Баясгалан" хэмээх усан луу жилийг гарангуут, уул хангайгаа тольдон мэлмийгээ баясгаад авахаар шийдэж,Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн нутаг болох Дорноговь аймгийн Сайншанд хотыг зорилоо. Хэний ч сэтгэлд уяатай Хэрлэнгээ орхиод гарахад, шинийн гуравны наран цасан дээр гялтаганаж, Хан Хэнтийчүүд Өндөрхаан ууландаа өглөг буян, өлзий хишгээ даатган золгохоор зорьж, уяачдынх нь уяж сойсон хурдан морьд уралдааны замд гарахад бэлэн болчихсон, унаач хүүхдүүдийн сэтгэл догдолсон өглөө байсан билээ.

Энэ бүхэнд сэтгэл хоргодон байсан ч, элэг нэгт ахан дүүсийн сэтгэлийн аялгуу эгшигтэй алд цэнхэр хадаг хурайлан даллаад байсан болохоор, дахин давтагдашгүй Данзанравжаагийн нутгаар аялах хүсэлд арай л илүү хүчтэй татагдаж байв.

Хөрлөж битүүрсэн замаар цас хагалан бутаргаж явсан бид Дорноговийн Зүлэгт сум руу оруут хавар, намрын аль нь болохыг андуурмаар тогтуун сэвэлзсэн зөөлөн салхи сөрж, шороон замаар тоосыг ч харин нэг суунаглуулж өгсөн шүү. Шаргалтсан говь нутгийн ганга сугаар эргэлдсэн зээрийн сүрэг налайж, машины чимээнээр ханаран хуйлрах нь хараа булааж, өмнөхөн нь цас манаруулж явсан биднийг байгаль дэлхий алмайруулж орхихуйд ертөнц дахинд өөрийн эрхгүй бишрэл төрөх юм билээ.

Монголчуудыг амьдралып арга ухаанд билгүүн төгөлдер сургаалиар соён гэгээрүүлсэн, алдарт бүтээлүүдээ туурвин цаглашгүйг бүтээж, түмэн олондоо өвлүүлэн үлдээсэн "Ноён хутагт"-ын амьдарч байсан газар болох "Хамрын хийд", дэлхийн энергийн төв гэгдэх "Шамбалын орон", хүслийг биелүүлэгч "Хан Баянзүрх хайрхан" зэрэг газруудаар анх удаа хөл тавьж буйдаа баярлан, сүсэглэн залбирч, итгэлийн өргөл бүхнийг бие, сэтгэлээр үйлдэж явсан бөлгөө.

Анхлан 1821 онд байгуулагдсан"Хамрын хийд"-ийг өдгөө зорин очих хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж, монголын төдийгүй, дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хүрэлцэн ирж, сүсэглэн залбирдаг гэхээр, "Ноён хутагт"-ын алдар суу, агуу бүтээл нь үеийн үед, үрийн үрд өвлөгдөн дурсагдах нь илэрхий юм. Үүнийг тус хийдийн гэсгүй лам Ш.Баатарын яриа ийнхүү баталж байлаа.

"Манайд өнөөдөр дэлхийн 150 гаруй орон, 21 аймаг, дөрвөн хот, 340 гаруй сумын ихэнх хүмүүс хүрэлцэн ирдэг. Бид өнөөдөр байгалийн сайхныг үзье гэвэл монголын "Швейцарь" гэж алдаршсан Хөвсгөл нутаг, говийг нь үзье гэвэл Өмнөговийн Ёлын ам, Гурван сайхан, талыг нь үзье гэвэл Дорнодын уудам нутгийг үзэж болж байна. Тэгвэл өнөөдөр бидний эрлийн үзүүрт "энерги буюу эрчим хүч", хутаггын номын жанлав оршисоор энэ нутагт хөлтэй бүхэн зорин ирээд байгаа юм.

Манай хутагтын 1820 гаруй онд байгуулсан "Өвгөн суварга" болон "Хамрын хийд" 1937 оны их хэлмэгдүүлэлтэд өртөж, өдгөө энэ хийд орон байгаа газар маань бараг тал тоосго ч харагдахгүй болтлоо хавтгайрсан түүхтэй. 1990 оны үеэс сүсэгтэн олны сэтгэлийн их өглөг буянаар дахин сэргээгдэж одоогийн байдлаар 14 лам хуварга шавилан сууж сүсэгтэн олондоо үйлчилж байна. Өнгөрсөн жил эдүгээ сүндэрлээд буй "Өвгөн суварга"-ыг дахин цогцлоосон.

Дэлхийд нэгд бичигдэх энэ суваргын маань өндөр нь 32 м, суурийн голч нь 32 м, тал талдаа язгуурын таван бурхны дүр бүхий монгол гэр хэлбэртэй дээд цамхаг нь оройдоо монгол гүмний дээд шүтээн алтан соёмботой. Доод суурин хэсэгтээ мөргөлийн танхимтай ловон лам нарын бодисадва дүрийг залж, тайлбаруудыг байрлуулсан. Ер нь улааны шашин, шарын шашин хоёр нэг дор хэзээ ч байгаагүй. Тэгвэл энэ хоёр шашинг оонын хоёр эвэр шиг нэг дор хослуулан бид үйл ажиллагаа явуулсаар хорин хэдэн жил боллоо" хэмээн хуучлав.

Тус хийдэд хуран цугларсан хүмүүсийн дийлэнх нь говийхон байсан бөгөөд хол ойр, хот газраас "энерги" хураахаар ирсэн зочдын хөл хөдөлгөөн ч дутуугүй байлаа. Одоогоос 187 жилийн өмнө бүтээгдэж асан "Өвгөн суварга" их шүтээнээ буурин дээр нь дахин сэргээсэн хутагтын нутгийнхан өв соёлоо мөнхжүүлэх үйлст далай мэт цаглашгүй буянаа хайрлаж авшиг хүртэж, ажил үйлсээ даатган суудаг шүтлэгтэй хүмүүс болох нь анзаарагдсан.

Морилон ирж буй усан луу жилийн заслаа хийлгэхээр цугларсан түмэн олон, номын айлтгалд сүслэн залбирч байсан нь хүртэл түүний илрэл гэмээр. Үзэж харах зүйл мундахгүй их байсан ч богинохон цаг хугацаатай уралдан эмэгтэйчүүдийн сүлд овоо болох "Мээм хад"-нд залбирч сүү өргөн анхилуун үнэрт нь хэсэг нялхраад авав. Аялал үргэлжлэн эргэн тойрноо ариусгагч хонхыг нэг нэгээрээ цохиж баясаад, дэлхийд хоёрхон гэгдэх "Шамбалын орон" буюу "Энергийн төв"-д очиж, хутагтын "Үлэмжийн чанар" дууг эгшиглүүлэн энерги аваад,бясалгал хийдэг байсан гэх сонин тогтоцтой хадан агуйнуудыг нь үзэж сонирхлоо.

Энэхүү хадан "өргөө"-ний үүх түүхийг монголчууд ихэнх нь мэдэх учир энд өгүүлсэнгүй орхилоо. Байгаль ээжийн гайхалтай тогтоц гэхээс өөрийг хэлж чадамгүй "Эхийн умай" гэгдэх хадны завсараар орж дахин төрсөн мэт сүсэглэн буухдаа хөтлөлцөн номын ахан дүүсийн барилдлага тогтоох зан үйл үйлдсэн билээ.
Эндээс "Хүслийн уул"буюу "Хан Баянзүрх хайрхан" уулыг зорин очлоо. Зэрэглээтсэн тал нутагг цоройлон тогтсон сүрлэг "хар уул"-ыг өвлийн улиралд зорин ирэгсэд цөөнгүй байгааг ажиглавал, урин цагт усны шувууд шиг зорих зочид олон байх нь аргагүй л юм байна гэмээр.

Зочид хөлөглөж ирсэн унаагаа хормой бэлд нь орхиод оройг нь хүртэл шигтгэж суулгасан урт шатаар цувран алхацгаана. Энгэрт нь зул мандаадаг өргөө болон хүслээ бичиж шатаадаг войпортой, мөн сүсэгтэн олон "хар идээ" болох архийг хундаглан өргөдөг ажээ. Хүнээр бол уулын цээжин хавьд нь эмэгтэй хүний овоо босгож хадаг яндар, идээ будаа, арц хүж багсарсан байлаа.

Харин "хар уул"-ын оройн хэсэг буюу тэргүүн дээр нь эр хүн гардаг жамтай учир манай эрчүүд хийморио сэргээж, орой дээрээс нь "Ноён хутагт"-ын сахиусанд хишиг буян, гэр бүл ахан дүүсээ даатган залбирсаар бууж ирлээ. Ийнхүү бидний аялал өндөрлөж, сүсэгтэн олны босгосон суваргуудыг гороолсоор, "хар уул"-аа тойрон хөлгийн жолоог эргүүлэв.

Урьд нь цөөнгүй ирж байсан хүмүүсийн амнаас"хайрхан"-ы эрх ямаанууд нь харагдахгүй байна. Гар дээрээс идээ будаа идэж, архи уудаг байсан юм" гэх сонстлоо. Зарим нэг нь "ямааны арьс, ноолуур үнэтэй байгаа болохоор "чад" болгочихсон биз" хэмээн хөөрөлдөх ажээ. Ямартаа ч мөнгө төлж "хятад зул" мандаадаг, "Шамбалын орон" буюу "Энергийн төв" рүү орохдоо 500-аар тасалбар авдгийг эс тооцвол байгалийн сайхныг хүссэнээрээ үзэж тольдсон.

Байгаль эхээ хайрлан хамгаалж, сүсэглэн шүтээд баялгийг нь ашиглах монголчуудын бахархал. Тэр тусмаа мод чулууг нь хөндөлгүйгээр бишрэн шүтэж, онгон дагшин хэвээр нь хайрлан хамгаалвал илүү их бахархал болох нь хутагтын бясгалгалын хадан агуйнаас харагдаж байсан билээ. Мөн Зүлэгт сумаас холгүйхэн, хуучнаар Их хэт сумын урд биеэр орших ургаа хаднууд бидний сэтгэлийг эрхгүй хөдөлгөж байв.

Хүрээлэн тогтсон их хадны хэсэгхэн газарт саатаж дээгүүр доогуур нь гүйж зураг авах агшинд, заримынх нь гярхай нүдэнд хос арслан, мэлхий, заан, хүний нүүр царай хүртэл дүрслэгдэн бууж, сэтгэл баясгаж байсныг дурьдмаар санагдлаа. Хүмүүс бид тэнгэр газрын гэгээн мэлмийнд тааваараа эрх дураараа хөлхөлдөн, хөтлөлцөн амьдарч буйгаа, үнэхээр бурхан байдаг бол "бурхны хишиг" гэхээс өөр юу гэлтэй билээ хэмээн шүүрс алдахад хүрсэн шүү.

Ш.Одонтуяа
Эх сурвалж: "Хэнтийн мэдээ"