sonin.mn
Монголчуудын үгний баялаг барагдашгүй, хэлний соёл хэмжээлшгүй, ярианы язгуур яндашгүй болой. “Цаас хэмээх цагаан талаар бийр хэмээх морийг унаад сэтгэл хэмээх мөр үлдээж итгэл хэмээх зүг рүү давхив” гэдэг ч юмуу эсвэл “Увидаст үгийн хураар ухааны хөрсийг дэвтээхэд утгын сарнай дэлгэрмой” гэхэд л асуудал аяндаа ойлгомжтой. “Адаг хавьцаа даруухан сууж, ааш зангийн дөлгөөнийг сахиж, ашид баясгалант харцыг цогцлоож Рашаан хүртэх лугаа номыг сонс оо” гэж “Бодь мөрийн зэрэгт” байдгийг ч энд иш таталтай. Тэр ч битгий хэл “Хүн хэлээр, мал хөлөөр”, “Угийн шарх эдгэдэггүй, мэсийн шарх эдгэнэ” ... гэх мэтийн энгийн хэллэг ч эцсийн бүлэгт ихэд гүн бодрол, эгэлгүй нарийн философи гэлтэй. Өвгөд дээдсээс улбаатай өнө эртний түүх, өндөр их соёл, ёс уламжлалын бодит тусгал болсон өвөрмөц хэлц хэллэг, зүйр цэцэн цэлмэг хийгээд сургаал үгсээр монгол хэл машид дэлгэр.
 
Үүгээр дамжин Монгол түмний ертөнцийг үзэх үзэл, үлэмж дээдийн хүсэл мөрөөдөл, үй түмэн зорилго тэмүүлэл, үнэлж таашаах хийгээд үзэн ядах гэх зэрэг үйл хөдлөл илэрдэг. Өвөрмөц хэлцэд хоёр хоёрын дөрөв гэдэг шиг хойш ч үгүй, урагш ч үгүй хатуу царцанг хандлага зохихгүй. Наанатай, цаанатай, уян хатан, уужуу дэлгэр сэтгэж, цэлгэр бодож ухаарах учиртай. Зүйр цэцэн хийгээд сургаал үг гэхчилэн хэлний өөр бусад өнгө, элемент өвөрмөц хэлцэд их бага хэмжээгээр, ил далд хэлбэрээр хоршиж холилдох буюу айлсаж зэрэгцэнэ.
 
Тэнд дүрслэл, зүйрлэл, адилтгал, харьцуулал, төлөөлөл... бүгд бий. Идиом буюу өвөрмөц хэлц, хэллэгг аливаа хэлний тэр дундаа баялаг дэлгэр, бадрангуй цоглог бахдам сонсголонт төрөлх сайхан монгол хэлний минь хамаг сайхан амт, нүнжиг, шим шүлт шингээстэй, тэнхээлэг чанар, тэнгэрлэг увидас тээгдээстэй. Үүнийг ойлгомжтой болгох үүднээс ондоо зүйлтэй зүйрлэвээс, цайны бол дээж, сүүний бол цөцгий, шөлний бол тослог, архины бол охь, амттаны бол бал бурам нь юм даа.
 
Үүнээс наагуур үнэлэх ямар ч боломжгүй. Тийм дээрээс ч Монголдоо толгой цохих том хэл шинжээчийн нэг доктор, профессор Ж.Баянсан “Хэлц нэгж бол хийсвэрлэн сэтгэхийн дээд эрэмбийн үзэгдэл мөн” гэж тодорхойлсон. Яасан ч сүрхий олж онож хэлээв дээ. Амьтан хүний ой тойнд аяндаа бууж хоногшихоор амттай гоёор томъёолж гээч.
 
Төгс хэл шинжээч Д.Төмөртогоо ч юмуу алсад суугаа аралтай эрдэмтэн Ж.Бат-Ирээдүй нараа ч нэмээд нэрлэчихье. За ингээд зарим хэлцээс хэдийг агуулга шинжээр нь ангилан сэдэвчилж авч үзье.
 
Нэг.
 
Хүний мөс жудаг, нүүр нүнжиг, намба төрх нарийн ширийн ааш авирын тухайд:
 
-Хүн ёс дагана, нохой яс дагана;
 
-Хүнийг харж танихгүй, ханилж танина;
 
-Хүний муу хүн дайрдаг, Хүрзний муу чулуу дайрдаг;
 
-Муугийн балаг олонд тусна, могойн цус тэнгэрт олгойдно.
 
-Хорхойд гэмгүй дүртэй мэт мөртлөө хормой дороо агуйтай хүн байдаг;
 
-Үг нь гурил, зүрх нь царил;
 
-Бурхан дүртэй буг, тэнгэр дүртэй тийрэн;
 
-Хэлэн дээр нь чихэр тавиад, шилэн дээр нь хутга (мэс) зоох;
 
-Хүнс хивдэг шүд амны хөндийд, хүн хүлхдэг шүд атгаг сэтгэлд;
 
-Нуруундаа нугастай мэт нахилзаж бөхөлзөх, албан тушаалтны ард нь гарч алга хавсарч, урд нь сөгдөж уруул дэвсэх;
 
-Өөдгүй санаа өвөрлөж, өмхий элэг тэврэх;
 
-Ховоор хоол хийж хонзонгоор сэтгэл зогоох;
 
-Мөнгө дагаж сэтгэл ханьсах;
 
-Муугаас муу, модноос хөө;
 
-Хоолтой чоно хонгилд, хоосон чоно хоморгонд.
 
Хоёр.
 
Үг хэлний үнэ цэнэ, үүрэг хамаарал, үлдээх ул мөрийн тухайд:
 
-Үг үзүүргүй ч үхтэл хатгана;
 
-Бийрээр бичсэнийг балтаар цавчсан ч үл балармой;
 
-Уран үгээр улсыг хуурч, усан балингаар манийгаа молигодох;
 
-Чихэн дээр нь цэцэг ургуулах; -Бодлогогүй бурах нь шагайхгүй буудахтай адил;
 
-Үгийн цөөн нь үнэтэй, үхрийн олон нь өлзийтэй.
 
-Их ярих-Их андуу
 
Гурав.
 
Андын ёсыг дээдлэж, ач буяныг санах тухайд:
 
-Хагацашгүй сайн анддаа марташгүй муу үг бүү хэл;
 
-Хоёр анд уулзахгүй удваас хогийн өвс дунд нь ургачихвий;
 
-Сайхан инээмсэглэл болбоос өөр бусдын сэтгэлд нэвтрэх хамгийн дөт зам мөн;
 
-Хонь үргэвч хотондоо, ходоод хагаравч тогоондоо;
 
-Сайн муутайгаа нийлж гэр дүүрдэг, сархинаг гүзээтэйгээ нийлж тогоо дүүрдэг;
 
-Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг чинь л өөрөө асар том философи, ачийг санах ухаарал, этимологи буюу үгийн гарлын үүднээс үзвэл энэ хэллэг хятад гаралтай байж ч болох.
 
Дөрөв.
 
Эрдэм оюуныг эрхэмлэж дээдлэх тал дээр:
 
-Ухаан далай номоос эхтэй, усан далай булгаас эхтэй
 
-Эрх танхийн үүрэнд эрдэм ухаан тогтохгүй, эгц уулын энгэрт ус тогтохгүй; 
 
-Авьяасыг цоожилдоггүй;
 
PS. Монгол Улсын эрдэм мэдлэгийн ууган их уурхай гэгддэг МУИС-ийн захирал доктор, профессор Я.Төмөрбаатар сургуулийнхаа 75 жилййн ойн мэндчилгээгээ: “Эрдмийн хэт цохивоос хөгжлийн гал бадармой” гэсэн билэг дэмбэрэлт өвөрмөц яруу үгээр өндөрлөсөн нь яасан сайхан санагдсан гээч.
 
Тав.
 
Сэрэмж болгоомжтой байх тухайд: 
 
-Хажууд дайсан, хананд чих,
 
-Хоймрын хөөрөө хотонд сонсогдоно (малчны хотонд);
 
-Өргөсний хор үзүүртээ, өстний хор дотроо;
 
-Өөдгүй санаа өвөрлөж, өмхий элэг тэврэх;
 
-Хорхойд гэмгүй мэт дүртэй атлаа хормой дороо агуйтай хүн ч байдаг л даа
 
Зургаа.
 
Хэм ёс сахиж, хэмжээ тааруулж, хэрээ мэдэж тараа танихын тухайд:
 
-Юм бүхэн хэмжээтэй, хэмжээ нь хэтэрсэн болгон хортой;
 
-Бүргэдийн дэвэлт болжморт ахдана, арслангийн авир мууранд зохихгүй; 
 
-Тэсвэрт хязгаар, тэргэнд татлага. 
 
-Задгай сэтгэлийг хумиж, тэвчээрийн багананд хүлэх
 
-Явж сураагүй байж гүйх гэх, ярьж сураагүй байж маргах гэх
 
Долоо.
 
Монголчууд ихэд эрүүл ахуйч, айхтар цэмцгэр ард түмэн мөн болохын тухайд:
 
-Таараагүй идэш тамын түлш;
 
-Гэнэт цадах гэдсэнд халтай;
 
-Хоол ихэдвэл хор болно;
 
-Эрүүл биед саруул ухаан;
 
-Бүтэн нойрсолт мянган лангийн үнэтэй.
 
Найм.
 
Монголчууд болбоос айхтар ажигч, асар шинжээч, анатомич ард түмэн болой. Манай өвгөд дээдэс хүний бие махбодийн эд эс, эрхтэн тогтолцоо, анатоми, физиологийн тухай мөн ч сонин, тун ч нарийн ширийн ойлголт, төсөөлөлтэй байсан нь хэл, ярианд нь хэвшиж тусгалаа олсон байдаг.
 
-Алаг бөөрийн сүлбээтэй, алтан ёсны хэлхээтэй;
 
- Уруул дордойвч элэг дордойхгүй;
 
-Зөс хөөрөх, сэтгэл сэнсрэх, шээс алдах (атаархал), ухаанаа уух (согтуурах)
 
Аливааг сэхээрүүлэхэд хэрэглэдэг хэллэг нь анатомич, ажигч, шинжээч ард түмэн болохыг ахин, дахин батлана. Согтохыг хөл туйвах, тархи дүйрэх, мал болох, нохой гурав харагдах гэх мэт.
 
Ард зоныг аугаа гэвээс зохилтой анатомич түмэн гэдгийг амсуулахын төдийд хөндлөө. Барьцыг нь лавшруулж судалбаас барагдашгүй баялаг сонин сэдэв шүү.
 
Ес.
 
Өтөл насны тухайд:
 
-Уул харах нүдгүй, уушги даах шүдгүй боллоо доо;
 
-Хүн өтлөхөөрөө хөнжилтэй ханьсана, хүлэг өтлөхөөрөө илжигтэй ижилсэнэ; 
 
-Нартай өдрийн цасан овоохой, салхитай өдрийн өвсөн овоохой мэт өмхөрч, доройтож, дордож сульдаж дуусч байна даа;
-Хүн залуугаараа байдаггүй, хүлээс чангаараа байдаггүй, хөвд ногооноороо байдаггүй;
 
-Жирэмсэн эмийн шээх газраас хол явж хүчрэхгүй, жижиг тугалын бэлчих зайнаас цааш алхах тэнхэлгүй болчихдог байгаа.
 
-Насны нар шингэнээ гэгч энэ.
 
Арав.
 
Ертөнцийн мөнх бусын тухайд:
 
Үхэх, тонилох, мажийх, далд орох гэхчилэнгийн тааламжгүй хэллэг зөндөө байдаг ч үүнийг хэрэглэхийг урьдал болгодоггүй. Энэ бол их том соёл. Улайм цайм тэгж тас тус хэлж увайгүйдэхийг урьдал болгодоггүй. Ингэхийн оронд яадаг вэ гэхээр ихэд цээрлэж цэрвэж цэвэр эерэг тухайлбал;
 
-Ханат гэрээс гарч, хадан гэртээ очих; 
 
-Нүд аних, таалал төгсөх, бурхан болох, ертөнцийн мөнх бусыг үзэх, хөл жийх, жанч халах.... гэхчилэн.
 
Энд хүнлэг ёс, энэрэнгүй үзэл ... гээд олон олон олдошгүй онцлог үнэт шилдэг шинж чанар цөм шингээстэй.
 
Арван нэг.
 
Монгол хэл, сэтгэхүйд харьцангуйн онол хамааралтай болох нь:
 
-Шинэ саранд ч толбо бий, ширхэг үсэнд ч сүүдэр бий;
 
-Гэрэл байсан цагт сүүдэр байж л таараа. Ухаант Д.Урианхайн хэлсэнчлэн сайн юм бүхэн өөрийн гэсэн эсэргүүцэлтэй. Хичнээн сайн байх тусам төчнөөн их эсэргүүцэлтэй.
 
Амьдрал гэдэг сонин. Сонин нь юундаа байдаг вэ гэхээр хамгийн чухал юм л хамгийн хэцүү байдаг. Сайн явахад хэцүү, муу явахад амар.
 
Утга төгөлдөр амьдрал гэдэг угтаа тэмцэл. Үнэхээр тэмцэл мөн юм бол түүнийг сөрөх хүч байж л таараа. Амьдралын энэ эгэл үнэнийг эртээс ухаарсан ахмад үе маань “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Гар хөдөлбөл ам тосдоно, сайн юманд саад мундахгүй, зовсон хүн жаргаж, зогссон морь амардаг, идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг хэмээн хэлчихсэн л байгаа юм даа. Ахмадын сургаал алт гэдэг ч энэ мөн дөө.
 
Арван хоёр.
 
Өөдрөг үзэл, өрнүүн бодолтой байхын тухайд:
 
Чамлахаар чанга атга гэгчээр байгаагаараа бахархаж, толгой дээгүүр цээж тэнэгэр, сэтгэл хангалуун байхыг хичээх. 
 
Ашдын билгээс амны билэг гэгчээр юм болгонд хараал урсгаж, муу амлаж, эвэр эрүүдээд байдаггүй. 
 
Гахай тэнгэр хардаггүй, худгийн мэлхий нар үзэхгүй адил байж боломгүй. Болж өгвөл юмыг өөдрөгөөр сэтгэх. 
 
Уулын бол өндрийг, усны бол тунгалгийг, юмны бол гэрэл, гэгээтэй талаас харахыг хичээх нь зөв болов уу. 
 
Сургаал айлдах ч гээгүй л дээ, санаснаа л хэлчихлээ. Авахгүй байсан ч болно. Тэгэхдээ юм бүгдийг голж, сэгсэрч, шидэж хаяад баймгүй. Үнэлэхээ үнэлж, хүндэтгэхээ хүндэлж, шүтэхээ шүтэж, дээдлэхээ дээдлэх нь зөв байх аа.
 
Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана гэгчээр алтыг танихгүй гууль хэмээн шидэж, Рашааныг мэдрэхгүй ус хэмээн тургиж таарамгүй. Тэгэхдээ үнэхээр муу, муухай болж бүтэхгүй юмыг бол хэлж шүүмжлэх нь зүй.
 
Арван гурав.
 
Үзэгдэх илэрхийлэл төдийг бус мөн чанарыг голлох нь:
 
-Царайны сайхнаар цай сүлэхгүй; 
 
-Чөмөггүй байж туг ширээ царайлах, дүр эсгэж, сүр бадруулах;
 
-Усан буугаар шүршдэг нусан баатрууд алийг тэр гэх;
 
-Ам бардан, ажил жол, бэлэн ам, шалдан гуя.
 
-Хэлэх нь дэлхий, хийх нь мэлхий, хийдэг нь аргаа олно, хийдэггүй нь шалтаг хайна гэх мэт аазгай хөдлөм хүчтэй хэллэг аяндаа үүсээгүй, амьдралаас үүдэлтэй;
 
-Худалч хүний “нээрээ” нь олон, хуурамч хүний “хөөрхий" нь олон; 
-Сонсгоход үг авдаггүй хүнд юм хэлэх нь сохор хүнд толь бариулснаас ялгаа юун.
 
Арван дөрөв.
 
Монголчуудад аль дээрээс улбаатай аугаа дэлгэр авьяас, айхтар гүн бодол, Адамаас угшилтай сүүхээ, авсаар ойлгогдохооргүй овсгоо аль аль нь заяажээ.
 
Тийм дээрээс ч “Таны мэддэг дангийн жаа, давхар жаагаар нүүнэ шүү хэмээн” хэлэмтгий.
 
Арван тав.
 
Бийрээр бичсэнийг балтаар цавчсан ч үл балармой хэмээн айлддаг ард түмнийг тань оюуны үнэлэмжгүй үндэстэн хэмээн хэлж хэн зүрхлэх вэ дээ. “Балт”-аар цавчих гэдэг ч цаанаа цараатай, угтаа учиртай ухагдахуун. Балт сүх гэдэг жирийн нэгэн жижиг хангинуур хөнгөн сүх ердөө ч бус. Ер бишийн гэхүйц даац даамай, буулт жинтэй бөгөөд булиа гарын ая даах аварга сүх.
 
Бийрээр бичсэнийг балтаар цавчсан ч үл балармой гэсэн энэ аугаа зүйрлэл дээр эргэж хургаж ихийг өгүүлж болох.
 
Дэлгэр утга тэгш бодол, тэнэгэр сэтгэл тээдэг дээрээс аль ч хэлээр илэрхийлэхэд адармаа үүсэхгүй, амт нь саарахгүй. Хүмүүн төрөлхтний өнө эртний өвөг хэл латинаар гэхэд л “Calamus fortior gladio", алаг хорвоогийн хаан хэл болох Англиар гэхэд л “The pen is mightier than the sword”... гэж байх жишээтэй.
 
Хаанахын ямар ч ярвиг адармаатай хэллэгийг орчуулахад орлох эквивалент (дүйц, тэнцүү чанар) олдохгүйн зовлон, дутахын гачаал манай хэлд тохиолдох нь машид ховор.
 
Өнө эртний уламжлалт, өндөр их соёлт миний ард зоны хэл ч мөн ч баялаг шүү дээ. Дуунд гардагчлан “бахархмаараа” гэлтэй. Шавхагдашгүй гэхэд болно. Монголчуудын сайн мэддэг Оросоор: Неиссякаемый, неисчерпаемый.... гэдэг биз дээ.
 
Англиар: inexhaustible гэдэг ч билүү. Монгол хэл баялгаар барахгүй сонсголонтой сайхан тансаг гоё хэл. Нөгөөтэйгүүр хөрвөх чадвар сайтай хэл. Тиймдээ ч хэр баргийн харь хэлцийг Монголчлоход буулгаж л чаддаг юм бол үг олдохгүйн үйл гачаал, барцад саад барагтайд тулгарахгүй. Цаана нь хаяна уу гэхээс бус наана дутаахааргүй. 
Ёстой нөгөө “Цаас хэмээх цагаан талаар бийр хэмээх морийг унаад, сэтгэл хэмээх мөр үлдээж, итгэл хэмээх зүг рүү давхив” гэгч л болно шүү дээ. Үүнийг өгүүлснээрээ бивээр баялаг тансаг бахдам сайхан барагдашгүй дэлгэр Монгол хэлцээс дээжлэхийн, арвин сангаас нь амсуулахын төдийд толилуулбаас ийн буюу.
 
 
Ц.Дашдондов
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор