sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын Цагдаагийн алба, МҮОНР-той хамтран хэрэгжүүлж буй “Аз жаргалтай гудамж” бүтээлч аяны хүрээнд бага насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ST design” ХХК нь харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай дунд сургуулийн 105 сурагчдад “Гэрэлт цох” цацруулагч бүхий наалтыг үнэ төлбөргүй хийж өглөө.
 
Цацруулагч нь харанхуй бүрэнхий үед жолоочид харагдах магадлалыг 40 хувиар нэмэгдүүлдэг бөгөөд хамгийн холдоо 350 метрээс чөлөөтэй харагддаг гэсэн судалгаа бий.
Олон улсын хувцас үйлдвэрлэлийн стандартын дагуу насны ангиллаас хамаарч хүүхдийн хувцасны 3-5 хувь нь цацруулагчтай байх ёстой гэж заасан байдаг. Сүүлийн үеийн бренд хувцаснуудын шилбэ, халаас, цахилгаан, мөр зэрэг хэсэгт цацруулагч оруулж өгдөг болсон бөгөөд энэ нь тухайн иргэний аюулгүй байдлыг хангах гол хэрэгслийн нэг юм.
Ийнхүү эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажилд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажиллахыг Замын цагдаагийн газраас уриалж байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг