sonin.mn
Ер гаруй жилийн түүхтэй “Соёмбо” сонин, тус сонины үе үеийн сэтгүүлчид нийгэм түүхийн онцгой үйл явдлыг сурвалжлан бичиж, өөрсдөө ч түүхэн гэрч болсоор ирснийг сонины шарласан хуудас бүр бэлхнээ харуулдаг. Үүний нэгэн тод жишээг сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн мэндэлсний 70 насны ой тохиож буй энэ үед дурсахад таатай байна.
 
...“Улаан Од” сонины ерөнхий эрхлэгч А.Баярмагнай хариуцлагатай нарийн бичгийн даргаа дууджээ. Сонинд гарсан алдаанаас болж эрхлэгчид зэмлүүлдэг эхний хүн нь нарийн бичгийн дарга байдаг хойно хулгасаар орж.
 
-За хө. Монголын нэрийг сансарт мандуулах залуучуудын гараа хэзээ хэзээгүй болно. Тэр цагт сурвалжлах хүн манайхаас явж таарна. Бид чамайг өнөөдрөөс эхлээд энэ ажилд хүчин зүтгэж чадна гэж бодсон юм. Цаана чинь манай маргаашийн сансрын нисгэгчид ирчихсэн байна. Аппарат хэрэгсэл, хальс сэлтээ бэлтгэ. Маргаашаас эхлээд хэд хоног эх орондоо амрахаар ирсэн сансрын нисгэгчидтэй явна… Энэ тухай бусдад хэлэх хэрэггүй. Томилолтоор явлаа гэнэ биз гэсэн үүрэг өгчээ. Ийнхүү хошууч Б.Чантуу 1978 оны 7 дугаар сарын эхээр томилолт авч Ж.Гүррагчаа, М.Ганзориг нартай хориод хоног хамт ажиллаж сурвалжлага, гэрэл зураг авч, гэр бүлийнхэнтэй нь хүртэл ойртож танилцахыг хичээжээ. Тэд наадмаас хойш удалгүй Москва руу буцсан гэдэг. Б.Чантуу авсан зургийн хальсуудаа угааж тоолон, төмөр хайрцагт битүүмжлэн БХЯ-ны нууц бичиг хэрэгт лац, ломботойгоор хадгалуулсан байна. Тэр цагаас бараг 3 жилийн дараа 1981 он гарангуут ерөнхий эрхлэгч хошууч Б.Чантууг дуудаж, “…Одоохон Лениний музейн доод давхарт болж байгаа семинарт очиж суу. Чамайг ажлаас чинь чөлөөллөө. Санаа зовох хэрэггүй” гэв.
 
Тэрээр 1981 оны 1 дүгээр сарын 25-нд МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэс, ШУА, “Интеркосмос” программын хамтарсан “Сансрын нислэгийг сурвалжлах” бүрэлдэхүүний семинарт 40 хоног суужээ. Уг семинарт оролцсон бүрэлдэхүүнд ШУА-ийн ерөнхийлөгч Чадраа, академич Ц.Дамдинсүрэн, МСХ-ны ерөнхийлөгч Ц.Мөнхжаргал, МАХН-ын Төв Хорооны Т.Дашдаваа, Н.Даваадаш, Г.Пүрэвдаш, Д.Сандаг, ЗХУ-ын “Интеркосмос”-ын төлөөлөгчид сансар судлалын хичээл зааж, Хүрэл тогоот дахь Одон орны төв, ШУА-ийн физик математик, кибернетикийн хүрээлэн, анагаах ухаан, биологийн хүрээлэн зэрэг газруудыг үзүүлж, Улсын төв номын сангийн одон орон, сансар огторгуйн холбогдолтой гадаад, дотоодын хэвлэл номтой танилцуулжээ. 1981 оны 3 дугаар сарын 4-нд дээрх хүмүүсийг МАХН-ын Төв Хороонд цуглуулж “Маргааш өглөө Буянт ухаагийн нисэх онгоцны буудалд бэлэн бай. Эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн нэн хариуцлагатай томилолт авлаа гэдгээ ухамсарлацгаа. Сольж өмсөх хувцас, зургийн аппарат, үзэг, цааснаас өөр зүйл хэрэггүй…Гэрийнхэндээ ч хэлэх шаардлагагүй” гэж үүрэгдсэн байна. Тэр үдэш 22 цагт ерөнхий эрхлэгч А.Баярмагнай, Б.Чантуу нар БХЯ-ны сайд Ж.Авхиад илтгэж, сансрын нислэгийг сурвалжлах үүрэг авсан талаар товчхон ярилцжээ.
 
Семинарын төгсгөлийн шатанд Ж.Гүррагчаа, М.Ганзориг хоёрын нислэгт зориулан сонины хоёр тусгай дугаар бэлтгэсэн байна. Түүнийгээ сайдад танилцуулж, “Хэрэв Ж.Гүррагчаа нисвэл “Хүүгийн бие сайн!”, М.Ганзориг нисэх бол “Охины бие сайн!” гэж урьдчилан мэдэгдэхээр сайд, эрхлэгч нартай үгсэн тохирсон байна. Б.Чантуугийн хувьд хамгийн хүндтэй, хариуцлагатай, нэр төртэй, мартагдашгүй, бас тэгээд дэндүү их ачаалалтай томилолт авсан нь энэ байлаа. Б.Чантуу “Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан “Союз-39” хөлгийн нислэгийн сурвалжлагыг газар дээрээс нь хийсэн цөөн хэдэн сэтгүүлчийн тоонд багтаж, нэг сар найм хоног сансар судлал, сансрын нислэгээр “амьсгалж”, тэр гавьяат үйлсийг нүдээр харж, сэтгэл догдлон бахархаж, магнай тэнэгэр баярлан, нойр хоолоо умартан ажилласан билээ. “ЗХУ-ын сансрын нислэгийн комиссын хуралдаанаар Ж.Гүрагчаа, В.Х.Жанибеков, В.Лехов, М.Ганзориг нарын аль нь нисэх шийдвэрийг хараад сууж байлаа. Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нарыг нисгэх шийдвэр гарсны дараа М.Ганзориг, Владимор Лехов нар доод давхарт ажиг ч үгүй бильярд тоглож байхыг хараад Зөвлөлтийн сансрын нисэгч А.Леонов “Та нар хараач, монгол хүний сэтгэл тал шигээ уудам болохыг дахиж би харлаа” хэмээн дуу алдаж байсан. Хөөрөх гэж буй “Союз-39” хөлөг мөнгөн харандаа шиг харагдаж байж билээ.” гэж тэрээр дурсан ярьдаг.байв.
 
1981 оны 3 дугаар сарын 22-ны өглөөний 04 цагт “Улаан Од” сонин “Монгол Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт нислээ” гэсэн мэдээтэйгээр улс орны зүг бүрт тэр цагийн бусад сонинуудаас хамгийн түрүүнд таржээ. Байконурын сансрын нислэгийг удирдах төвд ажиллаж байсан “Улаан Од” сонины сурвалжлагч Б.Чантуу “Хүүгийн бие сайн” гэсэн мэдээг нойргүй хүлээж суусан редакцдаа “ТАСС”-ын холбоогоор ирүүлсэн нь тэр. Хэрэв “Охины бие сайн” гэсэн бол М.Ганзориг нислээ гэсэн үг байж. Бусад сонинууд “Хүү, охин” хоёрын аль нь бол хэмээн хүлээж суухад “Улаан Од”-ын шинэхэн дугаарууд хэвлэгдэн гарч өглөө автобус болгонд түгж байсан юм.
 
 
хошууч Х.Ганзул
Эх сурвалж: "Соёмбо" сонин