sonin.mn
Төслийн ахлах зөвлөх Ямашита Мамору
 
Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
 
Үнэгүй үйлчилгээний эрэлт хэт нэмэгдвэл нийгмийн халамж, тусламж үйлчилгээний хүртээмж буурдаг гэдгийг өмнөх нийтлэлдээ дурьдсан билээ. Тиймээс энэ удаа Японы түргэн тусламжийн үйлчилгээгээр жишээ авч, үнэгүй үйлчилгээний сөрөг үр дагаврын талаар тайлбарлахаар бэлтгэв.
 
Японд Монголтой адил түргэн тусламж үнэгүй байдаг. Автомашины осолд орох эсвэл гэнэт бие муудахад хамгийн ойр байрлах түргэн тусламжийн төвтэй холбогддог. Утсаар мэдээлэгч нь нөхцөл байдлыг дэлгэрэнгүй тайлбарлаж, байгаа газрыг зааж өгсөнөөр түргэн тусламжийн баг ирнэ. Тэд бэртэж гэмтсэн, өвдсөн хүнийг үзээд, яаралтай тусламжийн төв юм уу эмнэлэгт хүргэдэг. Хоногийн 24 цаг, жилийн 365 өдөр үйлчилгээ үзүүлдэг маш чухал “үнэгүй үйлчилгээ”-ний зардлыг улсын төсвөөс гаргадаг. Түргэн тусламжийн үнэгүй үйлчилгээ нь иргэдийн “зөв ойлголт, ухамсар”-ын үндсэн дээр оршин тогтнодог гэж хэлж болно. Нэлээд хүнд байдал үүсээгүй, зайлшгүй шаардлага тулгараагүй бол 119 рүү залгадаггүй. Бэртсэн эсвэл гэнэт бие нь муудсан хүнийг цаг алдалгүй эмнэлэгт хүргэх зорилгоор түргэн дууддаг. Ийм ухамсар, зөв ойлголт байсан учраас Японы түргэн тусламжийн тогтолцоо он удаан жил иргэдийн итгэлийг хүлээж ирсэн билээ.
 
Гэтэл сүүлийн жилүүдэд “зөв ойлголт, ухамсар” алдагдаж, иргэд түргэн тусламжийн үйлчилгээг зохистой хэрэглэхээ больж байна. Жишээ нь, өдөр бүр эмнэлэгт очиж үзүүлэх нь төвөгтэй учраас түргэн дуудах өвчтөнүүд нэмэгджээ. Дуудлага аваад очиход өвчтөн янз бүрийн зовиур хэлж, эмнэлэгт хүргэх үед тэр эмнэлэг биш энэ эмнэлэгт хүргээд өгөөч гэх мэтээр захиалга өгдөг байна. Өөрөөр хэлбэл түргэнийг “үнэгүй такси” мэтээр ашигладаг гэсэн үг юм. Мэдээж энэ нь сөрөг үр дагаврыг дагуулна. Хүнд бэртсэн, гэнэт хүндээр өвдсөн хүнд яаралтай тусламж үзүүлэхэд цаг алдана. Энэ нь хүний амь настай холбоотой асуудал шүү дээ.
 
Үнэгүй үйлчилгээ гэдэг нь хэн дуртай нь хүссэн үедээ ашигладаг зүйл огт биш. Түргэн тусламжаас гадна гал команд ч гэсэн үнэгүй боловч, хэн дуртай нь дуудлага өгөөд байвал гал гарсан үед хугацаа алдах эрсдэлтэй. Улмаар нийгмийн тусламж үйлчилгээний хүртээмж буурна.
 
Үүнтэй ижил зүйлийг Монголын өргөн уудам байгаль дээр хэлж болно. Манай улсад байхгүй байгалийн баялагтай, өргөн уудам газар нутагт хог хаягдлыг дураараа хаявал экосистемийн тэнцвэр алдагдаж, байгаль орчинд сөргөөр нөлөөлнө. Түргэн тусламжийн үйлчилгээ, гал команд, байгаль орчин зэргийг үнэгүй хэрэглэх эрх хүн бүрт нээлттэй байдаг.  Гэхдээ энэ чухал тогтолцоог зөв зохистой ашиглахгүй бол урт хугацаанд тогтвортой үргэлжлэхгүй гэдгийг бид бүхэн ямагт санаж явах ёстой билээ.
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин