sonin.mn
МСНЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын нэгдсэн шинэ жил-2017”, Үндэсний сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын оны шилдэг байгууллага, оны шилдэг сэтгүүлчдийг тодруулах ёслолын ажиллагаа энэ сарын 8-нд болж, өндөрлөлөө. МСНЭ-ээс 2017 оны шилдгүүдийг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн үндсэн хоёр хэ­сэгт багцалж, 20 орчим  номинациар шал­га­руулсан юм. Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгуул­лагыг найман номи­нациар, оны шилдэг сэт­гүүлчийг 10 номинациар шалгаруулж, батламж гардуулсан юм.
 
“Монгол ньюс” групп, шилдгийн шилдэг сэтгүүлчээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга тодорсон. 2017 оны сонины шилдэг сэт­гүүлчээр “Зууны мэдээ” сонины сэтгүүлч С.Уянга тодорсон юм.
 
Мөн гэрэл зургийн шилдэг сэтгүүлчээр “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Г.Аргуужин, мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлчээр DNN.mn сайтын сэт­гүүлч Б.Янжмаа, сэт­гүүлийн шилдэг сэт­гүүлчээр “Гранд” сэт­гүүлийн эрхлэгч, сэтгүүлч М.Уранчимэг, радиогийн шилдэг сэт­гүүл­чээр “Шинэ Монгол” радиогийн сурвалжлагч А.Алтанхүү, телевизийн шилдэг сэтгүүлчээр Хөвсгөл аймгийн “Далай ээж” телевизийн захирал, сэтгүүлч Б.Сарантуяа, шилдэг судлаачаар МУИС-ийн багш, доктор профессор М.Зулькафиль, сал­барын шилдэг менежерээр “Нэйшнл Ньюс Корпо­рэйшн” ХХК-ийн гүйцэт­гэх захирал Э.Долгион нар шалгарсан юм.
 
2017 оны орон нутгийн шилдэг сэтгүүлчээр Дорноговь аймгийн “Ди медиа” агентлагийн захирал, сэтгүүлч З.Энхзул, шилдэг сониноор “Өнөөгийн Эрдэнэт”, шилдэг телевизээр “Дорнод” телевиз, мэдээллийн шилдэг сайтаар ikon.mn, шилдэг сэтгүүлээр “Зиндаа”, шилдэг сониноор “Үндэсний шуудан”, шилдэг радиогоор “Монголын дуу хоолой”, шилдэг телевизээр “Монголын мэдээ” телевиз, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар “Засгийн газрын мэдээ”, Баян-Өлгий аймгийн “Монгол Заман” сонин, нийслэлийн ЗДТГ-ын Ulaanbaatar.mn сайт тодорлоо.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин