sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулгад Ард түмний онц түр зөвлөл (АТОЗ) ТББ-аас оффшор бүст байршиж буй 1.5 тэрбум ам.долларын хөрөнгийн нарийвчилсан задаргааг өнөөдөр хүргүүлэх болжээ.
 
Энэ талаар өнөөдөр тус зөвлөлийн тэргүүн С.Батчулуун АТГ-ын гадна талбайд мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Бид энэ оны гуравдугаар сарын 02-нд АТГ-т эрх мэдэл бүхий этгээдүүдийн оффшор бүст байрлуулсан 1.5 сая ам.доллартай холбоотой баримт бичгийн нарийвчилсан задаргааг хүргүүлсэн. Энэ бичигт оффшор бүст данстай этгээдүүд гадаадад зорчсон тухай Монголын болоод бусад орны хилийн байгууллагуудын нотолгоо болон бусад бүхий л баримтыг хавсаргасан. Хууль, хяналтын байгууллагаас мөрдөн байцаалт явуулахгүйгээр шууд баривчлан хариуцлага тооцох хэмжээний чухал баримтууд бий. Гэвч өнгөрсөн хугацаанд ямар ч арга хэмжээ авсангүй. Тиймээс энэ баримтыг өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлнэ. Жирийн эмч нар 600 мянган төгрөгийн цалин аваад хүний амь аварч байхад 6 сая төгрөгийн цалинтай АТГ-ын дарга эх орныхоо төлөө зүтгэхгүй байна. Тиймээс АТГ-ын удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эсхүл энэхүү байгууллагыг татан буулгахыг төрийн өндөрлөгүүдээс шаардана. Энэ байгууллага Монголын гурван сая иргэний төлөө ажиллах ёстой болохоос оффшор бүст данстай, хууль зөрчигчдийг хамгаалах ёсгүй” хэмээв.
 
Энэ оны дөрөвдүгээр сард УИХ оффшор бүст данс эзэмшихийг хориглох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан. Гэвч энэ хуульд оффшор бүст данстай иргэдийг хамгаалсан заалт орсон хэмээн үзэж буйгаа АТОЗ-ийн гишүүд үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тус хуулийг батлагдсан өдрөөс хойш оффшор бүст данс эзэмшсэн эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцохоор заасан. Ингэснээр хууль батлагдахаас өмнө оффшор бүст 17 тэрбум төгрөг байрлуулсан нэр бүхий этгээдүүдэд хариуцлаг тооцох боломжийг хаасан гэлээ. Тиймээс энэхүү хуулийг хүчингүй болгож, дахин боловсруулахыг УИХ-аас шаардах аж.
 
Тус зөвлөлийн гишүүд өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд АТГ-ын гадна талбайд байрлаж, оффшор бүст данстай албан тушаалтнуудад хариуцлага тооцож хөрөнгийг эх орондоо эгүүлэн татах, АТГ-ын удирдлагуудыг огцруулах шаардлагад иргэдийн гарын үсгийг цуглуулах болжээ. Цуглуулсан гарын үсгийг шаардлагын хамт төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх аж.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг