sonin.mn
Бяцхан охин Б.Арвин:
-Аав аа, энэ даашинзыг өмсөхгүй ээ. Намайг бүдүүн харагдуулдаг.
 
Хурандаа О.Банди:
 
-Миний охин хөөрхөн л байна шүү дээ. Хөх өнгө чинь харин ч туранхай харагдуулдаг байхгүй юу.
 
Бяцхан охин Б.Арвин:
 
-Үгүй ээ, өмсөхгүй. Сонин дээр гарсны дараа ээж та хоёрын ажлын газрынхан чинь ямар бүдүүн охинтой юм бэ гэж шоолно” хэмээхэд нь аав, ээж хоёр нь тас тас хөхрөн ягаан цэцэгтэй цагаан даашинзыг нь авчирч өглөө. Охины санаа амарсан бололтой гэрэл зургаа авахуулахаар номхон гэгч нь суух нь тэр. Өхөөрдөм бяцхан энэ охиныг онцолсны учир нь хэмээвээс ЗХЖШ-ын АУГ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа О.Бандийн “мөрдэстэй гэр бүл”-ийг сурвалжлахаар “урилгагүй” зочилсон хэрэг л дээ. Үргэлж инээмсэглэчихсэн эерэг хандлагатай явдаг түүний гэргийг Ч.Туул гэдэг, дэд хурандаа цолтой, Зэвсэгт хүчний 189 дугаар ангид холбооны шугам сүлжээ нийцүүлэлтийн офицероор ажилладаг нүд, хөмсөг болсон сайхан бүсгүй байна.
 
 
Тэд 1997 онд гэр бүл болж, өдгөө гурван хүүхдийн аав ээж болжээ. Том хүү Б.Тэмүүлэн оюутан болж ОХУ-д барилгын инженерийн мэргэжлээр суралцаж байгаа бол дунд охин Б.Үлэмж тавдугаар ангийн сурагч, гэрийн босс болсон өнөөх өхөөрдөм бяцхан охин Б.Арвин таван настай. Энэ гэрийн онцлох өөр нэг эрхэм бол бэлтгэл хурандаа О.Чулуунбаатар гуай. Зэвсэгт хүчинд 1968-2003 он хүртэл 37 жил залуу, халуун нас, хөдөлмөр, зүтгэлээ бүрэн зориулсан буурал. Зэвсэгт хүчний хүнд цаг үед ачааны хүндээс үүрэлцэж явсан түүний тухай одоо ч манай зэвсэгт хүчнийхэн бахархан ярих дуртай. Хамгийн сүүлд БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн даргаар олон ажилласан тэрээр таван хүүхдийнхээ гурвыг нь цэргийн хүн болгосон юм билээ. Болгосон ч гэж дээ, аав нь орой бүр ажлынхаа сайхныг бахдан ярьж, цэргийн амьдрал хүнийг хоосон хонуулдаггүй, олонд хүндлэлтэй, мөр бүтэн буянтай алба хэмээн хуучилдаг байсан нь охидод нь үлгэр болжээ. Тэрээр Ж.Лхагвасүрэн жанжны цэрэг гэдгээрээ бахархаж явдаг, тэтгэвэрт гарснаасаа хойш хувийн байгууллагад ажиллаж байгаад саяхнаас “Бага баян-Энхийн төлөө цогцолбор”-ын ахмадын сувилалыг хариуцан ажиллаж байгаа гэлээ.
 
 
Манай гэрээс тасаг гараад жагссан ч болохоор байна. Хоёр охин маань цэргийн хархүүтэй ханилсан болохоор тасаг цэрэг гаргаж чадна гэж найз нөхөддөө ярих дуртай. Миний хэдэн хүүхдүүд өнөөдөр сайн сайхан яваад өвгөн би үргэлж баярлаж явдаг даа. Хүргэчүүд маань цөм сайн залуус. Хөдөлмөрч, үг дуу цөөтэй, өрөвч, цайлган сайн залуус охидод маань хань болж байгаа нь юутай сайхан, юутай аз жаргал вэ. Миний хувьд 2002 онд ханиа алдсанаас хойш хүүхдүүдийндээ ирж очоод амьдарч байна. Гэхдээ голдуу О.Бандийнд байх талдаа хэмээн хуучилж байв.
 
Хурандаа О.Бандитай төгссөн сургууль, ажилласан анги, байгууллагынх нь тухай товч хөөрөлдөв. Тэрээр БХИС-ийг дүүргэсэн жилээ Эрдэнэт хотод Зэвсэгт хүчний 210 дугаар ангид томилогдон ажиллаад удаагүй байхад нь Зэвсэгт хүчний 150 дугаар анги байгуулахад гар бие оролцох түүхэн үүрэг ирсэн байна. Мэдээж сургуулиа төгсөөд удаагүй хэд, хэдэн дэслэгчийг энэ ангид томилж байсан нь өнөөгийн ангийнх нь захирагч, хурандаа С.Болдбаатар, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Баатар нараас эхлээд цөөнгүй онжавууд бий. Хэдийгээр сургалт, бэлтгэлээр нүдүүлсэн он жилүүд ч гэсэн хамгийн дурсамж дүүрэн он цаг байсан. Тухайлбал, зургаан сараар хээр гарч бэлтгэл хийнэ. Энэ үеэр 10 км, долоо хоног бүрийн бямба гаригт 30 км-ийн марш гүйнэ. Олон шинэ дасгал, сургуулилтыг зохиож бэлтгэл хийнэ, хүнд хүнд цагийн байдлаар сэтгэлзүйн дасгал ч хийнэ. Задланд хүртэл оруулж сэтгэлзүйн бэлтгэл хийнэ. Тухайн үеийн ангийн захирагч, хурандаа н.Цэрэнчимэд дарга маань өнөөгийн ажиллагааны газар оронд учирч болох саад бэрхшээл, хүнд цагийн байдлыг урьдчилан харсан мэт бэлтгэл, сургуулилтыг явуулдаг байсан гэлээ.
 
 
-Хэдийгээр та залуухан хурандаа ч гэсэн Зэвсэгт хүчинд үүрэг гүйцэтгэж эхэлснийг тань тоолвол 24 жил болжээ. Амьдрал өөрөө тэр чигтээ дурсамж байдаг. Таны дурсамж дүүрэн он цагаас Элитийн батальон байгуулах тэр үе илүү тод бололтой?
 
-Ажилласан анги, байгууллагаа сайн муу, сайхан муухай байсан гэж ялгах дургүй. Бүгдээрээ сайхан байсан. Одоо ч сайхан байна. 150 дугаар ангийн гол онцлог нь шинээр байгуулагдаж байсанд оршиж байгаа юм. Энэ ангидаа 1997-2005 он хүртэл салааны захирагч, ротын захирагч, сургагч багшаар ажиллаад 2005-2007 онд БХУА-д суралцсан. Үүний дараа Ховдын хороо гэдгээрээ алдаршсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллагааны удирдлагын тасгийн даргаар гурван жил ажиллаад ЗХЖШ-ын БСТГ-т томилогдсон. Дараа нь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид штабын даргаар дөрвөн жил, 2015 оноос ЗХЖШ-ын АУГ-т ахлах мэргэжилтнээр үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд олон сайхан цэргийн даргатай ажиллаж, тэднээс олон зүйл ч суралцаж. Тэр дундаас миний санаанаас огт гардаггүй зүйл гэвэл бригадын генерал Д.Ганзориг даргын ажлын арга барил. Юу гэхээр Зэвсэгт хүчний 150 дугаар ангид олон сургагч багш хичээл заана. Тухайн үеийн сургагч багш нарыг Зэвсэгт хүчний тэргүүний офицеруудаар бүрдүүлсэн байсан юмдаг. Мэдээж бидний хэдэн нөхөд ч багш нарын заасан хичээлийг ойлгосон, ойлгоогүй янз бүр л байна. Тэгэхэд тухайн үедээ ахлах дэслэгч цолтой байсан Д.Ганзориг генерал химийн хичээл ороод шалгалтын дүнг муу байвал муугаар нь гаргана. Найраа авна, харж үзнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ нь өрсөлдөөн дундаас гаргаж ирэх, дэвшиж өгсөх замаа өөрийн хичээл зүтгэлээр засахыг анхааруулсан хэрэг байж гэж боддог юм. Нэгэнт муу аваад байвал уншиж судалж, цээжилж тогтоохоос өөр зам ч байхгүй” хэмээн хуучлах зуурт бага охин Б.Арвин аавыгаа жүрж арилгаад өгөхийг “үүрэгдэв”.
 
Гэрийн эзэгтэй, дэд хурандаа Ч.Туул хоол, цай бэлтгээд тун завгүй байгаа бололтой. О.Банди хурандаагаас эхнэртэйгээ танилцсан түүхээ хуваалцаач гэхэд “Яах вэ дээ, тэгээд танилцаад суухгүй юу даа. Ч.Туул Зэвсэгт хүчний 013 дугаар ангид, би 150 дугаар ангид ажиллаж байсан болохоор байнга таардаг байсан” хэмээн нарийн зүйл ярих шинж алга.
 
Тэрээр эхээс тавуулаа. Аав Л.Очирбат нь Өмнөговь аймгийн Номгон сумынх, ээж Г.Наранцэцэг нь Булган аймгийнх. Хоёулаа боловсролын салбарт насаараа ажилласан хүмүүс байж. Тодруулбал, аав нь физикийн багш, ээж нь бага ангийн багш. Хэдийгээр аав нь одон орон судлаач хэмээх ховор мэргэжил эзэмшсэн ч орон нутагт ажиллах боломж байгаагүй учраас физикийн багш болжээ. Тэрээр аав, ээжийнхээ тухай хуучлахдаа “Миний хоёр эрдэнэ ажил дээрээ ч, гэртээ ч сурагчийн дэвтэр зассан хүмүүс байж билээ. Намайг төрсөн жил манайх Хялганатаас Эрдэнэтэд шилжиж ирсэн гэдэг. Эргээд бодоход би аавынхаа хичээлд очиж тусалж байснаа ер мартдаггүй. Аав физикийн багш болохоор сурагчиддаа элдэв химийн урвалын хичээл орно. Тэрийг нь би хийнэ. Нэг л урвал явуулсан хүүхэд байж билээ. Ээжийнхээ ажилд ч бас тусална. Харамсалтай нь, миний аав, ээж хоёр бурхан болсон. Хүний амьдралд эцэг, эхийн орон зай гэж ямар агуу их юм бэ. Эхлээд дэндүү хоосон мэт санагдаж байсан ч одоо хадам аавынхаа ачаар энэ орон зайг бага ч гэсэн нөхөж байна” хэмээн нүдний аягаар нь нулимс бүрхэхэд нь ярианы сэдвээ өөрчилмөөр аядав.
 
Ч.Туул эгч БНӨСУ-д үүрэг гүйцэтгээд өнгөрсөн есдүгээр сард ирсэн. Таныг анх цэргийн багийн захирагчид нь “Манай эхнэрийг битгий авч яваарай” гэж ятгасан гэх яриа бий хэмээн сонирхон асуухад “Арай ч тэгж хэлээгүй ээ. Ч.Туулыг ажиллагаанд явсны дараа ар гэрийн ажил хийнэ гэдэг ямар амаргүй юм бэ гэдгийг ойлгосон. Надад хүүхдүүдээ өсгөж, хоол хийж, гэр орноо цэвэрлэх хэцүү санагдсан. Харин ч ажиллагаанд явах амархан, ард үлдэх хэцүү юм билээ” хэмээн хөхрөлдөв. Тэднээс ханийнхаа хамгийн үнэ цэнэтэй эрхэм чанарыг нь онцлохыг хүсэхэд хурандаа О.Банди “Миний ханийн гол чанар бол хүнлэг, зөөлөн. Аливааг буруутгахаас илүү өрөвдөх нь олон доо. Хааяа зоримог шийдвэр гаргадаг. Тэр нь амьдралд онодог тал бий” гэсэн бол дэд хурандаа Ч.Туул “Нөхөр маань тусархуу, шударга, цайлган. Голтой шийдвэрийг гаргаж чаддаг. Хүүхдүүддээ маш их хайртай, халамжтай нөхөр. Нөхрийнхөө шийдвэрийг үргэлж хүндэтгэж дагах дуртай” хэмээн онцолсон. 
Дэд хурандаа Ч.Туул Зэвсэгт хүчинд 22 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд цэргийн хүн болох суурь ааваас нь эхтэй гэлээ. “Аав цэргийн амьдрал дэндүү сайхан. Миний охидууд аавынхаа залгамжийг үргэлжлүүлвэл сайнсан” гэсээр байгаад энэ салбарт эргэж буцалтгүй орох сэтгэхүйг өгсөн байдаг юм. Саяхан 10 жилийн ангийнхан маань уулзахад ангийн дурсамжийн дэвтэрт “Би том болоод ахлах дэслэгч болно” гэж бичснээ хараад ямар их инээд, ямар их хайр хүрэв ээ. Одоо бодоход ахлах дэслэгч цолыг хурандаа мэт шүтэж явсан хүүхэд байсан шиг байгаа юм.
 
О.Банди: 
-Саяхан эхнэрээ БНӨСУ-д үүрэг гүйцэтгээд эх орондоо газардахад нь сүрхий гэгч нь тосч авах санаатай зогсоод байлаа. Тэгсэн гарч ирдэггүй. Гаднаа сэтгэлийн хөөрөлгүй мэт харагдавч дотроо догдлоод хүлээгээд байсан юм. Даанч энэ бүсгүй гарч ирдэггүй.
 
Л.Туул:
 
-Хүний нөөцийн офицероор үүрэг гүйцэтгэсэн болохоор энхийг сахиулагчдынхаа паспортод штамб даруулах гээд завгүй байсан юм аа” хэмээн ажиллагааны үеийн дурсамжаа хуваалцсан. О.Банди хурандаагийн хувьд ажиллагаанд гурван удаа үүрэг гүйцэтгэсэн бол Л.Туул дэд хурандаа анх удаа үүрэг гүйцэтгэжээ. 
Тэдний хүүхдүүдээс цэргийн удмаа үргэлжлүүлэн том хүү Б.Тэмүүлэн офицер болохоор суралцаж байгаа бол хоёр охин нь эмч болох мөрөөдөлтэй гэлээ. Ийн багагүй хугацаанд хөөрөлдсөний эцэст гэрэл зураг авах болоход бяцхан Б.Арвин өөрийг нь бүдүүн харагдуулдаг даашинзаа голоход гэр бүлээрээ бөөн инээд болов. Аргагүй л эмэгтэй хүний араншингаар хувцсаа голдог үе нь ирчихээд байгаа юм гэж аав нь охиноо өхөөрдсөн. Гэр бүлээрээ, ахан дүүсээрээ Зэвсэгт хүчиндээ хүчин зүтгэж яваа олон өрхийн төлөөлөл болгож О.Банди хурандаагийнд зочлоход ийм буюу. Эх орныхоо төлөө гэр бүлээрээ хүчин зүтгэж буй ариун үйлсэд тань амжилт хүсье.
 
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин