sonin.mn
Увс /МОНЦАМЭ/. Давст сумын төвөөс 18 км-т орших Шүдэн уулнаас энэ сарын 4-нд орон нутгийн 12 цагийн үед давс олборлож байсан иргэд эртний хүний булш олсон байна. Энэ дагуу тус сумын Засаг дарга Ч.Тогтохбаяр, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Б.Баттулга нар газар дээр нь очиж үзээд, аймгийн Цагдаагийн газарт мэдэгджээ.
Одоогоор аймгийн Цагдаагийн газраас уг газрыг хамгаалалтанд аваад байна. Шүдэн уул нь давсны уурхай бөгөөд тэндээс малчид, бичил уурхайчид давс олборлодог байна. Эртний хүний булшийг Шүдэн уулын хормойгоос 3,5 м орчим гүнзгий газраас олжээ. Булш нь хөдсөн дээлтэй байх магадлалтай бөгөөд давс, уулын хөрс хоёрын завсраас олдсон нь булшийг муутгаагүй байж болох талтай байна. Өмнө нь тус сумаас эртний хүний булш олдож байгаагүй юм. “Ямар булш болохыг мэдэхгүй. Мэргэжлийн хүмүүс л тодорхой  хэлэх байх” хэмээн Давст сумын Засаг дарга Ч.Тогтохбаяр мэдээллээ.
 
 
Б.Батхүү
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг