sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. "Форбс" сэтгүүлийн мягмар гарагт нийтэлсэн оны хамгийн өндөр орлоготой топ загвар өмсөгчдийн жагсаалтыг Америкийн загвар өмсөгч Кендалл Женнер тэргүүлжээ. Өдгөө 22 настай тэрбээр жилийн дотор 22 сая ам.долларын орлого олж чадсан байна. 
 
Харин удаах байрт сүүлийн 15 жилийн турш дээрх сэтгүүлийн жагсаалтыг тэргүүлж байсан 37 настай Бразилийн загвар өмсөгч Жизель Бюндхен орсон байна. Тэрбээр 17,5 сая ам.долларын ашиг орлого олжээ.
 
31 настай Америкийн загвар өмсөгч Крисси Тейген 13,5 сая ам.долларын орлогоор жагсаалтын гуравдугаар байрыг эзэлжээ. Харин 36 настай Бразилийн загвар өмсөгч Адриана Лима 10,5 сая ам.долларын орлого олж дөрөвдүгээр байрт орсон бол Америкийн загвар өмсөгч Жижи Хадид болон Английн загвар өмсөгч Роузи Хантингтон-Уайтли нар хоёул 9,5 сая ам.долларын ашиг орлоготойгоор тавдугаар байрт орсон байна.
 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг