sonin.mn
ТБИЛИСИ. /Би-Би-Си/. Гүржээс олдсон ваарнууд нь 8000 жилийн тэртээгээс усан үзмээр дарс үйлдвэрлэж эхэлсний нотолгоо боллоо гэж эрдэмтэн судлаачид мэдэгдлээ.
 
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр,  Гүржийн нийслэл Тбилиси хотоос өмнө зүгт 50 орчим км зайтай орших хоёр газраас дарсны хатсан үлдэгдэл бүхий ваарнууд саяхан олджээ. Зарим вааран дээр нь усан үзэм болон бүжиглэж буй эрэгтэй хүний зураг байна.
 
Ираны баруун хойд нутгаас хэдэн жилийн өмнө 7000 жилийн тэртээд хамаарах дарсны ваар олдож байсан юм. Үүнд үндэслэн хүн төрөлхтөн 7000 жилийн тэртээгээс усан үзмээр дарс хийж эхэлсэн гэсэн дүгнэлтэд эрдэмтэн судлаачид хүрч байсан билээ.
 
Харин Торонтогийн их сургуулийн судлаач Стивен Батиук өчигдөр мэдэгдэл хийхдээ “Гүржээс олдсон энэ олдворыг дарс үйлдвэрлэж эхэлсний хамгийн эртний ул мөр гэж бид үзэж байна” гэжээ.
 
 
Судлаачдын мэдэгдсэнээр, Хятадад МЭӨ 7000 орчим жилийн тэртээд усан үзмээр бус будаа, зөгийн бал зэргийг исгэн дарс хийж эхэлсэн гэнэ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг