sonin.mn
СУИС-ийн зөвлөх профессор, гавьяат жүжигчин, бүжигчин Д.Нанжидын үе үеийн шавь нар хамтран багшийнхаа  бүжгийн урлагт зүтгэсний 70 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Энэ тухай СУИС-ийн ардын урлаг, бүжиг судлалын профессорын багийн ахлагч С.Дуламтай ярилцлаа.
 
–Монгол бүжгийн гол төлөөлөл, нэгэн үеийн түүхийг бичсэн хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Нанжид. Энэ хүний бүжгийн урлагт зориулсан 70 жилийн ойг тэмдэглэх гэж байна?
 
-Д.Нанжид багш Монголын бүжгийн нэгэн үеийг бүтээсэн хүн. 18 насандаа уран сайхны сургуулийг бүжгийн мэргэжлээр төгсч 300 гаруй бүжигт оролцсоны 40 гаруйд нь гоцлол бүжиг бүжиглэсэн байдаг. 1953 оноос бүжиг дэглэж, одоогоор 250 гаруй бүтээлийг амьдруулсан байна. Бүжиг дэглэнэ гэдэг их хөдөлмөр шаардсан ажил. Хөдөлгөөний урлаг гэдэг гимнастик хийхтэй адил биш. Энэ урлагаар хүн төрөлхтний амьдралыг өгүүлдэг том урсгал юм.
 
–Бүжигчин бүхэнд өөрийн техник, арга барил бий. Д.Нанжид багшийн уран бүтээлийн гол онцлог нь юу байв?
 
-Говь-Алтай, Өмнөговь аймагт олон жил бүжгийн багш хийж байсан. Энэ үедээ монгол ардын бүжиг,  бий биелгээг давхар судалж байсан. Монгол бүжгийн үндсэн хөдөлгөөний гаргалгаанууд багшид байдгаараа онцлог. Үүнээс үүдээд хойч үеийнхэнд Д.Нанжид багшийн дэг сургууль тогтжээ. 1993 оноос СУИС-д багшлахдаа “Монголын уламжлалт бүжиг” гэсэн хөтөлбөр гаргаж сургалтад бүрэн нэвтрүүлсэн байдаг. Энэ хүний зааж сургаснаар орчин цагийн бүжгийн урлагийг өнгөлж яваа авьяастай уран бүтээлчид төрсөн. Өнөөдөр бүжгийн салбарт хамгийн бүтээмжтэй ажиллаж байгаа уран бүтээлчид бол Д.Нанжид багшийн шавь нар юм. Хамгийн сүүлд Д.Энхгэрэл, Б.Баярбаатар гэсэн хоёр шавь нь Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан. Энэ уран бүтээлчдийг энэ цагийн бүжгийн урлагийн гол төлөөлөл гэдэгтэй хэн ч маргахгүй. Мөн СУИС-д бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг, саяхан докторын зэрэг хамгаалсан н.Эрдэнэхорлоо нар багшилж байна. Энэ хүмүүс Д.Нанжид багшийн арга барилаас суралцсан шавь нар нь юм.
 
–Таны хувьд уран бүтээлээрээ багштайгаа хэзээнээс холбогдсон бэ?
 
-2010 оны үед Монгол уламжлалт бүжиг, бий биелгээний хөдөлгөөн ямар нэгэн утга илэрхийлдэг үү гэж сонирхож байхдаа багштай танилцаж, ярилцлага авч байлаа. Энэ үеэс холбогдож, 2015 онд СУИС-д хамтдаа багшилж эхэлсэн. Багш зургаан сурах бичиг зохиосон. Эдгээр бүтээл нь Монголын бүжигчин мэргэжлээр суралцаж буй оюутан болон багш нарын ширээний ном болсон. 1972 онд н.Жав багштай хамтарч бичсэн “Монгол ардын болон сонгодог бүжгийн үндсэн дасгалууд” номыг нь өнөөгийн бүжгийн урлагийн амин сүнс гэж хэлж болно. Мөн 2003 онд “Монгол бүжгийн дэг зохиомж”, 2009 онд “Монгол бүжгийн түүхэн уламжлал, бүжгийн шинэ хандлага”, 2010 онд “Бий биелэгээний гайхамшиг” зэрэг ном бичсэн.
 
–Н.Нанжид багшийг хувь хүн талаас нь дүгнэвэл?
 
-Багш их даруухан. Нэг зүйлд би гайхдаг юм. Би анх СУИС-д багшлахаар ирэхдээ энэ мундаг багшийг Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар байх гэж боддог байлаа. Гэвч 1969 онд гавьяат жүжигчин цолоор шагнуулснаас хойш өнөөг хүртэл төрийн хайр хүндэтгэлийг хүртээгүй юм билээ. Гэтэл шавь нар нь өнөөдөр гавьяат болчихсон байна. Энэ бол бодууштай асуудал. Энэ хүний хөдөлмөр нэгэн үеийг төлөөлнө. Ингээд бодохоор жаахан харамсах сэтгэл төрдөг.
 
–Орон нутагт ажиллаж байхдаа массын бүжгийг дэлгэрүүлсэн гэдэг юм билээ?
 
-“Шаргын говийн ялаа”, “Агсал баатар”, “Хөтөл охин” зэрэг бүжгэн жүжигт нь энэ хандлага харагддаг. Н.Нанжид багш бол ховорхон авьяастай, уйгагүй хөдөлмөрч хүн. Ийм ховорхон уран бүтээлч хэдэн зуунд нэг төрдөг. Бүжгийн урлагийг хадгалж, авч үлдэнэ гэдэг хэцүү хөдөлмөр. Орчин үед бичлэг хийгээд үлдээж болох ч дахин тоглох бүтээлээ шинэчлэх шаардлага гардаг. Бид энэ сараас багшдаа зориулж “Д.Нанжид бүжгийн урлагт 70” жил цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ ажлын хүрээнд СУИС-ийн профессорын баг эрдэм шинжилгээний хурал хийхээр бэлдэж байна. Мөн амьдрал, уран бүтээлийнх нь тухай баримтат кино хийж, үзэсгэлэн зохион байгуулна.
 
 –СУИС хажуудаа профессорын багтай болсон. Энэ нь Монголын ардын урлаг тэр дундаа бүжгийн урлагт оруулж буй том хувь нэмэр гэж харж байна?
 
-2015 оноос эхлээд манай сургууль мэргэжил бүртээ профессорын баг бүрдүүлж, судалгаа шинжилгээний ажил хийж байна. Сургуулийн захиргаанаас намайг Монголын уламжлалт соёл, урлагийн бэлгэдэл зүйг судалдаг учир энэ багийг ахалж ажиллаач гэсэн санал тавьсан юм.
 
–Энэ багийн үйл ажиллагаа, судалгааны талаар танилцуулаач?
 
-Манай баг ардын урлаг тэр дундаа монгол бүжгийн урлагийг нэн эрт цагаас нь эхлэн одоог хүртэлх хөгжил, хувьслыг нь судлах зорилготой. Монгол орны уул, хадан дээр буй бүжгийн хөдөлгөөн байж болохуйц зураг дүрсүүд бий. Үүнийг орчин үеийн бүжгийн урлагт оруулж, монгол контент болгох талаар нарийн судалгаа хийж байна. Миний судалсан монгол бэлгэдэл зүйн хоёр үндсэн категорын нэг нь дүрсийн бэлгэдэл зүй, дохио зангааны бэлгэдэл зүй юм. Энэ хоёр категор хадны зургийн дүрс, дүрсээр илэрхийлж буй биеийн хөдөлгөөн судалгааны ажилтай минь холбогдож байна. Энэ ажлын үндсэн дээр “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” төслийг санаачлан ажилласан. Эхний удаад гурван бүжгэн жүжиг дэглэсний эхнийх нь Дундговь аймгийн Дэл уулын дөрвөлжин булшны ханан хадны зураг дээр байгаа бүжиглэж буй 17 хүний дүрс, биеийн хэлбэрээс санаа авч  бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” хэмээх бүжгэн жүжиг юм. Энэ бүтээлийг  шинэхэн гавьяат Д.Энхгэрэл багш дэглэсэн. Хэнтий аймгийн Биндэр уулын Рашаан хадан дээр буй 10 мянган жилийн өмнөх тамганы дунд бүжиглэж буй хүний дүрснээс сэдэвлэсэн “Тамганы бүжигчин” бүжгийг  М.Мөнгөнцэцэг багш дэглэсэн. Харин гурав дахь бүжгэн жүжиг нь “Босоо цагаан гурвалжин”. Энэ бүтээлийн дэглээчээр авьяаслаг уран бүтээлч Б.Баярбаатар ажиллаж байна.
 
-“Хөмөргөн гурвалжин” бүжгийн тухай та онцлооч. Энэ бүтээлийн гол санаа болсон хадны зураг хэдий үеийнх юм бэ?
 
-Архелогичид дөрвөлжин булшны үеийнх гэж тогтоосон. Энэ нь 10 мянга гаруй жилийн өмнөх гэсэн үг. Монголд харын хартай бөө буюу хорлогчин бөөг оршуулах өвөрмөц ёс заншил гэж байж. Энэ зан үйлийг хийхдээ зан үйлийн бүжиг дагалддаг байсан юм билээ. Үүнээс санаа авч, орчин үе рүү авчирч, хөдөлгөөнүүдийг нь дахин сэргээлээ. Бүтээлийг дэглэснээс хойш гадаадын олон орноос ирж тоглооч гэсэн санал тавьсан. “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжиг Монголын бүжгийн урлагт өвөрмөц, шинэ давалгаа болсон гэж найдаж байна.
 
–Монгол ардын бүжиг, бий биелгээ хэдийд үүссэн тухай хадны сүг зургаас мэдэх боломжтой юу?
 
-Тодорхой он тоолол хэлэхэд хэцүү. Өөрийнхөө судалж буй хадны сүг зургаас харахад Шинжаань Ойрдын савардан, баруун монгол бий биелгээ, олон үндэстэн ястны онцлогийг харуулсан хөдөлгөөнүүд ажиглагдсан. Энэ нь бидний бодсоноос илүү урт он цагийг туулсан гэдгийн баталгаа юм. Үүнээс харахад хүмүүс өөрийн хүсэл сонирхол, бодлыг бүжгээр илэрхийлдэг бүхэл бүтэн он цаг байсан гэж бид үзэж байна.
 
–Өнөөдрийн бүжгийн урлаг монгол, үндэсний утга агуулгаа хэр баримталж байна. Дэлхийн урлаг модерн тал руугаа эрчимтэй хөгжиж байна?
 
– Хэдийгээр орчин үеийн урсгалаа хөгжүүлэх ёстой ч үндэсний гэсэн язгуур сууриа алдахгүй байх ёстой. Энэ хоёрыг зөв хослуулж чадвал санаанд оромгүй газар авах магадлалтай. Язгуур урлаг бол дэлхийд эх орноо сурталчлах өв. Тиймээс энэ уламжлалаа алдахгүйгээр авч үлдэх нь уран бүтээлч бидний үүрэг. Тиймээс царцаах маягаар язгуур чанарыг нь авч үлдээд, уран бүтээлийг цааш нь хөгжүүлэх нь чухал.
 
–Хадны сүг зургийг судлахад сонирхолтой баримт олон таарав уу?
 
-Миний дөрвөн ботийн хоёр нь энэ хадны сүг зурагтай салшгүй холбоотой. Хүмүүс авианы хэлээр ойлголцохоосоо өмнө дохио зангаа, биеийн хөдөлгөөнөөр ойлголцдог байж. Үүний гэрч болох хүн болоод аман уламжлал  гэж байхгүй. Ганцхан үлдсэн зүйл нь энэ хадны зураг юм. Өмнө нь судалсан дохио зангааны бэлгэдэл хадны  зурагт байна уу гэвэл байна. Тэгэхээр соёлын чанад дохио гэдэг маань хэдхэн жилийн настай биш, хэдэн зууны настай байдаг юм. Үеэс үе дамжиж, бидэнд хүрч ирсэн байна.
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин