sonin.mn
Сүүлийн үед охид,эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, нийгмийг цочроосон олон хэрэг гарлаа. Хүчирхийлэл гарах шалтгаануудын нэг урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг  талаар АН-ын ҮБХ-ны гишүүн,  АЭХ-ны гишүүн, судлаач Б.Цолмонбаяр судалсан байна. Сонгинохайрхан дүүргийн эмэгтэйчүүд, Баянзүрх дүүргийн хүүхэд хамгааллын багийн гишүүд хамрагдсан судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа.
 
– Танай  байгууллага хүүхэд, эмэгтэйчүүд юунаас болж хүчирхийлэлд өртөөд байгаа талаар судалгаа хийсэн гэсэн. Судалгааныхаа үр дүнгийн талаар ярина уу?
 
-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх ажлын хэсэг байгуулагдаж ажиллаад хоёр сар болж байна.Энэ хугацаанд нийгмийг түгшээсэн гэмт хэргүүдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх мөн хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-тай нэгдэж уриалга гарсан. Төр засгийн түвшинд энэ асуудалд анхаарахыг шаардан ажиллаж байна. Мөн дүүргүүдэд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа.  Сонгинохайрхан дүүргийн ээжүүдтэй Ажлын хэсгийн гишүүд уулзсан. Ээжүүдийн дунд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар ямар мэдээлэлтэй байгаа болон нөхцөл байдлын талаар судалгаа хийсэн. Ингэхэд урьдчилан сэргийлэх хамгаалах мэдээлэл дутмаг байдаг, мэдээлэл авах хэрэгтэй гэж 49 хувь нь хариулсан байна. 51 хувь нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөх юм бол цагдаад хандана, өрхийн эмч дуудна, хүчирхийллийн эсрэг байгууллагад хэлнэ гэсэн ерөнхий мэдээлэлтэй байна. Мөн танай хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс хэн хамгаалах үүрэгтэй вэ гэж асуухаар сургуулийн нийгмийн ажилтан, ангийн багш мэдээлэл өгч ажиллах ёстой гэж  хэлж байна. Тэгэхээр ээжүүд, иргэдийн зүгээс сургуулийн нийгмийн ажилтнууд хүүхэд хамгааллын асуудалд гол үүрэг гүйцэтгэх юм байна гэсэн нийгмийн хүлээлт байгааг олж харсан.
 
– Судалгаагаар ээжүүд, иргэд маань сургуульд итгэл хүлээлгээд байдаг Гэвч хүүхэд хамгаалалд сургуулийн зүгээс ажиллах боломж хэр байдаг юм бол?
 
-Баянзүрх дүүрэгт дараагийн хэлэлцүүлэгээ зохион байгуулсан. Хүүхэд хамгааллын хуулиар хүүхэд хамгаалах эрх бүхий үүрэгтэй нэгжээр хамтарсан багийг ажиллуулах тухай заасан байдаг. Энэ багт хорооны Засаг дарга ахлаад хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан, ТББ-ын төлөөлөл таван хүн багтдаг. Энэ таван хүнээс судалгаа авлаа. Түүнчлэн тус дүүргийн 28 хэсгийн ахлагч нар энэ судалгаанд оролцсон. Судалгаанаас харахад ээжүүдийн хүлээлт үүсгээд байгаа сургуулийн нийгмийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс нь урьдчилан сэргийлэх үүрэг нь үндсэн үүрэг болж баталгаажаагүй юм байна. Ихэнх тохиолдолд нэмэлт үүргээр ордог. Нэг сургуулийн нийгмийн ажилтан илтгэл тавьсан. Тэр багш өдөр тутамд 13 төрлийн ажлыг хийж байна. Социализмын үеийн пионерийн удирдагч шиг сургуулийн урлагийн үзлэг, уралдаан тэмцээн зохион байгуулах, эцэг эхийн санал гомдлыг сонсох шийдвэрлүүлэх гэх мэт зүйлд анхаарч ажилладаг. Зав зай гарвал хүчирхийлэлд өртсөн, эсвэл эрсдэлд орж болзошгүй хүүхэдтэй ганцаарчилж уулзах, гэрээр нь очихоор явдаг. Тэр үед сургуулиас дууддаг. Хүүхэд хамгаалалд цаг зав гаргах боломжгүй, сургууль дээр ганцаарчлаад уулзах орчин, өрөөний нөхцөл боломж муу гэж байсан. Судалгаанд оролцсон хэсгийн ахлагч нар олон зүйлийг хөндөж ярьсан. Тэд хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүдтэй хамгийн түрүүнд харьцдаг. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэдэг мэдээллийг хэсгийн ахлагч ихэвчлэн аваад хорооны нийгмийн ажилтан, цагдаа, Засаг даргадаа мэдээлдэг. Ийм тохиолдолд өөрийнхөө халааснаас идэж уух зүйл,  хувцас авч өгдөг. Ээж аавууд нь агсам тавиад хүүхдээ зодоод байвал ойрхон хүүхэд хардаг байруудад хүргэж өгдөг байна. Хэсгийн ахлагч нар айлуудаар явж нөхцөл байдалтай танилцаад мэдээллээ цуглуулж хорооны нийгмийн ажилтанд нэгтгэж өгдөг юм байна.
 
–Хамтарсан багт хэсгийн ахлагч нар багтдаггүй юм уу?
 
-Энэ багт хэсгийн ахлагч нарыг оруулдаггүй. Тэд хороотойгоо гэрээ байгуулж, тодорхой хэмжээний хөлсөө тохироод гэрээт ажилтнаар ажилладаг. Хамтарсан багт кейсийн зардал гэж байдаггүй. Айлуудаар явахад унааны шатахуун, утасны нэгж, зургийн аппарат, принтер дуу дүрсний бичлэг хийх хэрэгсэл хэрэгтэй байдгаа хэлсэн. Хорооны нийгмийн ажилтнууд мөн л ажлынхаа завзайгаар хийдэг. Тиймээс бодит байдлыг газар дээр нь нүдээрээ харж байгаа хэсгийн ахлагч нарыг цалинжуулах, албан ёсны хамтарсан багийн гишүүн болгох, хорооны ажилтнуудын  цалинг нэмэх, ажлын байрны үндсэн зорилтод хамааруулж өгөх,  нэг хүүхдийн хүүхэд хамгааллын урсгал зардлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлага гарч байгааг хэлэлцүүлэг, судалгааны үр дүн харуулж байна.
 
–Хамтарсан багийн ажлын уялдаа холбоо ямар байдаг юм бол?
 
Хамтарсан багийн ажлын уялдаа холбоог сайжруулж өгөх хэрэгтэй. Хорооны Засаг дарга нар, нийгмийн ажилтнууд ажлын ачаалал маш их байдгаа илэрхийлж байсан. Мөн хамтарсан багт сэтгэл зүйч, хуульч нэмж ажиллуулах шаардлагатай. Хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй харилцахад хамтарсан багийн гишүүд маань  сэтгэл зүйн арга зүй талаасаа үнэхээр мэдлэггүй байгаагаа хэлж байсан.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин