sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжилтэй орнууд товчлуур дараад бүх зүйлийг  бэлэн болгох хөдөлмөр  эрхлэлтийн шинэ эринийг бий болгож байна.  Дэлхий нийт цахимжиж буй энэ үед хүний хөдөлмөрөөс илүүтэй робот ашиглах буюу дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлт рүү Монгол Улс хойш суулгүй бэлтгэх хэрэгтэйг Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумын төлөөлөгчид онцолсон. Тэгвэл дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлтийн талаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн хөтөлбөрийн захирал ДР. Штефан Ханселманнаас дараах асуултад хариулт авснаа хүргэе.
 
- Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улс 2030 он гэхэд нийт хүн амын 80 хувийг дундаж орлоготой болгоно хэмээн тунхагласан. Дундаж орлоготой иргэдийг бий болгох гол үндэс нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал юм. Тэгэхээр Монгол Улс дэлхий нийтийн яриад байгаа шиг роботоор ажил хийлгэхээс илүүтэй хүний хөдөлмөрийг чухалчилах нь дамжиггүй?
 
-Монгол Улс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх сорилттой тулгарч байна. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш. Уур амьсгал, газар зүйн байршил, хүн амын тоог аваад үзвэл нэлээн хүндхэн сорилттой тулгарна. Зөвхөн Монголд ч биш бусад орнууд аливаа асуудлаа эерэгээр шийдэж улам төгөлдөржүүлэхийн төлөө явж байна. Өөрөөр хэлбэл хийж буй зүйлийнхээ цар хүрээг томруулахын төлөө хичээсээр ирсэн. Гэтэл цахимжиж буй ертөнцөд техникийн эрин зуун дэлхий нийтийг донсолгоод эхэлчихлээ. Үүнийг бид зогсоож чадахгүй. Генетикийн түвшинд оюун ухаан бүтээхээс эхлээд гайхамшгууд бий болж байна. Яг үнэндээ 30 жилийн дараа хэрхэх нь мэдэгдэхгүй ирээдүй биднийг хүлээж байна. Эрчимтэй өөрчлөлттэй бид нүүр тулсан гэсэн үг.  Тэгэхээр өнгөрсөн 40 жил хийгээд явсан  зүйлээ хийх биш, шинэ эринтэй хөл нийлүүлэх хэрэгтэй болох нь ээ дээ.
 
-Сүүлийн үед уул уурхайн салбар нэлээн цахимжиж  байх шиг байна?
 
- Дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлт уул уурхайн салбарт аль хэдийн ороод ирчихсэн.  Томоохон уурхайнуудад хүний хөдөлмөр шаардахгүйгээр автоматжсан. Тухайлбал Австралийн уул  уурхайд ямар ч жолоочгүй ачааны машин явж байна. Бүрэн автоматжсан жолоочгүй галт тэрэг уурхайгаас боомт хүртэл явах жишээтэй. Цаашлаад гүний уурхайн бүх үйл ажиллагаагаа ямар ч хүнгүй автоматжуулах системд шилжихээр тэд зэхэж байна.Тэгэхээр дэлхий нийт бүрэн автоматжих  систем рүү явж байхад Монгол Улс ганцаараа уламжлалт арга барилаар явж боломгүй. Уул уурхайгаа явуулахдаа илүү олон хүн ажиллуулъя  гэсэн гаргалгаа бүтэхээ болино.  Өөрөөр хэлбэл  ирээдүйн уул уурхай хүнгүй болно гэсэн үг.
 
-Тэгвэл Монгол Улс  энэ “тоглоом”-д  оролцохын тулд яах ёстой вэ?
 
-Дэлхийн хүн төрөлхтөн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын ирмэгт ирээд байна. 1900 онд  аж үйлдвэрийн  давалгаа хэрхэн  орж ирснийг  та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй адил хэлэхийн аргагүй асар хурдацтай хөгжил өрнөж байна. Гэхдээ шинэ эрин үе арай  хэлбэржээгүй байна. Тиймээс гараа, эхлэлээ  өөрсдөө зохиох боломж бий. Тоглоомд гол тоглогчийн үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улс дүрмээ сайн мэдэх хэрэгтэй. Гагцхүү тоглоомдоо өөрсдөө оролцох  ёстой. Тухайлбал хөлбөмбөг тоглох гэж байгаа хүн бүхэлдээ дүрмээ мэдэх шаардлагатай. Наад зах нь хөлбөмбөгчин гүйдэг байх ёстой.  Хувцсаа бэлтгэхээс эхлээд ур чадвараа дээшлүүлэх, хөлбөмбөгийн эргэн тойронд юу болж байгаагаа сайн судлаад идэвхтэй оролцох ёстой. Тэгэхгүй бол  давалгаанд хумигдаж алга болно. Дижитал хөдөлмөр эрхлэлт яг л цунами шиг  орж ирж байна. Маш олон сорилтууд бий болж байна. “Адидас” брэнд Германд ирээдүйн дэлгүүрийг нээчихлээ. Та дэлгүүрт  ороод дэлгэц харна. Мэдрэгчтэй  тул авах гэсэн гутлыг өөрийн хүссэнээр дизайнаа гаргах боломжтой. Материал, өнгөө сонголоо,  хөлөө аппартад оруулснаар дижитал машин таны гутлын бүх хэмжээг авна. Үүний дараа товчлуур дараад болоо. Кофегоо уугаад цагийн дараа дэлгүүрт ирэхэд таны захиалсан гутал бэлэн болно. Хэдэн товчлуур дарлаа үйлдлийн системээр роботууд эсгүүр гаргаад бүх зүйлийг принтлээд гаргачихна. Ийнхүү цаг хугацааг хэмнэгч робот ажиллаж байхад цаашид уламжлалт аргаар гутлын үйлдвэр ажиллуулах хэрэггүй болно. Тэгэхээр бүх зүйл үндсээрээ өөрчлөгдөхөөр байгаа биз. Үүнийг л  дижитал эриний хөдөлмөр эрхлэлтийн цунами гээд байгаа юм. Яг одоо барууны орнуудад цунамигийн давалгаа босч ирж байна.
 
-Таны бодлоор Монголд дижитал хөдөлмөр эрхлэлт хэзээ орж ирнэ гэж бодож байна?
 
- Бодож байснаас хурдан орж ирнэ. 10-15 жилийн дотор ороод ирэх байх. Гол нь гэрлийн хурдаар хөгжиж байна шүү дээ. 18 сарын дотор  боловсруулах дижиталын чадвар хоёр дахин нэмэгдчихлээ. Геометрийн прогрессээр явж  байгаа хэрэг. Технологийн мэдлэг, датад тэсрэлт болж хурд багтаамж нь өдрөөс өдөрт тэлж байна. Генетикийн чиглэл, био анагаах ухаан таашгүйгээр хөгжсөөр байгаа энэ үед Монгол Улс урагшаа харж дэлхий нийттэй хөл нийлүүлэх ёстой. Хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд байхаас нь эхлээд сэтгэлгээний царааг тэлж бэлтгэх хэрэгтэй. 10 жилийн дараа ийм зүйл болох гээд байна гэдгийг хүүхдүүдийн тархин суулгах юм.  Тэгж байж технологийн эринтэй хөл нийлүүлнэ. Манай Герман ч бас унтаад байгаа шүү. Тиймээс улс орнууд цахимжиж буй энэ үед маш сэргэг байх хэрэгтэй.
 
-Дэлхий нийт дижитал хөдөлмөр эрхлэлтийг цаг хугацаа, мөнгө хэмнэнэ гэж харж байна?
 
-Тэгэлгүй яахав. Үүнд л учир байгаа юм. Тухайлбал Хятадын илгээмж хүргэлтийн үйлчилгээний STO Express компани олон тооны роботыг ангилан ялгах хэсэгтээ ажиллуулдаг. Өөрөө өөрийгөө цэнэглэдэг роботууд өдөрт 200 мянган илгээмжийг ангилан ялгадаг. Ингэснээр STO Express компани ажиллах хүчний зардлаа 70 хувь хэмнэж, долоо хоногийн 24 цагт тасралтгүй, хөлс мөнгөгүй ажилладаг робот ажилчидтай болсон байх жишээтэй. Тэгэхээр Дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлт нь бүтээмжийг дээшлүүлэх, цагийг үр ашиггүй өнгөрүүлэхгүй байхаас эхлээд олон талын ач холбогдолтой учир дэлхий нийт үүнийг шүтэж байна.
 
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг