sonin.mn
“Бид мартахгүй” киноны Аюуш, “Мандах нарны туяа” киноны Д.Сүхбаатар жанжин, “Ирж яваа цаг” киноны Готов, “Сүүн цагаан өргөө” киноны Мишигийн дүрээр үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон гавьяат жүжигчин Б.Базаррагчааг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа урилаа. 
Манай нийтлэлийн баатар оны өмнөхөн энгэрээ мялааж, эгэл олон гавьяатын шагналыг нь нүдээ оллоо хэмээн баярлан, бахархаж байсан билээ. Урам зориг хайрласан шагналын “уухай” намжаагүй энэ цаг дор түүнтэй уулзаж, ярилцлаа. Жүжигчин Б.Базаррагчаа амьдралаа нэг л үгээр тодорхойлох ажээ. “Би бурханы зурсан зураг төөргөөр л амьдарч яваа” гэнэ. Энэ нэг тогтсон хэв маягт машид итгэдэг нэгэн юм. Дэггүй нь дэндсэн түүний бага нас 40 мянгатад өнгөрчээ. “Цөөхөн ч гэсэн монгол эр болгон нь цэрэг болох ёстой” гэсэн цэргийн дарга авга ахынх нь зүгээр нэг омогшиж хэлсэн үг Базаррагчаа хүүгийн зүрхэнд гал асааж орхисон байдаг. Тэр хүсэл мөрөөдлөө дагаж, цэргийн офицер болсон. Гэсэн ч урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Х.Дамдин түүний амьдралыг 180 хэм эргүүлж орхижээ. Офицер байхдаа найруулагчийн нүдэнд өртөж, “Бид мартахгүй” кинонд тоглосноор түүний уран бүтээлийн амьдрал эхэлжээ. Товчхондоо гэвэл ингэж л тэр урлаг хэмээн их айлын босгоор алхан оржээ. Харин Б.Базаррагчаа гэж хэн болох, түүний уран бүтээл хэрхэн өрнөж, ямар зам туулж ирсэн талаар бидний яриа үргэлжилсэн юм.
 
“ААВ БИДНИЙГ ӨӨРИЙН ЧАДЛААРАА АМЬДАР ГЭДЭГ БАЙВ”
Түүний аав Завхан аймгийн Цагаанчулуут сумын хүн. Насаараа боловсролын байгууллагад ажиллажээ. Тухайн үед нийслэлийн 33, 22 дугаар сургуульд захирлаар ажиллаж байгаад Ардын боловсролын яаманд хүүхэд хүмүүжлийн байцаагч, хэлтсийн дарга, сүүлд Монголын мэдээлэл, радио телевизийн газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо 90 нас шүргэжяваа сайхан буурал бий. Харин ээж нь Сүхбаатар аймгийнх. 11 хүүхэд төрүүлж, 10 хүүхэд өсгөсөн. Одоо үр ач нараа тойруулан хоёр буурал жаргаж сууна. Тэрээр “Миний аав ээж, ах дүү нар одоо энх тунх сайхан амьдарч байна. 10 хүүхдээс уран бүтээлч, бизнесмен, эгэл жирийн жолооч хүртэл төрлөө. Аавын минь нэг зарчим байдаг. Биднийг чадал чадлаараа амьдар гэж хэлдэг. Боловсролын газар ажиллаж байхдаа үр хүүхдээ гадаад дотоод руу сургуульд явуулах бүрэн бололцоотой байсан. Гэхдээ тэгээгүй. Боловсрол гэдэг эрдмийн их далайгаас хүнээр хөтлүүлж очоод халбагаар авах биш хөлөөрөө гүйж очоод шанагаар хутгаж авах нь илүү үнэ цэнэтэй шүү гэдэг байв. Тэр ч утгаараа бид амьдралд өөрсдийнхөө хувь заяаны эзэд болж явна” гэв. Түүний өвөө нь лам хүн байжээ. Бурхан шашны сургаалийн тухай их ярина, харин ээж нь монгол ёс заншлыг дээдэлдэг нэгэн.
Ухаандаа Б.Базаррагчаа аавынхаа орчин үеийн боловсролын үзэл санаа, ээжийнхээ ёс заншлын тухай үгс, өвөөгийнхөө бурханы сургааль дунд өсч, өөрийн гэсэн үзэл санаагаа ургуулан бие хүн болсон гэдэг.
 
“Х.ДАМДИН БАГШ МИНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛСӨН”
Нийтлэлийн баатар маань Улаанбаатарт төрж, 40 мянгатад бага насаа өнгөрүүлжээ. 10 хүүхэдтэй айлын дундах гэхээр хүүхэд насных нь он жилүүд ёстой л бужигнаан дунд өнгөрсөн. 40 мянгатын ойролцоо ясли, цэцэрлэгт явж, нийслэлийн 23 дугаар сургуульд суралцжээ. Харин наймдугаар ангид байхад нь тэднийх 19 дүгээр хороолол руу шилжиж, тэнд аравдугаар ангиа төгсчээ. Тэрээр “Нуух юм байхгүй ээ. Би сурлага муутай, сахилгагүй хүүхэд байлаа. Яагаад ч юм бэ. Хичээлээ анхаардаггүй. Аавын чихийг халууцуулна. Төгсөх дөхөөд ирэхээр аав ямар мэргэжилтэй болох уу гэж асуухаар яг энэ тэр гээд хэлчих юм олддоггүй үе ч байлаа” гэв. Харин нэг өдөр цэргийн дарга байсан авга ах нь тэднийд иржээ. “Монголчууд цөөхөн тоотой байсан ч хамаагүй өссөн эр болгон цэрэг болох ёстой” гэж ярих нь хүүгийн сэтгэлд гал асааж орхив. Тэр цагаас эхлэн цэргийн хүн болох мөрөөдөл тээж, байлдааны онгоцны нисгэгч болохоор зорьжээ. Гэхдээ хүссэн ангидаа орж чадсангүй. Харин цэргийн зарлан дуудах хуудас ирэхээр нь шууд явж тэндээсээ офицерийн сургуульд сурчээ. Онцгой байдлын ангид хуваарилагдан ажиллаж, шинэхэн офицер шижигнэтэл ажиллаж эхэлсэн байдаг. Ингэж байтал түүний амьдрал 180 хэм өөрчлөгдлөө.
1985 онд “Монгол кино” үйлдвэрийнхэн “Бид мартахгүй” киногоо эхэлж, нэрт найруулагч Х.Дамдин гол дүр болох Аюушаа хайж эхлэв. Түүний нүдэнд офицер Б.Базаррагчаа тусч, киноныхоо дүрд шууд л тоглуулсан байдаг. Тэрээр “ Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Халтарын Дамдин агсан миний хувьд эрхэм хүн. Миний амьдралыг 180 хэм эргүүлсэн байдаг. Багш маань үндсэн гурван бүтээлдээ намайг тоглуулсан. “Бид мартахгүй”, “Мандах нарны туяа”, “Сүүн цагаан өргөө” гээд багшийнхаа эрхэм дээд бүтээлүүдэд тоглолоо. Хэн хүнд тохиогоод байхгүй хувь заяа юм даа. Бурханы зурсан зураг төөрөг гэж бий. Яг л тэр зургаар би кино урлагт орсон. Бага байхдаа уран зохиол, аман зохиолын хичээлдээ их дуртай байснаас жүжигчин хүн болно гэж зүүдэлсэнгүй явлаа” гэв.
Мөн Б.Базаррагчааг урлагийн хүн больё гэтэл тухайн үеийн ангийн захирагч нь бас тийм ч таатай байгаагүй гэдэг. “Цэргийн хүн бол цэргийн хүн байх ёстой. Юун урлаг гээд хавьтуулдаггүй. Харин Х.Дамдин найруулагч авч явах гэж булаацалдаад тухайн үедээ л нэлээд хэрэг мандааж байжээ. Нэг өдөр цэргийн анги дээр найруулагч ирээд ангийн захирагчийн өрөө рүү шууд яваад орчихжээ. Тэгээд “Энэ олон жил кино найруулахдаа олон хүнтэй уулзаж явлаа. Гэхдээ чам шиг хөндлөн хөх төмөр харсангүй. Чи дийлэх нь үү. Би дийлэх нь үү харна аа” гээд хаалга саваад гарч одсон гэдэг. Тэгээд найруулагч дийлж, Б.Базаррагчаа урлагийн замы гсонгож, 1986оноос эхлэн Монгол кино үйлдвэрт жүжигчнээр ажилласан байна.
 
“ЧАМД ЖҮЖИГЧИН БОЛОХ НҮД БИЙ ГЭДЭГ БАЙСАН”
Тэрээр “Кино үйлдвэрт анх ороход үлгэрийн ертөнцөд орсон мэт сэтгэгдэл төрж байлаа. Алдарт жүжигчин Дагийранз гуайд намайг дагалдуулж өгсөн. Багш маань анх намайг яваад орсон чинь “Чамд одоо би юугаа заах вэ. Гэхдээ яалт ч үгүй багш шавь болсон юм чинь баруун дэлгүүр онгорхой л байна даа ” гэж хошигнож байлаа. Тэнд ер нь киноны жүжигчин гэж хэн байх. Яаж тоглох, ямар утга учиртай вэ гэдгийг тархинд зүгээр л цутгаж байгаа юм шиг д хийж өгч байлаа” гэв. Х.Дамдин найруулагч мөн түүний сайн зөвлөгч багш нь байв.
“Киноны жүжигчин байх ухааныг Дамдин багш маань надад суулгаж өгсөн. Чи хүн судал, гудамжинд нүдээ аньж битгий яв. Уйлж, дуулж, баярлаж байгаа хүмүүсийг нүдээрээ харж зүрхээрээ мэдэрч яв. Чамд жүжигчин болох нүд бий гэдэг байсан. Багшийн маань энэ онол бүх жүжигчдийн онол юм даа” гэв. Тэрээр 1990 оны эхэнд гэхэд 20 гаруй дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж амжсан байв.
 
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫГ ҮНДЭСЛЭГЧДИЙН НЭГ
Тэрбээр өөрийгөө амбицгүй, идэвхигүй хүн хэмээн тодорхойлдог. Найз нөхөд гэр бүлийнхэн нь ч “Базараа чи ингэж хөөцөлдөөд болчих юмыг яах гэж хараад суудаг байна аа” хэмээн үглэнэ. Тэрбээр “Миний дотоод хүн хөдлөхгүй байгаа юмыг би яах вэ дээ. Ер нь арван удаа шал хэрэггүй зүтгэж байснаас нэг удаа дайр гэдэг. Энэ бол миний амьдралын онол юм. Энэ л зарчмаар ажиллаж амьдарч ирсэн. Алдахаас илүү онох нь их байлаа” гэв.
Түүнтэй ярилцаж суухад эрч хүчгүй байдал анзаарагдсангүй. Харин ч халгисан цалгисан, инээсэн, баялаг түүхтэй амьдарч ирснээрээ бахархаж байгаа нь анзаарагдаж байв. Тэр кино урлагийн жүжигчнээс гадна Ардчилсан хувьсгалыг үндэслэгчдийн нэг. Ардчиллын анхны гурваас өмнө тулгын чулууг нь тавьж, хэнгэргийг нь цохиж явсан удаатай. Мөн Монголдоо анх удаа тахь нутагшуулах ажлыг эхлүүлжээ. 1990 оны үед Хустайн нуруунд тахь нутагшуулж байсан нь түүний амьдралын бас нэгэн бахархалт үе юм.
 
УРАН БҮТЭЭЛЭЭ ЗАВСАРЛАСАН 17 ЖИЛ
1990 оны эхэнд чөлөөт зах зээлийн шуурганд хүн бүхэн өртсөн. Тэрбээр Кино үйлдвэрээс чөлөөт уран бүтээлч болж гарчээ. Энэ тухайгаа “Жүжигчин хүн миний хэмжээнд хүрчихээд урлагаа орхино гэдэг хэцүү л дээ. Гэхдээ л би больё гэж бодсон. Түүний дараа Монголдоо юм юм хийсэн дээ. Тахь хүртэл нутагшуулж үзлээ. Нэг л болж өгсөнгүй. Тэгээд гэр бүлийнхээ хүнтэй ярьж байгаад 1997 онд Солонгос улс руу гарсан. Хоёр жил ажиллахад 20 мянган ам.доллартай болох юм байна. Тэгээд эргээд ирнэ гэсэн тооцоо хийгээд гарч байлаа. Тэгсэн нэг мэдсэн 20-иод жил болсон байсан. Энэ хугацаанд хоёр хүүхэдтэй болоод ирсэн дээ” гэв. Гэтэл нэг өдөр гавьяат жүжигчин Бат-Өлзий очиж урлагаа санахгүй, амгалан тайван оршиж байсан сэтгэлийг нь эвдсэн гэдэг. “Чиний эзгүйд” кинондоо урихад уран бүтээлч маань уяаны морь шиг дүүхэлзэн яарч сандарч барьц алдана гэж бодоогүй гэдэг. Тэгээд хэсэг хугацааны дараа Бат-Өлзий дахиад л Солонгост очихдоо “Базараа чиний энд байгаагийн шалтгаан юу вэ” гэж асуужээ. Тэр үг бас л сэтгэлд нь нэгийг хэлж орхив. Мөн өндөр настай болсон аав нь “Чамайг хүлээгээд их удлаа. Овоолсон шороон дээр очихдоо чи насаараа харамсана шүү” гэжээ.
Ингээд 2013 онд эхнэр хүүхдээ дагуулан эх орондоо ирэхийн зэрэгцээ эх урлагтаа эргэн ирсэн гэдэг. Түүний эхнэр С.Сарангэрэл жүжигчин мэргэжилтэй. Тухайн үед хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан бөгөөд одоо Сити их сургуульд тайз, ярианы багшаар ажиллаж байна. Тэд хоёр хүүхдээ ч мөн урлагт хайртай болгон өсгөжээ. Солонгосоос ирснийхээ дараа аавыгаа даган хэд хэдэн кинонд тоглож амжсан байна.
С.Базаррагчаа 17 жилийн дараа кинонд тоглохдоо жаахан эмээж байж. Тэрбээр “Намайг ирсний дараахан дөрвөн киноны санал ирсэн. Өөрийгөө арай болоогүй гэж бодсон. Нэг жил гаруй хүлээсэн. Тэгээд Б.Чингүүний “Учрал” гэдэг кинонд тоглолоо. Жүжигчин Тогосоо маань зургийн даргаар ажиллаж байсан. Татгалзмаар байсан ч чадаагүй. Түүнээс хойш 20 гаруй бүтээлд тогложээ. Кино урлаг хөгжиж байна. Мөн шүүгдэж эхэлж байна. Кинонд хайртай жинхэнэ зүрх сэтгэлээрээ явж байгаа хүмүүс үлдэж байна” гэлээ.
Ийм л нэгэн олон салаа замтай, олон сонголтын өмнө тулгарч олонхдоо зөв замаар нь замнаж ирсэн уран бүтээлчийн амьдралын хүрдийг эргүүллээ. Түүний гэрэлтсэн царай, дулаахан нүд, цалгисан инээд нь найруулагч Х.Дамдин агсны нүдэнд тусахаас өөр аргагүй байсан биз ээ.
 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин