sonin.mn
Чингис хаан” олон улсын нисэх буудал, 18.00 цаг.
 
Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний дэд хурандаа В.Чинзориг захирагчтай тавдугаар ээлжийн цэргийн баг эх орондоо газардлаа. Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг нэр төртэй биелүүлээд эх орондоо ирсэн дайчдыг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Женнифер Галт тэргүүтэй албаныхан угтан авч баяр хүргэв. Хатагтай Женнифер Галтын хувьд элчин сайдаар ажиллах бүрэн эрхийнх нь хугацаа өндөрлөж, удахгүй эх орноо зорих бөгөөд өвлийн хүйтнийг үл ажран энхийг сахиулагч бүрт тусгайлан талархал илэрхийлэв. 
 
 
Хошууч генерал Ж.Бадамбазар “Юуны өмнө та бүхэндээ халуун баяр хүргэе. Хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгээд эх орондоо ирсэнд баярлалаа. Ажиллагааны үеэр олсон мэдлэг, дадлага туршлагаа ажиллаж байгаа анги, байгууллагадаа бүрэн зориулаарай” гэсэн бол хатагтай Женнифер Галт “Монгол Улс бол АНУ-ын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний том түнш. Манай хоёр улс олон салбарт хамтран ажиллаж байгаагийн дотроос Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг. Өнөөдөр өөрийн биеэр та бүхнийг угтан авч “Баярлалаа” гэдгийг илэрхийлэхийг хүссэн юм. Монгол цэргүүд бол мэргэжлийн ур чадвар сайн, олон улсад нэр хүнд өндөр, хүний эрхийг ямагт дээдэлдэг цэрэг дайчид. Та бүхний ур чадварт бид үргэлж итгэдэг. Та бүхэн эх орондоо, гэр бүлдээ тавтай морил” гэсэн юм.
 
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн байрлал, 23.00 цаг
 
Энхийг сахиулагч дайчдыг угтан авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өндөрлөсний дараа Зэвсэгт хүчний 303 дугаар ангид ачаа бараагаа цэгцлэх гэсээр байтал үдшийн 23.00 цаг болов. Өдөржин малгайлан орсон цас халуун орноос ирсэн манай дайчдад анхандаа сайхан байсан ч, сүүлдээ сүрхий жиндүүлж байгаа бололтой. Гэхдээ хүлээхийн жаргалаар удахгүй хайртай дотны бүхэнтэй уулзах гэж байгаа тэдэнд жиндэх төдийхөн бол юу ч биш байгаа нь нүднээ илхэн. Зарим энхийг сахиулагчийн сэтгэгдлээс хуваалцахад дэслэгч Д.Энхбаяр “Зэвсэгт хүчний 338 дугаар ангид алба хаадаг, ажиллагаанд анх удаа үүрэг гүйцэтгэлээ. Туршлагатай ах нар болоод удирдлагуудын өгсөн заавраар түүртэлгүй үүрэг гүйцэтгэлээ” гэсэн бол ахлах ахлагч Х.Даваа-Очир “Миний хувьд өмнө нь хоёр удаа үүрэг гүйцэтгэж байсан учраас туршлагатай. Ажиллагаа бүр надад туршлага, сургамж өгч байдаг учраас сурч мэдсэн зүйлс гэвэл их. Хамт олноо, хайртай бүхнээ санасан даа” гэв. Харин энэ цэргийн багийн хамгийн ахмад нь болох сургагч ахлагч Б.Баянжаргал “Манай багт 25-33 насныхан олон байсан. Залуучуудтай ажиллахад сайхан шүү дээ. Ах, захаа хүндэтгэж харилцах соёл манай залууст дүүрэн байна. Эрч хүчтэй залуустай зургаан сарын хугацаанд хамт байлаа. Эв нэгдэлтэй сайхан харчууд юм. Миний хувьд Зэвсэгт хүчинд 22 дахь жилдээ ажиллаж байна. Одоо Зэвсэгт хүчний 310 дугаар ангид алба хаадаг. Эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг” гэж сэтгэгдлээ хуваалцав. 
 
 
Цэргийн багийн захирагч, дэд хурандаа В.Чинзориг багийнхандаа “Медаль гардуулах ёслол өнөө маргаашгүй болно. Бэлтгэлтэй бай. Хамгийн гол нь аюулгүй байдлаа хэзээд хангаж байх ёстой. Багийн нэр хүндийг өндөрт өргөж явах ёстой. Тавдугаар ээлжийн тэр ахлагч, тэр офицер тэнд тийм зөрчил гаргасан байна гэж сонсохгүй шүү” хэмээн тодорхой чиглэлээр үүрэг өгөөд тараалаа. Дайчид ч ангийн гадаа хүлээх хайртай бүхэн рүүгээ инээмсэглэл тодруулсаар гарч одов.
 
Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороолол, дэд хурандаа В.Чинзоригийн гэрт, 00.30 цаг
 
 
Дэд хурандаа В.Чинзориг энхийг сахиулагчдаа тараасны дараа сая нэг юм гэртээ ирлээ. Түүнийг эхнэр Х.Олонжаргал хүүхдүүдийнхээ хамт тосч авсан бөгөөд нөхөртөө зориулж баярын ширээ зассан байв. 2004 оноос хойш гал голомтоо бадраасан тэд Ч.Номин, Ч.Тэмүүлэн, Ч.Тэмүүжин гэсэн гурван хүүхэдтэй. Ч.Номин, Ч.Тэмүүлэн хоёр аавыгаа цай ууж, хоол идэх завдал өгөлгүй хүзүүдэж авж үнсээд сүйд. Аав нь ч тэврээд суух юм. Гэхдээ гэрийн босс бага хүү Ч.Тэмүүжин нь Эрдэнэт хотод өвөө, эмээгийндээ байгаа гэнэ. Өглөө гараад орой ирдэг, ах, эгч нь бага учраас Х.Олонжаргал эгч өөрийн аав, ээждээ түр аваачиж өгсөн байна. Аав нь ирсэн учраас өнөө маргаашгүй очиж авчрах тухай ч гэрийн эзэд хугацаа товлон ярьцгаах. Гэрийн эзэгтэй Х.Олонжаргал Зэвсэгт хүчний 350 дугаар ангид алба хаадаг, ахлагч цолтой ажээ. Түүний нөхөр В.Чинзориг ч гэсэн энэ ангийнх юм.
 
-Хэдий орой болсон ч гэсэн ярилцлага өгч байгаад баярлалаа. Хүлээхийн жаргал сайхан гэдэг дээ. Халуун ам бүлээрээ уулзах сайхан шүү, тийм ээ?
 
Ахлагч Х.Олонжаргал:
 
-Тэгэлгүй яах вэ. Манай хүн ажиллагаанд зургаа дахь удаагаа үүрэг гүйцэтгээд ирлээ. Хамгийн сүүлд цэргийн багийн захирагчаар ажилласан нь энэ. Хүмүүс “Нөхөр чинь ажиллагаанд их явсан учраас чи хүлээж сурсан байх даа” гэж хэлдэг. Хүний хань ижил хол байхад юу нь сайхан байх билээ. Гаргаж өгөхдөө уйлна, угтан авахдаа уйлдаг хэвээрээ. Нөхрөө ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байхад ямар нэгэн саар мэдээ дуулгахыг хүсдэггүй. Хүүхдүүд ханиад хүрсэн байсан ч нуугаад өнгөрөөнө. Санаа сэтгэлийг нь тайван байлгах нь чухал шүү дээ.
 
Дэд хурандаа В.Чинзориг:
 
-2004 онд Иракийн эрх чөлөө ажиллагааны хоёрдугаар ээлжид үүрэг гүйцэтгэснээс хойш зургаа дахь удаагаа энхийг сахиуллаа. Ингэхдээ үүрэг гүйцэтгэл бүртээ албан тушаал дэвшсэн байна. Доороос нь шаталж өгссөн гэсэн үг. Хамгийн сүүлд цэргийн багийн захирагчаар томилогдож үүрэг гүйцэтгэлээ. Энэ бол ЗХЖШ-ын удирдлагаас надад өгсөн маш том итгэл, хүндлэл. Анх ажиллагаанд явахад эхнэртэйгээ танилцаагүй дөнгөж 26 настай залуу байж билээ. Тэр үед аав, ээжээ маш их санасан. Харин дараагийн ажиллагаандаа эхнэрээ санасан /инээв/. Эргээд харахад цэргийн багийн захирагчаар ажилласан зургаан сарын хугацаандаа гэр бүлээсээ илүү зэрэгцэж суугаа алба хаагчиддаа санаа зовсон. Шалган дээр аюултай нөхдүүд орж ирээд асуудал үүсгэчих вий гэхээс эхлээд идэх хоолонд нь хүртэл санаа зовно. Эхнэр эсвэл найз охинтойгоо муудалцах вий гэж хүртэл бодогдоно. Зарим хүмүүст энэ маань инээдтэй санагдавч хүн хариуцаж байгаа хүний хувьд яг л ийм байдаг. Захирагчаар ажиллахын жаргал, зовлон нь энэ юм даа.
 
-Танай цэргийн багийнхан энгэртээ хос медальтай байна лээ?
 
-Нэг нь НАТО-гийн медаль. Хоёр дахь нь “Данкон марш”-д амжилттай оролцсон тухай медаль. Данийн цэргийн багаас дөрвөн цагийн дотор 23 км замд 10 кг ачаатай туулах марш тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай юм билээ. Манай дайчдад энэ бол өлхөн даалгавар. Ядарсан шинжгүй шогшоод л ирчихэж байсан. Зарим орны цэргийн алба хаагч нормативаа хугацаанд нь биелүүлж амжаагүй. Ер нь үүрэг гүйцэтгэсэн зургаан сарын хугацаанд эв нэгдэл, сахилга баттай хамтын хүчээр ажилласан цаг хугацаа байлаа. Гадаад орнуудын цэргийн багт Монголын үндэсний соёл урлаг, үндэсний бөх, үндэсний хоол гээд өөрийн уламжлал бүхнээ сурталчилж, алба хаагчид маань дотооддоо өөрсдийн анги, байгууллагаа нэгэндээ танилцуулсан. Чөлөөт цагаар урлагийн үзлэг, спорт наадмууд, сургалт дадлагыг ч тасралтгүй явуулсан байгаа. Мэдээж үүрэг гүйцэтгэлийн тухай нарийн ярих шаардлагагүй учраас танд сургалт дадлагын талаар л ярьж байна.
 
-Тийм ээ, би ойлгож байна...
 
-Манай хамт олон хэд, хэдэн сайн үйлсийн аяныг зохион байгуулсан. Манай багт үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Ч.Мөнхжанцангийн охин түлэгдэж, эмчилгээ хийлгэх үед нь бид тодорхой хэмжээний хандив цуглуулсан. Мөн хоёр цэргийн алба хаагчийн ээж нь бурхан болоход анги, байгууллагаасаа хүн очиж туслууллаа гээд тоочвол бий, бий. Баяртай, гунигтай бүх цаг үед хамт байхыг хичээсэн дээ. Төрсөн өдөр нь тохиовол байгаа боломждоо тулгуурлан “хөөрхөн” тэмдэглэж өгнө өө, бас гэлээ. 
 
Дэд хурандаа В.Чинзориг гурван үеийн цэрэг гэдгээрээ бахархаж явдаг гэсэн. Түүний өвөө Х.Бүдрагчаа 1939, 1945 оны дайнд буу агсан байлдаж, Дотоодыг хамгаалах яаманд хариуцлагатай алба хашиж байжээ. Тагнуулын байгууллагаас “Хүндэт чекист” болж байсан тоотой цөөн хэдхэн хүний нэг гэнэ. Харин аав нь бэлтгэл хошууч Б.Бадамсэрээжид, ээж нь бэлтгэл дэд хурандаа Р.Наранцэцэг гэж буурал бий. Аав, ээж хоёр нь Зэвсэгт хүчинд хөдөлмөр, зүтгэлээ бүрэн зориулж өдгөө гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа ажээ. Өвөөгөөсөө эхлээд В.Чинзориг дэд хурандаа хүртэл гурван үеэрээ одоогийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид алба хаасан тухай ч хуучлав. Түүний гэргий Х.Олонжаргалын хувьд 2003 онд МУИС-ийг орос хэлний багш мэргэжлээр төгссөн бөгөөд нөхрөө дагаж цэргийн анги, байгууллага дамжсаар багшаараа тогтвортой ажиллаж чадаагүй байна. Энэ нь цэрэг хүний эхнэрийн “зовлон” гэлтэй. Хожмоо Зэвсэгт хүчний эгнээнд нэгдэж, ахлагч болсон байна.
 
 
Ийнхүү дэд хурандаа В.Чинзориг яриа бүртээ цэргийн багийнхаа залуусыг магтаж, эх орон, Зэвсэгт хүчний удирдлагаас өгсөн үүргийг нэр төртэй биелүүлсэндээ баяртай байлаа. 
 
Өнөөдөр тэдгээр энхийг сахиулагчдын энгэрт Төрийн болон салбарын одон медаль гялалзах өдөр.
 
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин