sonin.mn
Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой эдүгээ тохиож байгаа цаг дор цэргийн архивын тулгын гурван чулууг тавилцаж, өдгөө БХТА-ын амьд түүх болж яваа чөлөөнд байгаа хурандаа С.Баатаргуайтай ярилцлаа. Монгол цэргийн түүхийг архивлан хадгалж үлдээх үнэтэй үйлсэд түүний байгуулсан гавьяа их.
 
-Таны амьдрал архивын салбартай хэдэн оноос холбогдсон бэ?
 
-1957 онд МАХН-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр улсын архивын бичиг хэргийг цэгцлэх тухай журмыг батласан байдаг. Ингээд 1959 оноос улсын архивын барилгыг барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Манай цэргийн архив улсын архив дотор НАХЯ-ны хэвлэлийн өрөөнд анх үүсгэн байгуулагдаж байлаа. Ж.Наадгай дарга маань удирдах анхны хүнээр томилогдож, архивч П.Дашбадаг түүний удирдлагад ажиллаж байсан. Харин би гэдэг хүн золоор энэ их айлын гурав дахь хүн нь болж, тулгын чулууг нь тавилцаж байлаа.
 
-Та яаж яваад архивч болчихов?
 
-1959 оны хоёрдугаар сарын эхээр ирсэн санагдаж байна. Тухайн үед гурван жилийн цэргийн алба хаахаар нэгдсэн карантинд гараад байсан үе. Би гэр рүүгээ монгол бичгээр захиа бичиж суусныг тухайн үеийн чекистууд анзаарсан байгаа юм. Тэгээд хуучин үеийн бичиг баримтуудыг цэгцлэхэд цалин хөлс нэхээд байхгүй над шиг цэрэг яг тохирсон хэрэг. Одоо байгаа Сэлбийн голын зүүн эргээр тухайн үед цэргийн агуулахууд байлаа. Анхны ажил маань тэндээс эхэлсэн. Том, том агуулахын хонгилд дүүрэн боодолтой бичиг, цааснууд байдаг байв. Тэд нарыг ялгаж, ангилж, түүхэнд ач холбогдолтой, үгүй гэсэн дарааллаар хувааж хураадаг байлаа. Бүр уурын зуухны утааны яндан руу чихчихсэн хөө, тортогонд даруулсан бичиг хэргүүдийг ч янзлах нь бий. Ж.Наадгай дарга маань санхүү, ар тал, хүний хувийн хэрэгтэй холбоотой бичиг цаасыг огт хаяж болохгүй шүү гэж захидаг байв. Харин манай рот одоогийн Их Британи улсын Элчин сайдын яамны байранд байлаа. Тэндэхийн байрыг голоор нь банзаар тусгаарлаад нэг талд нь хятад ажилчид нөгөө талд нь бид өвөлждөг байсан. Эргээд бодоход энэ бүхэн саяхан мэт санагдаж байна шүү. Ингээд гурван жил цэргийн албаа архивт хаагаад жолоочийн сургуульд явж ирээд Буянт-Ухаагийн нисэх онгоцны буух шинэ талбайг барих ажилд томилогдоод бидний үеийн залуус өдөр, шөнөгүй зүтгэдэг байлаа. Тэр үед Ж.Наадгай даргадаа хүсэлт тавьж, цэргийн архивын фондын эрхлэгчээр эргэж ажилдаа орж, архив хэмээх том айлын босгыг хоёр дахиа давсан даа.
 
-Архивын ач холбогдолын тухайд та юу хэлэх вэ?
 
-Архив гэдэг бол тухайн он цагтаа, тухайн ард түмний бүтээсэн үнэт өв юм. Өнгөрсөн түүхээ мэдье гэвэл архиваа ух. Гэхдээ манай цэргийн түүхтэй холбоотой архивын баримт бичгүүдийн ихэнх хувь нь ОХУ-д хадгалагдаж байдгийг санах хэрэгтэй. Би 1971 онд ЗХУ-ын Лениний академийг төгсөж ирээд цэргийн түүхийн секторын даргаар ажиллаж байсан. Тэр үед эх орныхоо цэргийн түүхтэй холбогдсон материалуудыг цуглуулж, архивт хадгалах зорилгоор, шинжлэх ухааны доктор, профессор Р.Гомбосүрэн гуайтай хамтарч, Халхын голын дайны Зөвлөлт-Монголын ялалтыг дархалсан хамтарсан бүтээл хийх нэрийн дор оросуудаас маш их цэргийн түүхтэй холбогдсон материалуудыг татаж авсан. Олсон баримтуудаа эмхэтгэж 40 гаруй хэвлэлийн хуудас бүхий ном гаргаж, цэргийн түүхээ баяжуулж байлаа. Сонирхолтой нэгэн түүх сөхөхөд тухайн үед бид хоёрын эмхэтгэн гаргасан номын ихэнх хувийг америкчууд их хэмжээний доллараар ШУА-иас худалдаад аваад явсан байдаг. Сүүлд сонсох нь ээ Вашингтон хот дахь Конгрессын номын санд хадгалагдаж байдаг сурагтай.
 
-Та ярианы эхэнд дурдсан архивын баримтуудыг энд тэндээс олж, эмхэлдэг байсан гэж. Тэгэхээр түүнээс өмнө манай улс баримт, бичгүүдээ архивладаггүй байсан гэсэн үг үү?
 
-Улсын архивын газар шиг бүгдийг нь нэгтгээд, тусад нь хадгалаад байгаагүй ч түүхэнд ач холбогдолтой баримт бичгүүд улсын сан хөмрөгт хадгалагдаж л байсан. ЗХУ-аас социалист хувьсгалыг экспортлоход хамгийн түрүүнд хүлээж авч, сахилга, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх гол субьект нь манай Зэвсэгт хүчин. Тиймдээ ч асар их цэргийн түүхтэй холбогдсон баримт, материалууд хувьсгалын шуурганаар талхилагдаж, үнс болсон. Ардын цэргийг удирдлагаар хангаж байсан олон удирдагч, дарга нарын хийж, бүтээж, туурвисан материалуудыг эсэргүү суртлын бичиг хэмээн шатаасан. Тухайлахад бүх цэргийн жанжин Г.Дэмидийн бичсэн түүхэнд үнэтэй “Эх орноо батлан хамгаалах байлдааны төлөвлөгөө” хэмээх бүтээлийг устгасан. Энэ мэт үрэгдсэн жишээ олон. Гэхдээ архивын баримт бүхэн үнэн байдаггүй. Түүхийн үнэнийг бичгээр гажуудуулсныг баримт гэх үү, түүхийн явцаар ард түмний дунд батлагдсаныг баримт гэх үү. Социализмын үед Богд хаанаас эхлээд С.Данзан, Д.Бодоо гээд олон хүнийг бид муулж бичдэг байлаа шүү дээ. Гэтэл одоо үүнийгээ бид архивын үнэн гэж үзвэл түүхийн гажуудал болж байгаа юм. Тиймээс тухайн цаг үед амьдарч байсан түүхийн амьд гэрчүүдтэй уулзах, тэдний дурдатгал, дурсамжуудыг цуглуулах нь чухал.
 
 
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин