sonin.mn
ОТТАВА. /Америкийн дуу хоолой/. Жирэмсэн байхдаа фторидтой ус уух нь хүүхдийн “Ай кью” буюу оюуны чадварыг бууруулдаг болохыг Канад болон АНУ-ын их сургуулиудын судлаачид тогтоожээ гэж "Америкийн дуу хоолой" агентлаг мэдээлсэн байна.
 
Олон улс оронд, тухайлбал Канадад шүдний цоорлыг багасгахын тулд хэдэн арван жилийн тэртээгээс ундны усандаа фтор нэмж хэрэглэдэг болжээ. Фтор урвалд орсноор “фторид” хэмээх органик бус нэгдэл болдог аж. Судалгаа хийсэн эрдэмтэн судлаачдын хэлснээр, фторид нь хүүхдийн мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдөг байна.
 
Фторид хүний биед хэрхэн нөлөөлдөг болох талаарх анхны судалгааг Торонтогийн их сургуулийн байгаль орчны эрүүл мэнд ба эпидемиологийн профессор Ховард Ху удирджээ.
 
Судалгааг хийхэд Канадын Макгиллын их сургууль болон АНУ-ын Харвардын их сургуулийн судлаачид оролцсон байна.
 
Судалгааны тайлан Америкийн “Байгаль орчны эрүүл мэндийн хэтийн төлөв” /Environmental Health Perspectives/ сар тутмын сэтгүүлд нийтлэгджээ.
 
Судлаачид 1994-2005 онд Мехико хотын 287 эх, хүүхдээс авсан шээсний шинжилгээг судалсан байна. Тодруулбал, эхчүүдээс жирэмсэн байхад нь авсан болон тэднээс төрсөн 6-12 насны хүүхдүүдээс авсан шээсний шинжилгээний дээжийг судалжээ.
 
Тэд эхлээд хүүхдүүдээс 4 настай байхад, дараа нь 6-12 настай байхад нь “Ай кью”-гийн шалгалт авсан аж.  Ингэхэд, жирэмсэн байхдаа фторид ихтэй ус хэрэглэж байсан болон бага хэрэглэж байсан эмэгтэйчүүдийн хүүхдүүд хоорондын “Ай кью” мэдэгдэхүйц ялгаатай байжээ.
 
Профессор Ху хэлэхдээ “Эцэст нь бид “Фторид нь ургийн тархины хөгжлийн хурдыг удаашруулдаг байж болзошгүй” гэж дүгнэхэд хүрсэн. Бид энэ төрлийн анхны судалгааг хийлээ. Илүү нарийвчилсан судалгаа хийх нь зүйтэй” гэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг