sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай -3” аяныг өрнүүлжээ.
 
Энэ талаар тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Жамъянхүү, "Хүүхдийн санаачилга, оролцоотойгоор эхэлсэн хавх хураах аян гурван жил үргэлжилж, 1434 хавхыг байгальд тавихаас сэргийллээ. Ингэснээр жилд  14 340 амьтны амь аварч байна гэсэн үг. Анх 2015 онд Ховд аймгийн Эко клубийн сурагчдын дунд зохион байгуулсан.  Ховд аймгийн Жаргалант хайрхан ууланд хавханд орсон ирвэсний дүрс автомат камерт бичигдсэнээс  үүдэн энэхүү аян бүс, улсын хэмжээнд өрнөсөн. Буугаар буудаж ан хийхийн оронд хавх тавих нь хууль хяналтынханд баригддаггүй. Тиймээс хавханд нэн ховор амьтад өртөж бэртэх, үхэж үрэгдэх тохиолдол их гарсаар байгааг таслан зогсоох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ-наас 2015 онд хавхны аян өрнүүлж эхэлсэн.
 
Аяны дүнг зөвхөн хурааж авсан хавхны тоогоор нь гаргадаггүй. Байгаль тавихаас сэргийлсэн хавхны тоо болон тухайн аймгийн байгаль орчны газраас явуулсан сургалт сурталчилгааны ажлын дүнг үндэслэдэг. Энэ жилийн аяны нэгдүгээр байрт 332 хавх цуглуулсан Баян-Өлгий аймаг, хоёрдугаар байрт 229 хавх цуглуулсан Увс аймаг, гуравдугаар байрт 100 хавх цуглуулсан Ховд аймаг шалгарч, тус бүр гурван мотоциклиор шагнуулсан. Харин Говь-Алтай аймаг 80, Завхан аймаг 34, Хөвсгөл аймаг 20 хавх хураасан дүнтэй аяны хаалтын арга хэмжээнд оролцлоо. Нийт дүнгээр 792 хавхыг байгальд тавихаас сэргийллээ. Аймгуудын хувьд хавхны эсрэг аянд урьд жилүүдээс илүү идэвхтэй оролцсон.  Нэг хавхны цаана 10 амьтны амь байдаг" гэв.
 
Хавхны аян өрнүүлснээс хойш 2016 онд 514 хавх  хураан авч, 6 сая төгрөгийн торгууль тавьсан байдаг. Мөн Гаалийн ерөнхий газраас гаргадаг хориглосон барааны жагсаалтад хавхыг багтаавал үүнээс илүү үр дүн гарах боломжтой гэдгийг орон нутгийн удирдлагууд онцолж байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг