Тамхинаас болж энэ зууны төгсгөл гэхэд нэг тэрбум гаруй хүн хорвоог орхино гэжээ

Нийтэлсэн: 2017-11-17 12:28:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс өнөөдөр сэтгүүлчдийн дунд “Тамхи-таны сонгол биш” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг өрнүүллээ.
 
Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн тамхи татаж байгаагийн дөрөвний нэг орчим нь насанд хүрэгчид бөгөөд тамхины хэрэглээ жил бүр 7.2 сая гаруй хүнийг үхэлд хүргэж байна. Хүн амын өсөлтийн зэрэгцээ тамхины үйлдвэрүүдээс явуулж буй маркетингийн эрчимтэй үйл ажиллагааны улмаас тамхины хэрэглээ өсөн нэмэгдсээр байна. Энэ байдлаар үргэлжилбэл 2030 он гэхэд 10 саяас илүү хүн, энэ зууны төгсгөл гэхэд нэг тэрбум гаруй хүн хорвоог орхиж магадгүй байгааг ДЭМБ-аас анхааруулжээ.
 
Харин Монгол Улсад хүн амын дунд тамхины хэрэглээ 27.1 хувь, эрэгтэйчүүдийн 49.1 хувь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь, өмнөх онуудтай харьцуулахад 2005 онд 26.6 хувь, 2009 онд 27.6 хувь, гэртээ дам тамхидалтад 40.9 хувь, ажлын байрны дам тамхидалтад өртөх нь 25.5 хувьд хүрчээ.
 
НЭМҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Цогтбаатар тамхины хэрэглээ, хууль эрхзүйн орчин, олон улсын туршлага, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар “Тамхи-танил сэдэв байсаар байх уу?” танилцуулга хийв. Тэрбээр хэлэхдээ, “Тамхины татвар бусад орнуудаас доогуур байна. Тамхины хяналтын хуулинд 21-ээс доош насныханд тамхи худалдахыг хориглосон боловч хуулийн хэрэгжилт хангалтгүй. 2013 оны Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар 2005, 2009, 2013 онд нийт хүн амын дунд тамхины хэрэглээ буураагүй, өсвөр үеийнхний дунд тамхины хэрэглээ өссөн байгаа нь харагдаж байна. Мөн электрон тамхины борлуулалт өссөн. Онцгой албан татварын тухай хуульд тамхины татварыг нэмэгдүүлэх талаар өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна” гэв.
 
Тиймээс цаашид тамхины хяналтын салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хүн амын дунд тамхины хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, тамхинаас гаргах үйлчилгээг Монголд бий болгох арга замыг судлах, тамхины хяналтын чиглэлээр ажиллаж буй төр, ТББ-ыг чадавхжуулах, электрон тамхинд тавих хяналтыг сайжруулах, тамхины татварыг нэмэгдүүлснээр эрүүл мэнд эдийн засагт гарах үр нөлөөг тооцох судалгааг Монгол улсад хийх шаардлагатай байгааг НЭМҮТ-ийн судлаач нар анхаарууллаа.
 
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. 21р зуунд сайн дураараа шатаасан овс ургамалын утаагаар амьсгалан амьд бие махбодио хордуулаад явах гэдэг дээд зэргийн тэнэг асуудал!Сайн дураараа тамхи татдаг даунууд хотын агаарыг гэр хороололынхон нуурс тулж бохирдууллаа гэж ундуууцаад байдгийн логикийг ойлгох тун хэцуу!

    Зочин, 2017-11-17 19:25:50, 91.76.9.223Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: