sonin.mn
БЕРЛИН. /Би-Би-Си/. Дэлхийн I дайны үед живсэн Германы усанд шумбагч хөлөг онгоцны үлдэгдэл Хойд тэнгисээс олдсон бөгөөд дотор нь 23 хүний цогцос байх магадлалтай гэж албаны хүмүүс үзэж байгаа тухай Би-Би-Си агентлаг мэдээлэв.   
 
“УБ-II” загварын шумбагч онгоц Бельгийн эрэг орчимд 30 метрийн гүнд муудалгүй хадгалагдаж үлдсэн байжээ.  “Уг шумбагч онгоц маш сайн хадгалагдаж үлдсэн бөгөөд түүн дотор байсан хүмүүсийн цогцос одоо хүртэл онгоцон дотроо байгаа” гэж Бельгийн Баруун Фландер мужийн засаг дарга Карл Декалюве хэлсэн байна.
 
Онгоц тэсрэх бөмбөгт өртөж дэлбэрсний улмаас живсэн гэж үздэг бөгөөд шумбагч онгоцонд хүмүүс ойртож очих, хулгайлах, гэмтээхээс сэргийлж онгоцны байрлалыг нууцалж байгаа ажээ.
 
Уг олдсон онгоц Остенде боомтын ойролцоо байна гэж Флемишийн баттай бус эх сурвалжаас мэдээлсэн байна. Тэнгисийн гүнд баруун талаараа хэвтэж буй онгоцон дотор 23 хүний цогцос байх магадлалтай гэж Германы элчин сайд мэдэгдсэн байна. Ийм төрлийн шумбагч онгоц 22 гишүүнтэй, нэг даргатай байдаг байна.
 
Хэдийгээр маш сайн нөхцөлд хадгалагдаж үлдсэн ч гэсэн онгоцны дээд тал нилээн гэмтсэн байдалтай байна. Хөлгийн хошуу хамгийн их эвдэрч гэмтсэн байгаа бөгөөд харин хаалга нь хаалттай хэвээр байгаа юм байна. Жолоодлогын цамхаг нь эвдрээгүй хадгалагдаж үлдсэн бөгөөд яндан дуран нь ч мөн харах боломжтой байгаа гэнэ. Хоёр торпедийн аппарат онгоцноос зайтай газраас олдсон байна. Шумбагч онгоц кабельд орооцолдох үед тэсрэх бөмбөг салсан байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна.   
 
Бельгийн эрэг орчмоос Дэлхийн I дайны үеийн Германы 11 шумбагч онгоц олдож байсан бөгөөд уг олдсон шумбагч онгоц хамгийн сайн хадгалагдаж үлдсэн нь ажээ. "УБ-II" шумбагч онгоц нь 1915-1916 онд бүтээгдсэн бөгөөд 50 метр хүртэл гүнд шумбах чадалтай юм.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг