sonin.mn
ЛОНДОН. /Би-Би-Си/. Өнөөдөр нэгэн астероид буюу сансрын биет эх дэлхийгээс 42 мянга орчим км зайтай нисэж өнгөрөхөөр байна гэж АНУ-ын Сансрын уудам, агаарын орон зайг шинжлэх судлах төв буюу НАСА агентлаг мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжилжээ.
 
 “2012 TC4” энэ сансрын биет нь эх дэлхий болоод хиймэл дагуулуудад ямар нэгэн аюул учруулахгүй, харин ч астериодоос сэрэмжлүүлэх системүүдийн үйл ажиллагааг шалгах боломж болно гэж НАСА-гийн шинжээчид мэдэгдсэн байна.
 
Судлаачид энэ биетийг анх таван жилийн өмнө олж илрүүлсэн аж. Уг астероид нь 15-30 м өргөнтэй гэнэ. Энэ нь харьцангуй жижиг сансрын биетэд тооцогдож байна. Гэхдээ хэрвээ ийм хэмжээний сансрын чулуулаг биет дэлхийг мөргөвөл аюултай. 2013 онд Оросын төвийн бүс нутгийн Челябинск хотод 20 м өргөнтэй астероид унаж дэлбэрсний улмаас үүссэн хүчтэй долгион нь 5000 орчим байшин барилгын цонхыг хагалж, 1000 гаруй хүнийг гэмтээж бэртээж байсан юм.
 
“2012 TC4”-ийг эх дэлхийн хажуугаар нисэж өнгөрөхийг олон улсын орны эрдэмтэд, одон орон судлаачид ажиглах ажээ.
 
 Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг