Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын 43 тохиолдол бүртгэгджээ

Нийтэлсэн: 2017-11-21 15:12:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн байгууллагуудын халдварын сэргийлэлт, хяналт, Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар /ЭТҮХХ/-аас сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах зорилготой “Халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь”  үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр ЭМЯ-нд зохион байгууллаа.
           
Үндэсний зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн,  ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, АХБ-ны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар оролцож үг хэлэв.
 
Тэд хэлсэн үгэндээ, “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн өвчний хүндрэл, нас баралтын гол шалтгааны нэг болж, үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадварыг бууруулах, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх, хөгжлийн бэрхшээлд хүргэх, амь насанд аюул учруулахаас гадна эмнэлгийн дундаж ор хоногийг уртасгадаг, эмчилгээ үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхэд хүргэдэг. 2017 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын 43 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2016 онд нийт 100 хэвтэн эмчлүүлэгчдийн 1.2 хувь нь ЭТҮХХ-т өртсөн байна” гэв.
 
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой мэс заслын дараах шарх, шээсний замын халдвар, амьсгалын аппараттай холбоотой уушгины хатгаа илрүүлэх идэвхтэй тандалтыг хийсэн байна. Тандалтаар тухайн ажилбар хийлгэсэн 100 эмчлүүлэгч тутамд халдварт өртөлтийн түвшинг тооцоход мэс заслын дараах шархны халдварт 1.0-5.0 хувь, шээсний замын халдварт 1.5-2.0 хувь, зохиомол амьсгалын аппараттай холбоотой уушгины хатгаагаар 19-22 хувь өвдсөн байгаа нь манай орны хувьд ЭТҮХХ дэлхийн бусад улс орны адил анхаарах ёстой асуудал болж байгааг илтгэж байгаа аж.
 
Зөвлөгөөнд ЭМЯ, ХӨСҮТ, МХЕГ, 21 аймгийн ЗДТГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ЭМГ-ын дарга, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, тархвар судлаач, мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоодын нийт 175 хүн оролцов. 
 
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: