sonin.mn
ДАМАСК. /Америкийн дуу хоолой/. Сирид "Лалын улс" бүлэглэлийн зэвсэгт дайчидтай хийсэн тулалдааны үеэр ОХУ-ын зэвсэгт хүчний генерал амиа алдсан тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.
 
ОХУ-ын зэвсэгт хүчний дивизийн захирагч, генерал Валерий Ассапов “Лалын улс" бүлэглэлийн дайчдын бөмбөгдөлтөнд өртөж  амь үрэгдлээ” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээг иш татан Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. 
 
Тэрбээр Сирийн засгийн газрын цэргийн Дайр-эз-Заур хотыг чөлөөлөх ажиллагааны гол зөвлөхүүдийн нэг байсан ажээ. Дайр-эз-Заур хот нь Сирийн Ирак улстай хиллэдэг зүүн хэсэгт оршдог бөгөөд газрын тос болон байгалийн хийн баялагийн нөөцтэй учир "Лалын улс" бүлэглэлийн хувьд орлогын гол эх үүсвэр нь болдог юм. 
 
Сирийн Засгийн газар болон холбоотны цэргүүд "Лалын улс" бүлэглэлийнхэнтэй хийх тулалдааны гол талбар болж байсан Дайр-эз-Заур хотын хойд хэсэг болон Ракка хотын өмнөд хэсгийг эзэлж авсан байна.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг