sonin.mn
САН-ХУАН. /Ройтерс/. “Мария” хар салхи дайрсны улмаас 3.5 сая хүн амтай Пуэрто-Рико арал бүхэлдээ гэрэл цахилгаангүй болоод байна гэж тус арлын Онцгой байдлын ерөнхий газрын /ОБЕГ/ албаны хүмүүс мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжилжээ.
 
Пуэрто-Рикогийн ОБЕГ-ын дарга Абнер Гомес лхагва гарагийн орой мэдэгдэл хийхдээ “Энд гэрэл цахилгаан ашиглаж байгаа нэг ч хүн алга” гэжээ.
 
“Мария” хар салхинаас үүдэлтэй үерт Пуэрто-Рико арлын бараг тэн хагас нь автаад байна гэж АНУ-ын Хар салхинаас анхааруулах үндэсний төв мэдэгдсэн байна.
 
АНУ-ын удирдлага дор байдаг тус арлын захирагч Рикардо Роселло орон нутгийн цагаар лхагва гарагаас бямба гараг хүртэлх хугацаанд  18:00  цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоожээ.
 
“Мария”  нь сүүлийн бараг 100 жилийн хугацаанд тус арлыг дайрч өнгөрсөн хамгийн хүчтэй хар салхи аж.
 
Арлын захирагчийн ярьснаар, 250 км/ц-ийн хурдтай “Мария” хар салхи замд таарсан бүхнээ сүйтгэж, модыг үндсээр нь сугалж, цахилгааны шугамуудыг унагаажээ.
 
Өнгөрсөн даваа гарагт энэ хар салхи Доминика улсыг дайрсны улмаас 7 хүн амиа алдаж, их хэмжээний эд материалын хохирол учирсан юм.
 
Засгийн газрын өр нь 73 тэрбум доллар даваад буй Пуэрто-Рикогийн санхүүгийн хямралыг энэ хар салхинаас учирсан хохирол улам гүнзгийрүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
 
Тус арал гамшиг зарласан тохиолдолд АНУ-ын Засгийн газраас сэргээн босгох ажлын санхүүжилтийг гаргуулах боломжтой гэнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг