sonin.mn
ОСАКА. /Киодо/. Японы Осака хотын дээгүүр нисэж байсан онгоцны далавчны хэсэг доош унасны улмаас нэг автомашин эвдэрч гэмтсэн тухай тус улсын “Киодо” агентлаг мэдээллээ.
 
5 орчим кг жинтэй уг биет нь бямба гарагт Кансайн олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн Нидерландын “Кэй-Эл-Эм” иргэний агаарын тээврийн компанийн “Боинг-777” онгоцны далавчны нэг хэсэг байжээ.
 
Уг биет 2000 гаруй метрийн өндрөөс унасны улмаас машины дээвэр цөмөрч, арын цонх нь хагарсан байна. Аз болоход нэг ч хүн бэртэж гэмтээгүй гэнэ.
 
300 гаруй зорчигч тээвэрлэж явсан “Боинг-777”  онгоц Амстердам хотод аюулгүй газарджээ.
 
“Ийм хэрэг болсонд харамсаж байна. Холбогдох албаны хүмүүс энэ хэргийг шалгаж эхэлсэн” гэж “Кэй-Эл-Эм” компани мэдэгдсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг