sonin.mn
Москва /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-ны өдөр ОХУ-ын Сочи хотноо эхэлсэн Дэлхийн оюутан, залуучуудын XIX их наадамд 180 гаруй орны 30 мянган залуус оролцож байна.Энэхүү наадам нь 1947 онд Чехийн нийслэл Прага хотноо дэлхийн оюутан залуусыг нэгтгэх зорилготой анх зохион байгуулагдаж байжээ. Энэ удаагийн наадам хамгийн олон оролцогчтойгоороо онцлог болж байна.Наадмын оролцогчдод зориулан сонирхолтой хэлэлцүүлэг, урлаг, спорт, соёлын арга хэмжээ болон эрдэм шинжилгээ, боловсролын хөтөлбөрүүд долоо хоногийн турш болох ажээ.ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Сочи хотын “Большой” ордонд болж буй наадмыг нээн үг хэлэв. 
 
Тэрбээр "70 жилийн өмнө Дэлхийн оюутан, залуусын анхдугаар их наадам болж байжээ. Тэр үед яг та бүгд шиг 18-35 насны залуус өөрсдийн итгэл, тусч энэрэнгүй сэтгэл, эх дэлхийгээ энх тайван байлгах мөрөөдлөөр жигүүрлэн хуран чуулж байсан.Тэд чадсан гэж би бодож байна. Хүнлэг сайхан сэтгэл улс төр, шашин шүтлэг, соёлын ялгаанаас огт хамаардаггүйг тэд баталсан. Өөрсдийн ирээдүйг сайн сайхнаар бүтээх хүч та бүхэнд байгаа. Манай улсын спортын нийслэл Сочи хот та бүхнийг найрсгаар угтан авч байна” хэмээн наадамд оролцохоор ирсэн ирсэн 10 мянга гаруй гадаад, дотоодын зочдод мэндчилгээ дэвшүүлэв.
 
Дашрамд дурдахад дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан оюутан залуустай туршлагаасаа хуваалцахаар “Google” корпорацийн Гадаад бодлого хариуцсан захирал Авни Дорон, Дэлхийн Байгаль хамгаалах сангийн захирал Марко Ламбертини, зохиолч Фредерик Бегбекдер, Олон улсын хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Самура Фатма нар Сочи хотноо хүрэлцэн ирсэн байна. 
 
Л.Нандиа
Эх сурвалж: Монцамэ агентлаг