sonin.mn
Москва /МОНЦАМЭ/  Олон улсын Хилийн цэргийн дууны XI наадмаас манай улсын хоёр уран бүтээлч шагнал хүртлээ.
 
Энэ сарын 14-17-ны өдөр Москва хотноо болсон энэхүү наадмыг ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албаны Хил хамгаалах газраас зохион байгуулдаг бөгөөд хоёр жилд нэг удаа болдог. Тус наадамд манай улсын Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид хоёр дахь жилдээ амжилттай оролцлоо. 
Тодруулбал наадамд ОХУ, Монгол, Киргизстан, Беларусь, Таджикстан, Узбекстан зэрэг 8 улсын 200 гаруй уран бүтээлч оролцсоноос Монгол Улсын Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Ж.Хадхүү тэргүүн байрт, мөн тус чуулгын дуучин М.Отгонжаргал тусгай байрт шалгарсан юм. Уг наадамд манай дуучид “Эх дороги”, “Ромашки” зэрэг оросын алдарт хилийн цэргийн дуугаар оролцсон бол, хаалтын гала тоглолтод дуучин М.Отгонжаргал Ч.Чагнаадоржийн үг, Г.Пүрэвдоржийн ая “Би хилчин” дуугаар оролцов.  
 
Дашрамд дурдахад өмнөх буюу 2015 онд Хилийн цэргийн дууны X наадмын тэргүүн байрыг мөн л манай улсын Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын “Хилчин” хамтлагийн дуучин Х.Хаш эзэлж байжээ.
 
 
Л.Нандиа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг