sonin.mn
Нийслэлийн Багахангай дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа Л.Баатарзоригтыг "Хувилбартай асуулт"-ын зочноор урьж ярилцлаа.
 
Та ямар улиралд төрсөн бэ? 
 
-Хавар. Дэлхий дэлэгнэсэн хамгийн сайхан улирал шүү дээ.
 
Хүүхэд насны хөгжилтэй дурсамж...
 
-Миний ээж Завхан аймгийн 20 дугаар баазын хөдөө ажлын тэрэг барьдаг ганц эмэгтэй жолооч байсан юм. Байс гээд л хөдөө явна. Хүүхэд болсон хойно ээжийгээ дагана шүү дээ. Хэрэв ээж зөвшөөрөхгүй бол нууцаар машиных нь ард суучихна. Тэгээд аймгийн төвөөс гараад нэлээд явсных нь дараа гараад ирнэ биз дээ. Ингээд л ээж минь намайг үнсэж, өхөөрдөөд л аваад явдаг байж билээ.
 
Бахархал... 
 
-Цэргийн хүн болсноороо, ажил албаараа бахархаж явдаг даа.
 
Хобби...
 
-Танкийн макет цуглуулдаг. Гэхдээ хэнд ч байхгүй, хаана ч давтагдахгүй өвөрмөцийг.
 
Мөрөөдөл...
 
-Нийтийн дууны шүлгээр нэрт мастер болох.
 
Дуртай спорт...
 
-Буудлага.
 
Хэлэх дуртай үг?
 
-Цаг хугацаа үнэний бөгөөд бүхний шалгуур.
 
Таныхаар хайр ямар өнгөтэй вэ? 
 
-Солонгын өнгөтэй.
 
Бурхан чөтгөр хоёрт юу гэж захих вэ? 
 
-Худалч хүн хойморт, үнэнч хүн үүдэнд суудаг болжээ. Үүнийг үтэр түргэн солиод өгөөч ээ гэж гуйна даа.
 
Уурласан, баярласан үедээ... 
 
-Уурласан үедээ хатуу үг хэлдэг ч баярласан үедээ уучлал гуйж чаддаг.
 
Та хэр өр нимгэн хүн бэ? 
 
-Хүн бүрт аль болох сэтгэлээсээ ханддаг.
 
Үзэн яддаг зүйл? 
 
-Урдаас харж инээчихээд араар муулдаг хүмүүс, тэр тусмаа тийм эр хүнд хамгийн дургүй.
 
Эх орон гэж юу вэ? 
 
-Өвгөдийн минь цусаа урсгаж, алтан амиараа хамгаалж, ясаараа тулж үлдээсэн газар шороо.
 
Амьдралд хар, цагаан өнгө хэрхэн хослодог бол? 
 
-Эн тэнцүүхэн хосолдог.
 
Хүндэлдэг хүн? 
 
-Курсийн дарга, бэлтгэл хурандаа С.Ноов.
 
Баярлалаа гэдэг үгийг хамгийн сүүлд хэзээ хэлсэн бэ?
 
-Саяхан ЗХЖШ-ын даргын тушаалаар хурандаа хэмээх эрхэм цолыг хүртсэн. Мэдээж цэргийн хүний ёсоор БХЯ, ЗХЖШ, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын удирдлагуудад илтгэж, баярлалаа гэж хэлсэн дээ.
 
Өмсөх дуртай хувцас... 
 
-Чөлөөт хувцас биед амар байдаг юм.
 
Дуртай хоол... 
 
-Гурилтай шөл.
 
Шүтлэгтэй юу? 
 
-Тийм ээ.
 
Таны эрхэмлэдэг зан чанар... 
 
-Шударга ёсыг л дээдлэнэ.
 
Сүүлийн асуултыг таны мэдэлд үлдээе... 
 
-Амьдралд зөв байж, аливаа асуудалд хүлээцтэй хандахад л хангалттай. Аяндаа цаг хугацаа бүхнийг харуулдаг.
 
“Хувилбартай асуулт”-д цаг гаргасанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!
 
 
ахмад Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин