sonin.mn
Энэ удаагийнхаа ярилцлагын хойморт ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, МУСТА, ахлах ахлагч Б.Батбаатарыг урилаа.
 
Төрж өссөн нутаг ус хийгээд бага насны тань дурсамжаар яриагаа эхлэх үү? 
 
-Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн. Таван хүүхэдтэй айлын дунд хүү. Миний багад манайх сумын төвд байдаг байлаа. Гэсэн хэдий ч яг л хөдөөний айл шиг олон малтай, ах бид хоёрт хонь хариулах үүрэг оногддог байв. Сумын төвөөс холгүйхэн “Хадан хошуун” гэж өвс, ургамал сайтай маш гоё газар бий. “Хадан хошуун” дээрээс Сэлэнгэ мөрний салаа урсгал бүрийг, ой мод, уудам тал хөндий, тариан талбай гээд байгалийн үзэсгэлэнг цогцоор нь тольдож болно. Тэнд мал идээшилж тогтох нь үнэхээр урамтай. Хонины ээлжтэй үеийн нөхөдтэйгөө тэнд л уулзаж, тоглож дэггүйтэн өдрийг өнгөрүүлдэг байсан даа. Ээжүүд маань бидэнд ааруул, жимсний чанамал, өрөмтэй талх, чихэр гээд л бүтэн өдрийн хүнс базааж өгнө. Хонины бэлчээрт бие биенийхээ чихрийг булааж иднэ. Миний хувьд тэдэндээ концерт тоглож өгөөд л чихрийг нь авчихдаг байж билээ. Найзуудаа суулгачихаад л ихэвчлэн “Хөдөөгийн баясгалан” киноны дууг дуулна. Дахиулахаар нь өөрөө зохиогоод дуулчихна, манай найзууд “Ямар гоё дуу вэ” гэж ирээд л их олон дахиулна, “Баадай чи дахиад нэг дуулчих л даа, би чихрээ өгье” гээд л... Ингэж л миний дуучин болох эхлэл тавигдсан гэж боддог. Тэр үед хүүхдийн гэнэн цайлган зангаар дуу хуураар байгаль дэлхийдээ өргөж, байгаль дэлхийгээ уярааж байж, тийм ч учраас эргээд байгаль ээж, төрж өссөн нутаг минь өгөөжөө өгч, өдий хэмжээнд хүргэсэн гэж бэлгэшээдэг.
 
Багаасаа “тайз” эзэгнэжээ... 
 
-Тухайн үед би долоон настай, дөнгөж нэгдүгээр ангийн сурагч байлаа. Яагаад ч юм дуулах дуртай, дуугаараа үеийн нөхдөө өөртөө татчихдаг хүүхэд байсан. Бас сонин шүү, хариулж яваа мал хүртэл дуулахыг минь сонсоод тогтоод байх шиг санагддаг байж билээ. Заримдаа хонь хариулангаа аавынхаа ажил руу давхиад очино. Аав минь бригадын дарга, тариаланч хүн байсан юм. Тариан талбайн хаанаас ч аавынхаа трактор, комбайныг төвөггүйхэн таниад очиход аав минь мөсөн чихэр өгдөг байлаа. Ер нь хүүхэд ахуй насны дурсамж үнэхээр сайхан. Сэлэнгэчүүд, тэр тусмаа Зүүнбүрэнчүүдийн тухайн үеийн аж амьдрал одоо ч надад тод санагддаг. Тариалангийн өргөн талбайд хөдөлмөрлөж байгаа тариаланчдын хөлс, трактор комбайнуудын тос хүртэл үнэртэх шиг болдог.
 
Аливаа авьяас билэг удам дагадаг гэдэг юм билээ. Таны удамд урлагтай амьдралаа холбосон хүн бий юу? 
 
-Аав маань Увс аймгийн Хяргас сумын харьяат Т.Баянбилэг гэж хүн л дээ. Манай өвөө Д.Түү Баяд ардын дуунуудыг гайхалтай сайхан дуулдаг, чадалтай хоолойтой хүн байсан юм билээ. Бүр уулын ард дуулахад нь бэлд сонсогддог, ер нь өвөөгүйгээр аливаа найр, наадам эхэлдэггүй байсан гэж нутгийн хөгшид хуучлахыг хожим сонсч байлаа. Аав маань ч маш сайхан дуулдаг байсан. Тухайн үедээ аймаг, сумдын урлаг соёлын арга хэмжээ, улсын хэмжээнд зохиогддог урлагийн наадмуудад нутаг орноо төлөөлөн оролцдог, тэр болгондоо чамлахааргүй амжилт үзүүлдэг байсан юм билээ. Бүр Дуурийн театрын тайзнаа бүхэл бүтэн симфони найрал хөгжимтэй дуулж, Улсын тэргүүний уран сайханч хэмээх цол хүртэж байсан. Манай авга талынхан бүгдээрээ маш сайхан дуулцгаадаг. Үүнээс гадна миний өвөө Ховдын IV морьт хороонд алба хаасан, цэрэг армид элэгтэй, эх орондоо сэтгэл зүрхээ зориулсан хүн байсан. Харин өвөөгийн маань авга ах С.Галиндэв гэж тухайн үедээ ЭХЯЯ-ны сайд, улсын гурав дахь комиссар хүн байсан гэдэг. Мөн ээжийн маань өвөө Чин ван Ханддорж сайдын түшмэл Дагва мээрэн гэж хүн байсан. Тухайн үедээ Амар сайдын ах дүүс гэдгээр нь барьж байцаан хэлмэгдүүлээд буудуулахынх нь өмнөхөн эхнэр нь хөөцөлдөж, өөрийнх нь шавь болох Ж.Лхагвасүрэн жанжинд мэдэгдсэнээр амьд үлдэж байсан түүхтэй юм билээ. Тийм учраас эх орон тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж явсан ийм баатарлаг өвөг дээдсийн үр удам гэдгээрээ би бахархдаг.
 
Мэргэжлийн дуучин болох гараагаа хэрхэн эхлүүлж байв? 
 
-1999 онд буюу намайг аравдугаар анги төгсөх жил телевизээр Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангид хүүхдүүд шалгаруулж авна гэсэн зар явж л дээ. Тэр үед аав маань утсыг нь тэмдэглэж аваад ах бид хоёрыг шалгаруулалтад явуулж байсан юм. Дүүгээ заавал тэнцүүлж ирнэ шүү гэж ахад үүрэгдээд л.
 
Ах, дүү хоёр аавынхаа үүрэг даалгаврыг яаж биелүүлсэн бэ? 
 
-Маш сайн биелүүлж, нэгээр жагсаад л суралцах эрхээ өвөртлөөд харьж байлаа. Аав, ээж минь бөөн баяр болсны дээр “Чиний амьдралын зам бол ердөө л урлагийн зам, миний хүү маш мундаг уран бүтээлч болох ёстой шүү” гэдгийг тэр үед хатуу сануулж байлаа. Ингээд л гурван сарын дараа аравдугаар ангиа дүүргэж, урлагийн хүн болох замаа эхэлж, Хөгжим бүжгийн коллежид элсэн Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөө багшийнхаа удирдлагад суралцан 2003 онд төгссөн. Энд суралцаж байх хугацаандаа буюу 2000-2004 онд ХЦДБЧ-д дуучнаар ажиллаж байлаа. Мөн 2004-2005 онд Улан-Үдийн Дорнод Сибирийн урлагийн академид СССР-ийн Ардын жүжигчин В.Баялжиннямаев багшийн удирдлагад мэргэжил дээшлүүлж ирээд 2005 оноос одоог хүртэл ЦДБЭЧ-д гоцлол дуучнаар ажиллаж байна. Энэ хавар СУИС-ийн багш, МУСТА Д.Ариунаагийн удирдлагад урлаг судлалын магистрын зэрэг хамгаалсан.
 
Мэргэжлийн дуучин болчихоод тайзнаа гарч байсан анхны сэтгэгдлээсээ хуваалцаач... 
 
-ХЦДБЧ-ын тайзнаа анх гарч байлаа. 2002 он шиг санаж байна, Хилийн цэргийн бүх анги, салбарын захирагч, отрядын дарга нарын цугларалтын үеэр зохион байгуулсан тоглолтод дуулсан юм. Миний хувьд анхны том тоглолт байсан төдийгүй энэ үеэр Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж гуай надад тусгайлан баяр хүргэж амжилт хүсч байлаа. Энэ бол уран бүтээлээ дөнгөж эхэлж байгаа, дуучин болох гэж хичээж яваа надад маш том урам хийгээд хүндэтгэл байсан шүү.
 
Улсын болон олон улсын чанартай цөөнгүй тэмцээн уралдаанд амжилттай оролцсоныг тань мэдэх юм байна...
 
-Тийм ээ. Зүгээр нэг уран бүтээл хийгээд, урсгалаараа дуулаад явахыг биш үүнийхээ зэрэгцээ аливаа уралдаан тэмцээнд оролцож өөрийгөө сорьж, өөрийнхөө чадал чансааг ямар түвшинд байгааг мэдрэхийг би чухалчилдаг. Тэр ч утгаараа урлагийн замд орсон цагаасаа эхлээд л улсын болон олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд оролцсоор ирсэн.
 
Амжилтуудаасаа тодруулахгүй юу? 
 
-2004 онд орос дуу дуулаачдын улсын уралдаанд дэд байр, 2006 онд МУГЖ Д.Бандийн нэрэмжит дуу дуулаачдын уралдааны тусгай байр, 2007, 2014 онд БНАСУ-ын “Хаврын баяр” наадмын Алтан цом, Гран при, 2010 онд Лхасарана Лодонович Линховоины нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, 2011 Ким Иванович Базарсадаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдаанд гуравдугаар байр, Монгол Улсын нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагд агсны нэрэмжит дууны улсын уралдаанд тэргүүн байр, “XX зууны дуунууд-25” шилдэг дууны уралдааны тэргүүн байр, 2012 онд М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын В зэрэглэлийн уралдаанд шилдэг 20-д шалгарсан, 2015 онд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн нэрэмжит “Дууны хорвоо” улсын уралдаанд тэргүүн байр 2016 онд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн нэрэмжит “Нарны дуулал” улсын уралдаанд дэд байрын шагналыг хүртэж байлаа. Мөн 2006 онд “Чингис хаан” рок дуурийн гол дүрээр БСШУЯ-ны оны шилдэг уран бүтээлийн шагнал, ЦДБЭЧ-ын шилдэг уран бүтээлчийн шагналыг авч байсан.
 
Өөрийн чинь хоолойны онцлог болоод мэргэжлийн арга барил нь юу вэ?
 
-Мэргэжлийн хэллэг нь баритон. Үүнийг энгийнээр тайлбарлавал өргөн цар хүрээтэй, аргил бүдүүн, уянгын дуугаралттай, дуулахад ч, ярихад ч энэ үндсэн чанараа алддаггүй, эрэгтэй хүний дуу хоолойны үндсэн өнгө гэж ойлгож болно. МУГЖ П.Ганбат гэж дуурийн мундаг од байлаа шүү дээ. Тэр хүний мөрийг дарах дуучин гарч ирлээ гэж мэргэжлийн дуучид, багш нар маань намайг өндөр үнэлсэн, асар их хариуцлага хүлээлгэсэн. Тэр утгаараа энэ цаг үед дэлхийн хэмжээнд дуулж яваа МУГЖ Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, МУСТА Э.Анхбаяр, Ч.Бадрал зэрэг дуучдад үлгэр жишээ болж, мэдэж чадахаа зааж зөвлөж явдаг. Бид улсын болон олон улсын уралдаан тэмцээнд оролцож, нэг талаасаа өрсөлдөгчид боловч нөгөө талаасаа эдэндээ арга туршлагаасаа хуваалцаж, ахын хувьд зөвлөх зүйл цөөнгүй бий. Бүгд л Баагий ахаа гээд болохгүй бүтэхгүй байгаа зүйлээ асууж, зөвлөгөө авдаг байлаа.
 
Хорь шахам жил урлагийн тогоонд чанагдсан дуучны урын сан чамлахааргүй арвижсан нь ойлгомжтой...
 
-Миний уран бүтээлүүд голчлон цэрэг эх орон, ижий аав, нутаг усны сэдэвтэй байдаг. Барагцаалбал, 100 гаруй гоцлол дууг дуулж, төрийн хүндэтгэлийн болон гадаад, дотоодын соёлын арга хэмжээнд дуулсан байдаг. Хамгийн анх Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн аялгуу, МУУГЗ, Төрийн шагналт З.Түмэнжаргалын шүлэг “Ус мөрөн олон чиг” дууг дуулж, ард түмэнд танигдан хоёр дахь Ганбат гэж үнэлэгдсэн нь тэр.
 
Бие даасан цөөнгүй тоглолт хийсэн санагдаж байна... 
 
-Тийм ээ. 2010 онд “Мөнх тэнгэрийн нутаг” анхны бие даасан тоглолтоо хийсэн. Үүнээс хойш 2014 онд “Сүлдэнд мөнхөрсөн аялгуу”, 2016 онд “Хөх тэнгэрийн дуулал” бие даасан тоглолтуудаа толилуулж, “Сүлдэнд мөнхөрсөн аялгуу” цомгоо сонсогчдынхоо сонорт хүргэсэн.
 
Ойрын үед ямар уран бүтээлүүд дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?
 
-Уран бүтээлүүдээ сэдэвчилж DVD, CD гаргахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд дан цэргийн сэдэвтэй дуунуудаа сорчлоод DVD гаргахаар бэлтгэл ажилдаа орсон. Үргэлжлүүлээд эх орон, аав ээжийн сэдэвтэй дуунуудаа мөн сорчилж DVD болгож сонсогч түмэндээ хүргэнэ. Үүнээс гадна нэгэнт мэргэжлийн дуучин болсных сонгодог урлаг талдаа нэлээд анхаарал хандуулж, гадаадын нэрт хөгжмийн зохиолчдын дуурийн гол дүрүүдэд дуулж өөрийгөө бас нэг төрлөөр сорих бодолтой байна. Түүнчлэн Хөгжим бүжгийн коллеж, СУИС зэрэг мэргэжлийн урлагийн сургуулиудаас багшлах санал цөөнгүй ирсэн. Ажлынхаа цаг завыг зохицуулаад багшлах тухай ч төлөвлөж байна.
 
Цэрэг эх орны сэдэвт уран бүтээлийг нэлээд омогшсон, бардаж бахадсан тийм сэтгэлийн илэрхийллээр үзэгчдийн сонор, мэлмийд хүргэдэг нь анзаарагддаг. Ер нь таныхаар эх орон гэж юу вэ? 
 
-Тэртээ тэргүй бид чинь эх орныхоо өмнө тангараг өргөсөн цэргийн хүмүүс. Ер нь эх орон гэж цээжээ дэлдэхээс илүү хүн бүр зөв байх ёстой, бүхий л талаараа. Тодруулбал, хүн бүхэн зөв сэтгэлтэй, өрөөл бусаддаа тустай, өөрөө өөрийнхөө амьдралыг өнгөтэй өөдтэй авч явах нь эх орныхоо төлөө өргөж байгаа сэтгэлийн илэрхийлэл төдийгүй хувь хүний үүрэг хариуцлага гэж ойлгодог.
 
Ингэхэд урлагийнхан ихэнхдээ цаг завгүй ажилладаг, ар гэрийн асуудал гэр бүлийн хүний нуруун дээр буудаг гэх юм билээ. Харин таны хувьд... 
 
-Тийм ээ. Бид зав чөлөөтэй байж, ар гэртээ анхаарал хандуулах нь тун ховор. Цэргийн урлагийн байгууллага гэдэг утгаараа төлөвлөгдөөгүй тоглолтууд, гэнэтийн ажлууд гарч ирдэг. Тиймээс гэр бүлийнхэнд маань асар их үүрэг хариуцлага оногддог юм. Энэ болгонд ар талын асуудлыг маш сайн зохицуулдаг эхнэртээ баярладаг. Хань минь нягтлан мэргэжилтэй Э.Сарантуяа гэж сайхан бүсгүй бий. Бид гурван охинтой. Том маань одоо хоёрдугаар анги, хоёр бага нь цэцэрлэгт явдаг. Аль болох цаг л гарвал гэр бүлтэйгээ байж, охидоо агаарт гаргах, тоглуулах зэргээр аавын үүргээ гүйцэтгэхийг хичээдэг.
 
Сүүлийн асуултыг Таны мэдэлд үлдээе... 
 
-ЦДБЭЧ маань өнөө жил 85 жилийнхээ ойтой золгож байна. Тийм учраас цэргийн чуулгаараа овоглогдсон үе, үеийн уран бүтээлчиддээ болон хамт олондоо ойн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ уран бүтээлийн өндөр амжилт бүтээлийг хүсье. 
Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
 
 
Ахмад Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин