sonin.mn

Ярилцлагаа таны ойрын үед хийсэн уран бүтээлээс эхэлье?

-Анх ард түмний зүрх сэтгэлд хоногшсон дуу дуулж, энэ үедээ өртөөлөн хүргэх боломж надад гарсан. Харин дууны шинэ үеийн чиг хандлага “Манай адуу” дуунаас эхэлсэн л дээ. Энэ дуу минь адууны хийморь шингэсэн аялгуугаар хөглөгдөж, булган сүүлтэй байсан. Одоо уяачийн эрдэм, уяаны гал, морь уях эрдэм ухаанд чиглэсэн сэдэвтэй дуунууд нэлээд голчилж байгаа. Надад санал болгож буй дуу ч тиймэрхүү сэдэвтэй байна.



-Та цомгоо дахин хэвлүүлэх уу?

-“Аялгуун холбоо”, “Уянгын хорвоо", “Сэтгэлийн зураглал”, “Манай адуу” гээд дөрвөн цомог гаргасан. Одоо худалдагдаж дууссан учраас, хэвлэлтэд өгчихсөн. Ард түмний хайртай дуучдын дууг ахин дуулж “Сэтгэлийн зураглал” цомогтоо багтаасан. Алдарт дуучин П.Адарсүрэн, Б.Мөнхбаяр, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Д.Түмэндэмбэрэл, МУГЖ Б.Энхбат зэрэг дуучдын сайхан дууг ятгатай дуулсан. Сайхан дуучдын дууг ард түмэндээ хүргэдэгтээ бахархдаг.



-Цаашид ямар сэдвээр дуулах вэ?

-Ер нь, уран бүтээл хийх санаа хязгааргүй. Миний хоолойны өнгө аясад аав, ээж, нутаг усны тухай дуунд илүү зохидог. Настан буурлууддаа зориулсан сэдвээр цаашид дуулна. Мөн морины дуунууд гээд л. Энэ чиглэлээ алдахгүй байх аа.



-Та Соёл урлагийн их сургуульд уртын дуугаар сурч байгаа гэсэн. Яагаад уртын дуу сурах болов?

-МУСТА, улсын засуул, уртын дуучин Б.Батболд багшийнхаа удирдлагаар сурж байгаа. Үндэснийхээ өв соёлыг дуучин хүнийхээ хувьд сурах ёстой гэж боддог. Уртын дуугаараа гадны оронд ч юм уу дуулж, уран бүтээл хийж хүмүүст хүргэх хүсэлтэй.



-Ард түмнээс өгсөн нэртэй дуучид олон байдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Морины гэсэн тодотголтой уран бүтээлчид МУГЖ Ж.Нансалмаа, МУГЖ Г.Батбаяр гээд олон сайхан уран бүтээлч бий. Энэ уран бүтээлчдийнхээ салхинд миний бие морины тухай дуулж эхэлж байна. Ард түмний өгсөн нэр гэдэг сайхан юм даа. “Завханы” Батсүх, “Морины” Батбаяр, Нансалмаа гээд л. Миний хувьд С.Цэрэнчимэд гуайн дууг дуулж байсан. Намайг хүмүүс “Манай адуу”-ны Мөнхбат гэж хүлээж авч байгаа нь сайхан байна. Энэ хүндэтгэлийг дааж, илүү уран бүтээл хийнэ гэж боддог.



-“Манай адуу” гэснээс энэ дуу өөрийн гэсэн түүхтэй гэсэн?

-Шүлгийг нь Л.Төмөрбат гэж Төв аймгийн, хурандаа цолтой яруу найрагч бичсэн. Тэгээд СТА Б.Пүрэвсүрэнд “Гүйгүүл морин” гээд хоёр шүлэг өгсөн гэнэ лээ. Нэгийг нь дуучин А.Хосбаяр аваад Аранза буюу Бат-Эрдэнэд өгч, дуу бүтсэн. Манай адуу дуунд Б.Пүрэвсүрэн ая зохиож, Батбаяр ахад өгөхөд дуулаагүй юм билээ. Ямар шалтгаан байсныг мэдэхгүй.

Дараа нь дуучин СТА Д.Намсрайноровт өгөхөд “Саран дэвсгэртэй хас тамга манай адууны тамга биш байна, би дуулахгүй” гэсэн. Тэгээд л энэ дууг дуулах сайхан хувь тохиол надад ирсэн. Уран бүтээл эзнээ олно гэж байдаг юм шиг. Би энэ дуундаа хайртай.



-Морины сэдвээр дуулахад таны нутаг ус, гэр бүл ихэд нөлөөлсөн байлгүй?

-Сумын наадмаас эхлээд улсын уралдаанд нутгийн минь адуу үргэлж дээгүүр давхидаг. Аав, ээж гэр бүлийн хүн маань намайг их дэмждэг.



-Танд бэлэгний 50 гаруй адуу байдаг гэсэн. Үнэн үү?

-Тийм ээ. Нутгийнхаа 13 сумаар ороход бэлэгний 30 гаруй адуутай ирсэн. Нутгийн ах дүү нарынхаа буян хишигт талархдаг. Морьдоо уралдуулж буяныг нь хариулах ёстой юм болов уу. Би гурав дахь жилдээ морь уяж байна. Морьд минь сайхан давхисан. Морь тэжээх эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй. Энэ бүхэнд маань гэр бүлийнхэн тусалж дэмждэгт баярладаг.

Нэг найз маань “Танайхан аав, ээж, эхнэр хүүхэдгүй моринд “орчихсон” юм байна. Тиймээс чи морь уралдуулахгүй байхын учиргүй хүн. Чиний морь сайн давхих байх аа” гэж байсан юм. Сум, аймгийн хэмжээний наадамд айрагдаж байгаа. Удахгүй бүсийн, улсын чанартай наадамд хурдан буянууд минь нутаг, нугынхаа нэрийг гаргах байх аа.



-Та хот газар амьдарч байгаа хүн. Адуугаа хаана тэжээж байна вэ?

-Би Дорноговийн нутгаар явсан. Морины угшлын талаар нэвтрүүлэг бэлдэж явахад олон сайн уяач, морио дээдэлдэг ах нар хурдан удмын адуу бэлэглэж байсан. Надад хамгийн угшил сайтай адуу бүрдэж байгаа. Сүхбаатар, Дорноговь, Дорнод гээд шилмэл угшлын адуутай гэж онгирох дуртай болсон. Өөрийн сайндаа биш л дээ, дууны буянаар цугларсан хишиг

Одоохондоо Сүхбаатар аймгийн Асгат суманд хамаатныхаа уяачийнд байлгаж байгаа. Энэ жил бас өнгөрсөн жил Налайхын голд морио уясан. Бүх зүйл нь таарсан сайхан нутаг байна лээ. Энэ өвөл ч бас морьдоо тэнд тэжээж, уяж, уралдуулна даа.



-“Дорноговийн уяач” нэвтрүүлэг хийх санаа яаж төрөв?

-Зөвхөн адууны тухай дуулах биш, хурдан морь уралдуулах гэдэг том өв соёлыг судалъя гэж бодсон. Хаанаас хурдан угшлын адуу төрж байна зэрэг судалгаа хийсэн. Мэдээж Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгаас илүү байгаа. Тайж адуу, Галсан банди угшлын адуу зэргийг өөрийнхөө хэмжээнд судлах хэрэгтэй гэж бодсон. Дорноговийн бүх сумаар явсан. Олон уяачтай уулзлаа. Удахгүй нэвтрүүлэх санаа байна. “Манай адуу" сэтгүүлийн зөвлөлд миний бие байдаг. Хийсэн зүйлээ гаргана гэж бодож байна.



-Та бэлэгний адуу авахаас гадна солио наймаа их хийдэг юм шиг. Унаж явсан машинаараа соёолон үрээг солъсон гэсэн?

-Тийм ээ. Дандаа аваад байхгүй л дээ. Хүнд адуу бэлэглэнэ. Дорнод аймгийн Цагаан-Овоод явж байхад нэг соёолон уралдаад явж байхыг харсан. Надад их таалагдсан юм. Тэр үед Ланд-80 унаж явсан л даа. Өнгөрсөн жил Налайх дүүргийн 90 жилийн ойд аравдугаар байранд давхисан. Эр хүний сонирхол юм даа. “Сонирхсон зүйлдээ сэтгэл хангалуун байх нь хамгийн сайхан амьдрал” гэж хүний ярихыг сонсож байсан юм. Би бүх зүйлдээ сэтгэл хангалуун байгаа учраас сайхан амьдарч байна гэж боддог.



-Яаж тохиролцсон бэ? Уяач Бадамхуу машинаа яаж авсан бэ?

-Бадамхүү маань хотод ирж машинаа авсан л даа. Сүүлийн үед морьд нь сайхан давхиж байгаа. Би харин сольсон адуундаа “Ланд-Хар” гэж нэр өгсөн. Энэ өвөл сайхан давхих байх аа.



-Та бас “Спортын хүн ” биз дээ?

-Тийм ээ. Б.Бат-Эрдэнэ аваргын үүсгэн байгуулсан “Аварга” дээд сургуульд долоон жил бодибилдингийн багшаар ажилласан. Үндсэн мэргэжил биеийн тамирын, бодибилдингийн багш, дасгалжуулагч. Амьдралынхаа нэлээд хугацааг спортод зориулсан. Аварга дээд сургуулиараа бахархдаг. Энэ сургууль байгуулагдсанаар Монгол Улс Олимпийн аварга, дэлхийн аваргатай боллоо.

Олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, мөн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар. Цаашлаад улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Ч.Баяржавхлан зэрэг олон хүн байгаа.



-Одоо хичээллэж байгаа юу?

-2007 оноос хойш хичээллээгүй. Спортыг хэзээ ч орхиж болохгүй юм билээ. Эрүүл байхын үндэс хөдөлгөөн. Удахгүй хичээллэнэ.



-Та сумын заан цолтой бөх. Барилдана, морь уяна. Тэгэхээр та сур харвах л дутуу...?

-Нум сум харваж болно шүү / инээв/. Эрийн гурван наадмаар монгол эр хүн морио уях нь уяад, барилдах нь барилдаад, сур харвах хэрэгтэй. Айл болгоны хойморт морин хуур байх хэрэгтэй гэдэг шиг.



-Хоёулаа эргээд бодибилдингийн талаарх яриандаа орьё. Ямар амжилт гаргаж байсан бэ?

-Бодибилдингийн спорт Монголд сүүлийн үед орж ирсэн ч эрчимтэй хөгжиж байгаа. Монгол хүнд тэсвэр хатуужил байгалиас заяагдсан байдаг. Миний хувьд зургаан жил хичээллэж, 2003 онд “Монголын мистер" тэмцээнээс 70 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн. “Ирээдүйн мистер” гэж болдог байсан. Одоогийхоор Хотын аварга шалгаруулах тэмцээн л дээ.

Тэр тэмцээнд 2003, 2004 онд мөн л 70кг-ийн жинд хүрэл медаль авсан. Хүчний, тэсвэрийн спорт л доо. Хичээллэснээрээ олон зүйл сурсан. Биеийн хөгжлийн хувьд ч тэр. Таргалалтаас сэргийлэх зэрэг. Хүн бүр бодибилдингээр хичээллэж, зангирсан булчин шөрмөстэй байх нь гол биш. Эрүүл байх л чухал.

Г.Хонгорзул
Эх сурвалж: “Ган Зам”