sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадмыг ирэх сарын 15-нд Говь-Алтай аймгийн Алтай хотноо зохион байгуулахаар болсноо албан ёсоор мэдээллээ.
 
Тэртээх 1983 оны 12 дугаар сард Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар энэхүү яруу найргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Зөвхөн нийслэлд зохион байгуулдаг наадмыг орон нутгийн уншигчдад ойртуулахаар 2007 оноос аймгуудад зохион байгуулах болсон. Энэ жил 35 дахь жилдээ болж буй тус наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг ирэх сарын 08-ныг хүртэл хүлээн авах аж.
 
Дашрамд дурдахад, өнгөрсөн жил Дорнод аймагт  болсон “Болор цом” яруу найргийн наадамд Б.Батсайхан түрүүлж, яруу найрагч А.Эрдэнэ-Очир хоёрдугаар байрт, Ч.Ууганбаяр гуравдугаар байрт, Хэнтийн Д.Гансүрэн дөрөв дүгээр байрт, Дарханы М.Уянсүх тавдугаар байрт шалгарч байв.
 
 
Ж.Болор 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг