sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Мексикт энэ долоо хоногийн мягмар гарагт 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 230 болж нэмэгдээд байна гэж Оросын “ТАСС” агентлаг мэдээллээ.
 
Мексикийн Иргэний хамгааллын газрын “Твиттер” хуудсанд бичсэнээр, нийслэл Мехико хотод л гэхэд газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 100 болоод байна. Нийтдээ 230 хүн амиа алдсан нь одоогоор тогтоогдоод байгаа аж.
 
Аврагчид 24 цагийн турш аврах ажиллагаа өрнүүлж байна.
 
Тус улсын Ерөнхийлөгч Энрике Пена Нето хэлэхдээ “Байшин барилгын нурангинд дарагдсан хүмүүсийг аврахаар аврагчид цаг нартай уралдан ажиллаж байна. Гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахын тулд байж болох бүх арга хэмжээг авахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон” гэжээ.
 
Тус улсын Газар хөдлөлт судлалын газрын мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн голомт нь нийслэл хотоос 120 км зайтай газарт, 57 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн дараа 10 гаруй удаа чичирхийлэл мэдрэгдсэн гэнэ.
 
Мексик нь газар хөдлөлтөд өртөмтгий улсуудын нэг юм. Тус улсад энэ сарын эхээр 8.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 90 гаруй хүн амиа алдсан билээ. Энэ нь тус улсад сүүлийн 100 жилийн хугацаанд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт байсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг