sonin.mn
Монгол Улсын нэрт геологичдын нэг, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Сумъяаг салбарынхан нь “Давс”-ны хэмээн овоглодог. Ажил, мэргэжилдээ эзэн болж, түүгээрээ нэршиж, овоглуулах хүртэл ажиллана гэдэг тухайн хүний  хөдөлмөр зүтгэл, сэтгэлийн илэрхийлэл биз ээ.  Ж.Сумъяа  Архангай аймгийн Сант сумын уугуул. Гэхдээ бага насаа  Өвөрхангай аймгийн Хужирт суманд өнгөрүүлсэн хүн.  Эгч, хүргэн ах хоёр  нь багш байсан  болохоор  багаасаа  ном уншиж,   өөрийгөө дайчилж ирсэн тухайн үеийн оюунлаг  хүүхдүүдийн нэг.  Тэр үеийн 17-18 мянган үгтэй толь бичгийг цээжилчихсэн байсан нь түүний хувьд том дэвшил байж.
 
Орос хэлэнд  үеийнхнээсээ гаргууд, толгой сайтай сэргэлэн хүү  Бямбын Ренчин гуайд захидал бичиж  харилцаж байсан түүхтэй. Түүнийг хүүхэд байхад   Польшийн  залуу эрдэмтэд  дэлхийд ноёрхож байж.  Одоогийнхоор  бол газар зүйн том судалгаа  явж байжээ. Хэл ус мэддэгийн хувиар газар зүйн шинжлэх ухааны  талаар сонирхон олон ном, зохиол судалж, тэр үеэс өөрийгөө бэлдэх хэрэгтэй юм байна гэж бодож эхэлсэн гэдэг. Ингээд    геологич болбол өөрийгөө яаж бэлдсэн байх ёстой юм гэдэг чухал асуудалд ямар нэгэн юмнаас айж эмээхгүй шамдан орсон нь  энэ салбарт давсны судалгаанаас эхлээд олон эрэл хайгуул, үр бүтээлтэй ажлын суурийг тавьж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан хүртэл хөдөлмөр зүтгэлээ улс эх орондоо зориулсан байна.
 
Ж.Сумъяа МУИС-ийн Геологи газар зүйн ангид суралцаж төгсчээ. Академич Р.Барсболдын удирдлагад суралцаж, тухайн үеийн багш нар шавь нараа бие даалгаж сургадаг байсан учир тэр л ном журмаас гажсангүй. Гэхдээ багшийн зааснаас илүүг сурах хүсэлдээ хөтлөгдөн өөрийгөө дайчилсан нь олонтаа. Сургуулиа төгсч ажлын талбарт гарахад Геологийн яаманд хуваарилагджээ.  Тэр  үед ихэнх нь ЗХУ, Чех улсад  сургууль төгссөн хүмүүс  даргын албанд очдог байж. Монгол Улс даяар хөдөө аж ахуйг хөгжүүлэх том асуудал тулгамдаж байсан үе санж. Тэр үеэс л  хөдөө аж ахуйд  хэрэглэх давсны  хэрэглээ их болж үйлдвэрүүд шинээр  баригджээ. Хоолны давс гэхэд  л  1500 үйлдвэрт ашиглагддаг. Тэр болгоныг гадаадаас авахгүй гэдэг үүднээс  манай улс дотооддоо   давсны судалгааг эхлүүлсэн байна. Энэ үеэс  Ж.Сумъяа давсны судалгаа  руу оржээ.
 
Давсны судалгаа хийх  хэцүү,   голдуу зун судалдаг. Нууранд өрөм, хүрз бариад явах хүнд хөдөлмөр. Энэ ажлыг хийж зовлонг нь биеэрээ мэдэрч явсан болохоор янз бүрийн асуудал  дэвшүүлж үзэж. Тэр дотроос  “Яагаад  өвөл судалж  болохгүй гэж.  Өвөл судалгаагаа хийчихье.   Зун ажиглалтын  цэгүүд байгуулъя”  гэснээр   судалгааны шинэ арга барил гаргаж ирж, түүндээ   урамшин ид ажилдаа гаршин ажиллах болжээ. Тэр үед  “Давс”-ны дөрвөн ч  анги гарч ажилласны  хамгийн отгон дарга нь “Давс”-ны Сумъяа юм.  Энэ  ажлыг гардан авахад  зааж сургах хүн олон  байсан ч  тэрээр  давхар ном, сурах бичиг судалж, түүнээсээ  мэдэхгүй зүйлээ мэдэж авдаг байжээ. Учир нь “Давс”-ны ангийн өмнөх дарга нь түүнд  ажлаа хүлээлгэж өгөөд  сайд болж дэвшсэн учраас  “Би энэ ажлыг нь унагаахгүй авч явах ёстой”  гэсэн үүрэг хариуцлага ирсэн аж.  Ийнхүү 25 жил “Давс”-ны ангийг удирдаж, ангийн дарга, ерөнхий геологич хийсэн хүн  энэ салбарт Ж.Сумъяагаас  өөр байхгүй  ажээ.
 
1945 онд Америкийн нэгэн мужид содны том ордыг  дэлхийд анх удаагаа нээсэн бол Монголд 1942 онд бас нэгэн геологич нээсэн нь Увс аймгийн Буултын нууранд судалгаа хийсэн  Ж.Сумъяа юм. Тэндээс   доод тал нь хоёр метр зузаан содны эрдэс  нээсэн бөгөөд  содны эрдэс нь  байгальд  ховор байдаг. Тэрээр дандаа давсаар дагнаж судалгаа, эрдэм шинжилгээний ажил  хийдэг байсан болохоор  геологийнхон “Давс”-ны Сумъяа гэж нэрлэсэн байна. Энэ хугацаанд тэрээр шинжлэх ухааны номууд, сурах бичиг, уран зохиол, түүх, яруу найргийн түүвэр   бичиж, хэвлүүлсний дотор  Давст уулын талаар ч бичсэн байдаг. “Давст уулыг  яагаад  Орост  өгсөн бэ” гэдэг эрэл хайгуулыг ч олон жил хийж ирсэн. Өдгөө тэрээр  “Давст уулыг тувачуудтай хамтраад ашиглаж байсан хэдий ч  Тувачууд өгөхгүй болохоор нь  1958 оноос Оросын нутгаас хязгаарлаж байснаас эхлээд энэ асуудлын  эргэн тойронд шинжлэх ухааны баримт, мэдээллээр баяжуулсан  бодит түүхийг бичиж, уншигчдадаа хүргэхээр зэхэж байна. Үнэндээ Давст уулын бодит түүхийг “Давс”-ны Сумъяагаас илүү мэдэж, бичих нь хэн бол гэсэн хүлээлт ч энэ салбарынхны дунд бий болжээ.
 
 
Ш.Оюунжаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин