sonin.mn
ТОКИО. /Би-Би-Си/. Галт тэрэг нь хөдлөх ёстой цагаасаа 20 секундийн өмнө хөдөлсөнтэй холбогдуулан Японы төмөр замын нэгэн компани үйлчлүүлэгчдээсээ уучлалт гуйжээ.
 
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр,  Токио хот болон Цүкүба хотыг холбодог “Цүкүба Экспресс” шугамын галт тэрэг нь цагийн хуваарийн дагуу өглөөний /энэ долоо хоногийн мягмар гарагийн/ 9:44:40 цаг хөдлөх ёстой байсан боловч 9:44:20 цагт хөдөлсөнтэй холбогдуулан “Метрополитан Интерсити Рэйлвэй” компани үйлчлүүлэгчдээсээ албан ёсоор уучлалт гуйсан байна.
 
Тус компаниас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, ажилтан нь цагийн хуваарийг шалгаж хараагүйн улмаас ийм хэрэг болсон гэнэ.
 
20 секундийн өмнө хөдөллөө гэж нэг ч зорчигч гомдол мэдүүлээгүй байхад алдаа гаргаснаа шударгаар мэдэгдэж, уучлалт гуйсан тус компанийг нийгмийн сүлжээ хэрэглэгчид магтан сайшаацгааж байна.
 
Японд галт тэрэг цагийн хуваарьт зааснаасаа түрүүлж эсвэл хоцорч хөдлөх тохиолдол бараг гардаггүй аж.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг