Энэ удаагийн ярилцлагын хойморт “Ийгл” телевизийн гадаад мэдээний тоймч Гомбожавын Ганбаярыг урилаа. Түүний бэлтгэсэн гадаад мэдээний нэвтрүүлэг нь аль нэг тал руу хэлбийдэггүй, гол шугамаа барихаас гадна үзэгчдэд сонирхолтой, үзүүштэй байж чаддаг юм.
 
-Ярилцлагын урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагадаа орох уу, хоёулаа. Таны нэвтрүүлгийн бичлэг ч дууслаа... 
 
-Тэгэлгүй яах вэ. Миний ярилцлага Зэвсэгт хүчний “Соёмбо” сонинд нийтлэгдэх юм байна. Тийм үү?
 
-Тийм. Таны бэлтгэдэг гадаад мэдээний нэвтрүүлэг цэрэг, улс төр, дэлхийн орнуудын халуун сэдвийг багтааж чаддаг. Мэдээж телевиз бүрт гадаад мэдээний сэтгүүлч, тоймч байдаг. Гэхдээ та тэднээс нэвтрүүлгийнхээ өнгө аяс, ур чадвараараа эрхгүй ялгарч байна.Та хэзээнээс тоймч болов?
 
-Урмын үгэнд тань баярлалаа. Анх би “Ийгл” телевизэд гадаад мэдээний орчуулагч байсан. Тэгэхэд “Ийгл” маань Америкийн “The Associated Press” агентлагтай хамтран ажилладаг байсан үе. Гадаад мэдээний орчуулагчаар хоёр жил ажилласны дараа захирал тоймчоор ажиллах санал тавьсан. 
Тухайн үед “Ийгл” телевизийн нүүр царай болсон, олонд танигдсан сэтгүүлч, хөтлөгчидтэй хамт эфирт сууж, гадаад мэдээний тойм ярина гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Анх олон камерын өмнө суугаад ярина гэдэг амаргүй байсан. 2010 онд “Ийгл” телевизээс гарч “NTV” телевизэд дөрвөн жил ажиллаад 2014 оны наймдугаар сард “Ийгл” телевиздээ буцаж ирсэн дээ.
 
Тэр үед БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар манай улсад айлчилсан үе. Би амьдралынхаа зарим өрнөлийг айлчлал, гадаад орнуудын томоохон үйл явдалтай зэрэгцүүлж санах талдаа шүү. Барак Обама 2008 оны 11 дүгээр сарын дөрвөнд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ өдөр бас л миний төрсөн өдөр. 
 
Миний тойм яагаад хүмүүст хүрээд байна гэхээр би үзэгчдэд өөрсдөө дүгнэлт хийх боломжийг үлдээдэгт оршдог байх. Барууны орнууд, Азийн орнууд бүр баримтлах чиг шугам нь өөр, өөр. Тэр шугамыг нь бодитойгоор мэдээлэх үүргээ хэрэгжүүлэхийг хичээдэг. Хүмүүс ч анзаарсан байх. Өнөөдөр зарим телевизийн гадаад мэдээний сэтгүүлч, тоймчид хувь хүний үзэл бодлоо тулгаж, хавчуулан ярьж байгаа нь анзаарагддаг. Үүнд шүүмжлэлтэй ханддаг. Гадаад мэдээний тоймч гэж ямар хүн бэ гэхээр дэлхийн хэвлэлүүдээр ямар мэдээлэл гарч, ямар үйл явдал өрнөж байна гэдгийг багцлаад ямар ч хувийн дүгнэлтгүйгээр үзэгчдээ хүргэх ёстой.
 
-Сүүлийн үед дэлхийн орнуудын чиг хандлага ямар байна. Тоймлоод хэлээч гэвэл?
 
-Дэлхийн чиг хандлага өөрчлөгдөж буй талаар ярих боллоо. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын баримтлах бодлогоос ихээхэн хамаарч байна. Доналд Трампыг сонгуульд ялахад хүргэсэн гол үзэл баримтлал юу байв гэхээр АНУ бүхний манлайд байх ёстой, өөрсдийн эрх ашгаа хамгийн тэргүүнд байлгая гэсэн санаа. Энэ санаагаа олон улсын байгууллагуудад ч тулгаж байна. Юу гэхээр НҮБ-д тэргүүлэх үүрэгтэй гишүүн орон атлаа саяхан ЮНЕСКО-гийн гишүүнчлэлээс татгалзана гэж зарлалаа. Дээрээс нь НАТО-гийн санхүүжилтийн асуудлыг цаг ямагт хөндөх боллоо. “Бид НАТО-гийн 70 орчим хувийн санхүүжилтийг гаргаж, маш их хохирол хүлээж байна. Та нар баян улс байж яагаад мөнгө гаргахгүй байгаа юм. Шударга байцгаая” гэдгээ зарим оронд илэрхийлээд байна. Жишээлбэл, Герман улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр ч хүрэхгүй хувийн зардал гаргаж байна. БНСУ, Япон, Саудын Араб зэрэг орнууд цаашид анхаарах ёстой. Манай 160 мянган цэрэг хилийн гадна байна. Одоо та нар цэргээ дайчил, мөнгөө гарга гэдгээ зохистой хуваарилалт нэрийн дор илэрхийлж байна. Доналд Трамп НҮБ-ын индрээс хүртэл “НҮБ-ын төсвийн 20 гаруй хувийг манайх бүрдүүлж байна. Одоо НҮБ өөрөө идэвхтэй байх хэрэгтэй. НҮБ-ын гишүүн орнууд өөрсдөө мөнгөө гаргах хэрэгтэй” гэж зарлалаа. Түүний энэ бодлого, энэ зарчим дэлхий даяар нөлөөлж байна гэж үзэж болохоор байна. Мэдээж ингэж илэрхийлэхийн хэрээр НҮБ, НАТО-д эзлэх байр сууриа алдаагүй, тэргүүлэгч хэвээрээ. 
 
ОХУ-ын баруун хил залгаа орнуудын дийлэнх нь НАТО-д элсчихсэн. Балтийн тэнгис, өмнөд талдаа Турк болон сайнгүй харилцаатай Украин, Гүрж баруун талд нь хил залгаа оршиж байна. Оросууд 2008 онд Гүржтэй дайтсан. 2014 оноос хойш Донбасс буюу Зүүн Украин зэвсэгт мөргөлдөөний голомт хэвээр байна. ОХУ-ын баруун хил тэр чигтээ түгшүүртэй байж болох дүр зураг харагдаж байгаа юм.
 
-Тэгээд ч зарим орон зэвсэглэлээ сайжруулах болж?
 
-Монгол Улс хоёр том хөрштэй. Энэ бол Монгол үндэстний хувьд заяагдмал газар зүйн байрлал. Бид өөр тийш нүүгээд явахгүйгээс хойш зохицоод амьдрахаас өөр аргагүй. Аливаа улсын гадаад бодлого хөршөөсөө эхэлдэг гэж манай ахмад дипломатчид хэлдэг юм. Хэдийгээр гуравдагч хөрш гэж ярьдаг ч газар зүйн байрлалын хувьд ийм юм. Тийм болохоор ОХУ, БНХАУ-ын цэрэг, улс төрийн бодлогыг байнга судалж, анхаарлаа хандуулж байх шаардлагатай. Жижиг улсын хувьд зэр зэвсгээр аюулгүй байдлаа хамгаална гэдэг хэцүү. Манай улс гурван сая хүн амтай. Дээр нь батлан хамгаалахад зарцуулах төсөв зардал нь маш бага. Гэтэл манай хоёр хөрш батлан хамгаалах зардлаар дэлхийд эхний дөрөвт жагсдаг том гүрнүүд. В.Путин Оросын зэвсгийн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрөөс их хэмжээний мөнгө зарцуулж байна. “Армата” нэртэй шинэ үеийн байлдааны танк, орчин үеийн пуужингийн систем, ирээдүйн цэргийн албан хаагчдын өмсөх байлдааны хувцсыг хүртэл үйлдвэрлэж, олон улсад танилцуулж байна. НАТО баруун хил рүү нь тулаад ирчихсэн учраас оросууд ингэхээс өөр аргагүй. Украин, Гүрж хоёр НАТО-д элсчихвэл ОХУ-ын хувьд тэвчишгүй зүйл болно. Хятад улс дотооддоо нисэх онгоц тээвэрлэгч аварга том хөлөг бүтээчихлээ. ОХУ, АНУ, Хятад гэлтгүй эдийн засгийн хүчин чадал сайтай, хүчирхэг армитай орнууд зэвсэглэлээ сайжруулах боллоо. Энэ нь хүйтэн дайны үеийнх шиг зэвсгийн өрсөлдөөн идэвхжих, цаашлаад дайн болох аюултай.
-Батлан хамгаалахдаа хөрөнгө мөнгө харамгүй зарцуулдаг орнуудын тухай та саяхан ярьж байсан...
 
-Миний нэвтрүүлэг олон улсын судалгааны байгууллагуудын тайланд үндэслэсэн байгаа. Таны асуултад хариулахад АНУ илт давуу. Батлан хамгаалах салбартаа жилд 600 тэрбум доллар зарцуулдаг улс дэлхийд өөр хаана ч байхгүй. АНУ нь НАТО-гийн төсвийн 70 хувийг дангаараа бүрдүүлж, 160,000 цэрэг нь хилийн чанадад, хуурай газартай ойролцоо тэнгисүүдэд АНУ-ын байлдааны хөлгүүд байрлаж байна. Манай урд хөрш БНХАУ жилдээ 200 орчим тэрбум долларыг Батлан хамгаалах төсөвтөө зарцуулдаг. Гуравдугаарт, Саудын Араб орж байна. Саудын Араб зэвсэглэлдээ анхаарч эхэлсэн нь бүс нутгийн өрсөлдөгч Иран улстай шууд хамааралтай. 2015 онд дэлхийн зургаан том улс Ираны эсрэг хоригийг хэсэгчлэн цуцалсан учраас олон жил хоригт байсан Иран зэвсгийн хөтөлбөртөө анхаарч эхэлсэн. Өрсөлдөгч нь зэвсэглэхээр Саудын Араб хөдлөхөөс өөр аргагүй. Эзэн хаан Салман Доналд Трампын Засгийн газраас 110 тэрбум долларын зэвсэг худалдан авахаар болсон. Ийм л үйл явдлууд өрнөж байна. 
 
Монгол Улсын газар зүйн байрлал нь аюулгүй байдал талаасаа хамгийн том давуу талтай. Яагаад гэхээр Орос, Хятад хоёр улс ямар нэгэн хилийн маргаангүй байгаа нь аюулгүй байдлын баталгаа болж байга гэсэн үг. Монгол, Хятадын хооронд хилийн болон нутаг дэвсгэрийн ямар ч маргаан байхгүй гэдгийг Ши Жиньпин УИХ-ын чуулганы индэр дээр тов тодорхой хэлсэн байдаг. Гэтэл Орос, Хятад хоёр таван жилийн турш хилийн дагуу хамтарсан шалгалт хийгээд саяхан дууслаа шүү дээ. Өргөн уудам нутагтай боловч цөөн хүн амтай Монгол Улсын хувьд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хадгалж үлдэж чадсан нь бидний өвөг дээдсийн ухаалаг бодлого юм даа.
 
1990-оноос хойш шинэ тогтолцоонд шилжээд Монгол Улсын гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого хамгийн тогтвортой, тууштай хэрэгжиж байна. Гэтэл дотоод улстөрийг хар л даа. Гудамжинд явж буй энгийн иргэн эрх мэдэлтнүүдийг авлигад автсан, завхарсан гэж хэлж байна шүү дээ. Төрийн чадамж үлэмж суларсан нь хэнд ч илэрхий болчихлоо. Манай улсын нэр хүндийг гадаадад өргөж, таниулж буй Зэвсэгт хүчиндээ баярлахаас өөр аргагүй.
 
-Энэ талаар асууя гэж бодож суулаа?
 
-Тийм үү. Би ч гэсэн энэ оролцоонд сэтгэл дүүрэн явдаг жирийн нэгэн иргэн. Саяхан МҮОНРТ-ээр бэлтгэлд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг ярьж байсан. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсноороо бидэнд үлдэх ашиг, бидэнд ирэх боломжийн талаар. Тэнд ярьж байсантай санал нийлнэ. Дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэх тусам манай цэргүүдийн тусгай үүрэг гүйцэтгэх чадвар нэмэгдэнэ. Дээрээс нь энхийг дэмжих ажиллагааны явцад монгол цэргүүд тэргүүлэгч байснаараа дэлхийн орнуудад анхааруулга болно. Монгол цэргүүд ямар их тэсвэр хатуужилтай, үүрэг гүйцэтгэл өндөр юм бэ, тэдэнтэй хамтран ажиллаж үзэхсэн гэдэг өгөгдлийг хэзээд өгч байх учиртай. Энэ нь Монгол Улсад ашигтай. Ер нь орчин үед дайн гэдэг ойлголт их өөрчлөгдсөн. ХХ зууны дайнууд шиг өргөн фронтоор, өөд өөдөөсөө нуувч ухчихаад байлддаг цаг үе ард хоцорч. Орчин үеийн дайн зэр зэвсгээс гадна технологи, интернет, хэвлэл мэдээллийг ч ашиглаж байна. Олон цэргийн амь насыг зольдог хуурай замын цэргийн ажиллагаанаас татгалздаг болчихлоо. Хохирол багатай учраас агаараас бөмбөгдөх, эсвэл террористуудын хойноос тусгай ангийн цөөн тооны цэргүүдийг илгээгээд намначихдаг болж.
 
-Тойм бэлтгэж байх явцад дэлхийн хэвлэлүүдэд монгол цэргүүдийн тухай мэдээлэл их гарах юм уу?
 
-Янз бүр. Мэдээж гарвал сайнаар гарна. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш 2005 онд манай улсад айлчилж байсныг та бүхэн мэдэх байх. Тэгэхэд Монгол Улс Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн үе. АНУ-ын Ерөнхийлөгч бусад албаныхантайгаа ирээд монгол цэргүүдийн оролцоог үнэлж, зарим санхүү, тусламж үзүүлж байсныг санаж байна. Энэ бол ганцхан манай улсад үзүүлсэн хэрэг биш. Есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш энхийг сахиулах ажиллагааг дэмжсэн улс орнуудад санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлсэн баримтууд бий. 
 
Өнгөрсөн хавар би өөрийн бэлтгэдэг “Эх сурвалж” нэвтрүүлэгтээ ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригийг урьж Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны оролцоо сэдвээр дагнан ярилцсан. Генерал Д.Ганзоригийг хурандаа цолтой байх үед нь Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалыг хамт тайлбарлаж, анх танилцаж байсан. Миний хувьд мэргэжлийн хүмүүстэй ярилцахдаа дуртай. Түүнээс биш би тоймч, юу ч хамж ярьж болно гэж цээжний бангаар туух биш холбогдох мэргэжлийн хүнээс нь мэдээлэл авч тэнцвэртэй мэдээлэл хүргэхийг хичээдэг. Мөн мэдээллийг бэлтгэхдээ нэг сайтаас, нэг сонингоос биш ОХУ-д юу гэж бичсэн байна, БНХАУ-д юу гэж онцолсон байна, АНУ-д юу гэж өгүүлсэн байна вэ гээд тэнцүүлж үздэг. Ингэж мэдээллээ жинлэж үзээд нэвтрүүлгээ хийнэ дээ. Ингэх нь цаг хугацаа шаарддаг ч гэсэн үзэгчдэд очих мэдээлэл нь илүү бодитой байдаг. Түүнээс биш Г.Ганбаяр гэдэг хүний хувийн үзэл бодол хэнд хамаатай юм бэ. Үзэгч олон өөрсдөө дүгнэлт хийх ёстой. Сэтгүүлч, тоймчид өөрсдөө үзэгчдээ хүндлэх ёстой.
 
-Ярилцсанд баярлалаа... 
 
-Дэлхийн мэдээллийн агентлагуудын хамгийн эхэнд мэдээллэхийг эрмэлздэг топ сэдэв нь батлан хамгаалах байдаг учраас би гадаадын орны Зэвсэгт хүчний тухай мэдээлэл бэлтгэх дуртай. Миний өчүүхэн ажлыг минь үнэлж ярилцсанд баярлалаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд амжилт хүсье. 
 
 
 Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо сонин"