sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид 55 жилийн ойгоо угтан энэ сарыг “Симфони найрал хөгжмийн сар” болгон зарласан. Энэ хүрээнд хэд хэдэн онцлог бүхий “Намрын аялгуу” сонгодог концертыг энэ сарын 18-нд театрын тайзнаа толилуулна.
 
Тоглолтод театрын Симфони найрал хөгжим Германы нэрт хөгжмийн зохиолч Г.Ф.Телеманы нарийн бүрээнд зориулсан бүтээл, Рихард Штраусын “Тиль Уилиншпигелийн элдэв санаанууд” симфонийг Монголд анх удаа эгшиглүүлэх юм. Мөн Польшийн нэртэй хөгжимчин Игорь Цецохо хүрэлцэн ирж Г.Ф.Телеманы нарийн бүрээ хөгжимд зориулсан сонатыг гоцлон тоглохоос гадна театраас зохион байгуулж буй “Шилдэг цөөхүүл ба гоцлол хөгжмийн уралдаан”-ы шагналтнууд шилдэг бүтээлийн дээжсээр үзэгчдийн сонорыг мялаах нь.
 
Игорь Цецохо нь Германы гуулин хөгжмийн “B&S”, “Meister J. Scherzer” зэрэг компанийн нүүр царай болсон, олон улсын уралдааны шүүгчээр ажилладаг, Европын алдартай, нэр хүндтэй хөгжимчин юм.
 
Тоглолтыг Монгол дахь Германы ЭСЯ болон Германы гуулин хөгжмийн Крампон компани дэмжин ажиллаж байна. 
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг