sonin.mn
"Иракийн эрх чөлөө" ажиллагаанд оролцсон Монгол улсын зэвсэгт хүчний хоёрдугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд уриалах нь
 
Хүнд бэрх цагийг хамт туулж, хүний нутгийн өглөөний нарыг харуулын цамхаг дээр угтахдаа хөнөөл дагуулсан аймшигт шөнийг ардаа хийж амьд хоносондоо баярлаж, эх орныхоо байгаа зүг рүү итгэл хөвөрдөн залбирч асан элэг, жагсаал нэгт эрхэм журмын дайчин нөхөд та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг эрж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
 
Бидний хөлс, цус, хөдөлмөр зүтгэл шингэж, Монгол цэргийн түүхийн бас нэгэн шинэ хуудсыг мөнхөлсөн “Иракийн эрх чөлөө” ажиллагаа түүх болон үлдэж байгаа хэдий ч тэрхүү амь нас, атга зүрх дэнсэлсэн хүнд бэрх цагийн дурсамжууд бидний зүрх сэтгэлд оршсоор байгаа гэдэгтэй хэн ч үл маргах ...
Төв өө! төв өө! Харуулын гуравдугаар цэг илтгэж байна. Нэгдүгээр цэгийн дэргэд маш хүчтэй дэлбэрэлт болж, нэгдүгээр цэгийг устгачих боллоо. Манай харуулын цамхаг дэлбэрэлтийн цохих долгионд өртөж гэмтсэн, хаалга гажаад онгойхгүй байна. Надад юу ч харагдахгүй байна. Хоёрдугаар цэг дээрээс Самбуу-Ёндон аль нэг зүг рүү урт ээлжээр буудаад байна. Дэлбэрэлтийн өмнө бас нэг дэлбэрэлт болж, дараа нь Аззаяа нэгийн галаар гурван удаа буудсан. Би болсон явдлыг яг тухайн үед нь илтгэж амжаагүй. Самбуу-Ёндонгийн хяналтын секторт дутуу баригдсан улаан тоосгон байшингийн цонхноос гранатомётоор буудах шиг болоод ... Би өөрийнхөө галын секторт хяналт тавьж байлаа. Миний галын секторт одоогоор гарсан хэрэг зөрчилгүй. Бусад цэгийн харуулууд дэлбэрэлт болж байхад дүрмийн дагуу цамхагаасаа бууж хоргодох байрандаа орохгүй, тус тусын сектортоо ажиглалт хийсээр байна. Тэднийг буулгаж хоргодох байранд нь оруулах хэрэгтэй байна. Миний хаалга онгойхгүй ... /2004 оны 02 дугаар сарын 18-ны өглөөний 07:19 цагийн харуулын илтгэл/
 
Төв өө! төв өө! Харуулын дөрөвдүгээр цэг илтгэж байна. Аль Хилла голын цаад эргийн зам дээрээс бааз руу чиглэсэн 60 мм-ийн миномётын гурван удаагийн чиглэсэн буудлага боллоо. Минууз баазын төв хэсэгт зогсож байгаа шатахууны машинуудын ойролцоо дэлбэрлээ. Мина дэлбэрсэн талын хамгийн олон машин тавигддаг зогсоол дээр өнөө шөнө машинууд хоноогүй. Сөрөг хүчнийхэн хонож байгаа гэж бодож байгаа бололтой. Өөдөөс нь харсан нөгөө талын зогсоол дээр нь Америкийн 36 тоннын даацтай 12 нэгж дүүрэн шатахуунтай машин хонож байгаа ... /2004 оны 04 дүгээр сарын 28-ны шөнийн 23:06 цагийн харуулын илтгэлийн хэсгээс/
Энэ бяцхан тэмдэглэл маань та бүхэнд элж одсон тэр цаг мөчийг эргүүлж авчирсан гэж итгэнэ. Мукдада Аль Садр хэмээгч этгээдээр толгойлуулсан “Махдийн арми” гэгч сөрөг хүчнийхэн Эвслийн цэргийн эсрэг “Ариун дайн” зарлаж, Ирак даяар аллага таллага, халдлага довтолгоон өрнөж, хөл толгойгоо алдаж байсан тэр хүнд үед “Дайзанд сум, биеэнд амь буй цагт бид тушаал биелүүлэх болно” гэсэн “Цэрэг” сониныхоо дайчин уриаг санаж байгаа биз дээ.
 
Та бүхэн минь санаж байгаа. Харь газрын халуун тэр өдрүүд хар дарж сэрсэн шөнийн зүүдэнд хургаа ...
Хүний амьдралд найз, нөхөд, хамт олон чухал байр суурь эзлэх. Тэр дундаа цэрэг хүний, тасаг, салаа, ротын нөхөрлөл шиг насан турш үл хувирах нандин үнэнч нөхөрлөл гэж үгүй. Байдаг ч байж болох. Гэвч бидний Иракт үзэж туулсан болгоныг биднээс өөр хэн ч мэдэхгүй, төсөөлөх ч үгүй адил би л лав мэдэхгүй.
Бидний дундаас нэг маань хүнд өвчний улмаас шаналж, хүйлэн их орчлон эхийн хүйнээс хөх толботны удамт хөх шандсаараа торж байна.
 
Шижирбаатарын Самбуу-Ёндонгийнхоо хар дайны гал дундаас харамлаж авч үлдсэн халуун амины төлөө хамаг мэдэх, чадах бүхнээ зориулцгаая. Халуун журмын нөхөд минь ээ.
 
Та биднийг “Төв” дуудаж байна. Рот жагс!
Далдуу модны шархтай мөчирт
Сүү болж дусах гээд
Дайзтай сум, бууны аманд
Цэцэг болж ургах гээд
Илчит сэтгэлээ хадаглаж өргөөд
Иракийн тэнгэрт тугаа мандуулсан
Бид эвийн цэнхэр далбаа
Бид энхийн монгол цэрэг ээ ...
 
Хоёрдугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд хэвлэл олон нийттэй харилцах офицер, цэргийн сэтгүүлчийн үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа С.Зоригтбаатар
 
"Иракийн дуулал" дууг танд хүргэж байна.