sonin.mn

Сайн унтаж амар, нойрны эм уух хэрэггүй

Баяр баясгалантай амьдрах нь эрч хүч өгөөд зогсохгүй урт наслахад ч бас нөлөөлдөг. Хүн гурван минут инээхэд 15 минут гимнастик хийсэнтэй тэнцдэг. Тиймээс та үргэлж, өөдрөг, инээмсэглэл дүүрэн алхах хэрэгтэй. Мөн хичнээн ажил ихтэй, цаг зав багатай байсан ч өдөр амарч бай. Үдийн хоолны дараа 30 минут унтах нь таныг эрүүл амьдрахад тусална. Шөнө бүр тайван унтаж амрах хэрэгтэй. Хүн нойр сайтай, сайхан амарвал өглөө босоход хүртэл бие хөнгөн, ажлын эрч хүч ч гэсэн нэмэгддэг шүү дээ. Ингэхдээ та нойрны эм уух хэрэггүй гэдгийг онцгой анхаар. Энэ нь таныг унтдаггүй хүнээс ч цөөн наслуулна.



Хөгжим сонс, бүжиглэ, дасгал хөдөлгөөн тогтмол хий

Орчин үеийн эрдэмтэд “Ухаантай хүмүүс удаан амьдардаг” гэж баталж байна. Бидний хэр удаан амьдрах нь бидний биеийн идэвхтэй байдал буюу биеийн тамираас ердөө таван хувь, зөв хооллолтоос 15, оюуны чадамжаас 80 хувь хамаардаг аж. Тэгэхээр урт наслахын тулд тархиа байнга ажиллуулж байх хэрэгтэй болох нь. Судалгаанаас үзэхэд оюуны ажил эрхэлдэг, байнга юм бичдэг болон сэтгэлийн тэнхээтэй хүмүүс урт насалдаг төдийгүй хөгшрөлтийн гамшиг болох зөнөгрөлтөөс хол байдаг аж.

Тиймээс та байнга шинийг эрэлхийлэх хэрэгтэй. Аливаад суралцаж, шинийг хийж бүтээхийн тулд сэтгэх санаачлах, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх зэрэг нь таныг эрүүл, идэвхтэй амьдрахад чухал нөлөө үзүүлнэ. Заримдаа бүжиглэ. Тогтмол бүжиг хийдэг хүн хурц ухаантай санаж тогтоох чадвар нь өндөр, хурд хөдөлгөөн сайтай байдаг гэж судлаачид хэлсэн байдаг.



Цэвэр агаарт гүнзгий амьсгалвал биеэс элдэв хор гадагшилна

Та амралтынхаа өдөр гэр бүлийнхэнтэйгээ салхинд гардаг уу. Ойд зугаалах, цэвэр агаарт алхах, байгальтай ойр байх нь бидний амьдралд эрч хүч бэлэглэдэг. Цэцэг тарьж түүнийгээ арчилдаг, гэртээ амьтан тэжээдэг хүмүүс сэтгэлээр унах нь ховор байдаг. Мөн цэвэр агаарт цээж дүүрэн амьсгалахад биеэс элдэв нян, хор гадагшилдаг. Тиймээс та долоо хоногт ядаж ганц удаа гэp бүлийнхэнтэйгээ салхинд гарч байгаарай. Түүнчлэн найз нөхөдтэйгөө ойр ойрхон уулзаж, илэн далангүй ярилцах, санал бодлоо солилцох зэрэг нь хүмүүсийг урт наслахаас гадна аз жаргалтай амьдрахад тусалдаг.



Та алхдаг уу эсвэл...

Хэрэв та машин хөлөглөдөг бол заримдаа явган алхаж бай гэж зөвлөе. Учир нь өдөр бүр алхдаг хүмүүс машин хөлөглөдөг хүмүүсээс илүү эрүүл байдаг ба сэтгэл гутрал, бухимдал зэрэг сэтгэцийн хямралд өртөх эрсдпийг бууруулж, сэтгэл зүйн өөдрөг цовоо сэргэлэн идэвхтэй байдлыг бүрдүүлнэ. Идэж буй хоол хүнсэндээ ч бас анхаарлаа хандуул. Гурилан бүтээгдэхүүн ногоо жимс сайн ид. Хэрэв ингэж чадвал биеийн чадавхи бусдаас 30 хувь илүү байх болно. Мөн зөв хооллосныхоо хүчинд хүн урт нас, эрүүл мэнд эрч хүч, баяр хөөрийг олж авна. Үр тариа, самар сайн ид. Долоо хоногт таван удаа 30 гр самрын төрөл идэх нь зүрхний өвчнөөр өвдөх магадлалыг эрс багасгана.



Гэрийн ажлаас бүү зайлсхий

Дасгал хөдөлгөөн биеийн эрүүл мэндэд төдийгүй сэтгэлзүйд ч бас сайнаар нөлөөлдөг. Тэр тусмаа гар тулааны спортоор, өглөөний дасгалаар тогтмол хичээллэх нь сэтгэлийн дарамтад орохоос сэргийлнэ. Нөгөөтэйгүүр, та гэр бүлийнхээ түүхийг сайн мэдэж байх хэрэгтэй. Энэ нь таныг удамшлын гаралтай өвчний хүндрэлээс эрт сэргийлэхэд тус дөхөм болно. Мөн жингээ байнга хянаж бай. Илүүдэл жин бол удаан үхэл гэсэн үг. Гэрийн ажлаас бүү зайлсхий. Энэ ч бас таны илүүдэл жинг хасна.
Эцэст нь зөвлөхөд, та Эпикурын хэлсэн шиг “Номынхоо санд ямагт шинэ номтой, зоориндоо лонх дарстай, цэцэрлэгтээ амьд цэцэгтэй бай”. Тамхи бүү тат. Дарсаа тохируулж уу.



Удаан жаргахын нууц

Мөнгөтэй, хөрөнгөтэй л бол хүссэнээрээ жаргана гэдэг ойлголт хүн төрөлхтний мөнхийн мөрөөдөл. Тэрбумтнууд ч ингэж мөрөөддөг. Гэхдээ... China Market Research Group компани таван жил саятан, тэрбумтнуудаас ярилцлага авч, судалгаа хийснээр мөнгөтэй аз жаргал”-ын гурван нууцыг тогтоожээ.



Нэгдүгээр нууц

Тэд ялагдал хүлээхээс айдаггүй. Ихэнх саятнууд сонголт хийх зам байсан уу гэсэн асуултад баялагт хүрэхийн тулд эрсдэлтэй алхмыг сонгосон гэж хариулжээ. Хэрвээ таны хувьд эрсдэлгүй, урьдчилан таамаглах боломжит замыг чухалчилдаг бол амжилтад хүрэхгүй гэсэн үг.



Хоёрдугаар нууц

Тэд асуудалд бүтээлчээр ханддаг бөгөөд орлогын өөр эх сурвалжийг насан туршдаа хайж байдаг. Амжилтад хүрсэн хүмүүс бэрхшээлийг олон өнцгөөс харж, гарцыг олдог, ихэнх тохиолдолд урсгал уруудах бус сөрөх замыг сонгосон гэж хариулжээ.



Гуравдугаар нууц

Баян болсон хүмүүс “амжилттай” гэрлэсэн байдаг. Тэд заавал баян эхнэр буюу нөхрийг хайгаагүй ч амжилтад хүрэхэд амьдралын найдвартай дагуул болсон эхнэр (нөхөр) гол үүргийг гүйцэтгэсэн гэж хариулсан байна. Хамгийн гол нууц нь мөнгийг хэзээ ч нэгдүгээрт тавьж болохгүй, хөрөнгө бол аз жаргалтай амьдралын өчүүхэн хэсэг. Жинхэнэ аз жаргалаа удаан хадгалахын тулд өөрийн эрүүл мэнд болоод гэр бүлдээ зориулах цагаа хэзээ ч мартаж болохгүй гэж үздэг гэнэ.


Э.Энхчимэг
Эх сурвалж: “Ган Зам”