sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 90 жилийн ой энэ жил тохиож байна.
 
Ойг тэмдэглэх хүрээнд Монголын урлагийн ажилтны холбоо, Д.Лувсаншарав сан, түүний үр хүүхдүүд хамтран “Д.Лувсаншарав судлал” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр Монголын театрын музейд зохион байгууллаа.
 
Хуралд Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “XX зууны Монголын дуулаачийн уран бүтээл дэх Д.Лувсаншаравын шинэчлэл” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр, “Д.Лувсаншарав гуай бол XX зууны дууны урлагийн гол төлөөлөгч мөн. Д.Лувсаншарав судлалыг хөгжүүлэхэд мэргэжил, онол, сэтгэлгээний өндөр түвшинд судалгаа хийх хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн хөгжим судлалаар хязгаарлахгүй тухайн хүний үйл ажиллагааг бусад шинжлэх ухааны зүгээс хүн судлал, хүмүүнлэг, байгаль, нийгмийн ухааны талаас нь цогц судлах ёстой. Манайхан том юмыг том хүрээнд ярихыг чухалчилдаг. Гэтэл том хүрээнд нарийн юмыг ярьж чаддаггүй. Тиймээс “Маамуу нааш ир”, “Холоос гүйдэлтэй борлог” гэхчлэн зөвхөн нэг дууных нь тухайд маш нарийн судлах хэрэгтэй юм” гэдгийг тодотгов.
 
СУИС-ийн РТМУС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш, магистр Г.Мөнхбаяр,  “Юм бүхэнд нягт нямбай, хариуцлагатай хандаж ирсэн Д.Лувсаншарав нийт уран бүтээлийнхээ бүрэн жагсаалтыг он дарааллаар нь гаргасны зэрэгцээ амьдралдаа тохиолдсон үйл явдал, төр, олон нийтийн байгууллагаас одон медалиар шагнагдсан гээд бүхий л зүйлээ он сар, өдрөөр нь яв цав тодорхой гар бичмэлээр тэмдэглэн үлдээсэн байдаг. Д.Лувсаншарав нь хөгжмийн их авьяас билгээс гадна бичгийн авьяастан байсныг түүний гар бичмэлүүд нотолж байна. Түүний гар бичмэлүүд нь хувь хүний болоод монголын хөгжмийн урлагийн салбар, улс орны нэгэн түүхийн үеийн судлагдахуун мөн. Тэрбээр сэтгүүлзүйн тэмдэглэлийн зарим элементийг чадварлаг ашигладаг идэвхтэн бичигч, нийтлэлч мөн. Түүний гар бичмэл болон тогтмол хэвлэлүүдэд тухайн үед нийтлүүлж байсан бүтээлүүдийг бүртгэж сэтгүүлзүйн үүднээс судалгааны эргэлтэд оруулах нь зүйтэй” гэв.
 
 
Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хүү Л.Баярсайхан, “Бид эхээс дөрвүүлээ. Том ах хөгжмийн зохиолч Даваахүү маань цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Том эгч СУИС-д төгөлдөр хуурч, багш. Удаах эгч монгол хэлний багш. Хамгийн бага нь би дуулчин мэргэжилтэй. Аав маань биднийг хүмүүжүүлэхдээ эрхлүүлэхээс илүү хөдөлмөрлүүлдэг, хүсэл зорилгод нь нийцүүлэн хөгжүүлэх бодлогыг барьдаг байсан. Аавдаа бид зодуулах нь битгий хэл загнуулж ч үзээгүй. Хааяа хэлдэг тэр ёжтой үг нь оновчтой, яг хүлээж авахаар ой тойнд буутал хэлдэг байсан даа” хэмээн дурсан ярив.
 
Энэ үеэр “Д.Лувсаншаравын амьдрал, уран бүтээл” үзэсгэлэнгийн нээлт болсон юм. Үзэсгэлэнд түүний хэрэглэж байсан эд зүйлс, өмсч байсан фрак, зурсан зураг, одон медаль, гэрэл зургуудыг дэлгэжээ.
Ойн хүрээнд Д.Лувсаншаравын нэрэмжит “Мэргэжлийн дуучдын анхдугаар уралдаан” энэ сарын 25, 26-нд Улсын Филармонид, ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 29-нд тус тус болно.
 
 
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг