sonin.mn
Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийнхөн “Яндангүй байшин” дэд төслийг санаачлан хэрэгжүүлэхээр анхны загвар байшинг Чингэлтэй дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт барьж, ашиглалтад оруулаад байна. Энэ нь МҮОНРТ-ийн хойд энгэр дэх гэр хорооллын дунд байрлах бөгөөд нийслэлийн хамгийн их утаатай байршилд тооцогддог бүс билээ. Бид энэ байшинг үзэж сонирхохоор төслийн зарим гишүүнтэй очиход тэнгэрт бөртийх ч үүлгүй цэлмэг, агаарт торойх ч утаагүй сайхан байлаа. Үндэсний 20 гаруй компанийн дэмжлэгээр барьсан, шил толь мэт гялалзсан хоёр давхар байшин тэр хавьдаа л ордон юм. Гаднаас нь ийнхүү шинжсээр байшинд орж, нэлээд үзэж судалсны дараа “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн судалгааны ажилтан Н.БАТЗАЯАТАЙ ярилцлаа.
 
-"Яндангүй байшин” төслийнхөө талаар танилцуулна уу. Богино хугацаанд хэрэгжүүлж эхэлсэн учир сонирхол их татлаа?
 
-Манай төслийн захирал Б.Батболд анх энэ ажлыг санаачилсан юм. Өөрөө хот төлөвлөлтийн мэргэжилтэй, Японд дэд доктор хамгаалсан хүн бий. Энэ нь пассив буюу байгалийн хүчин зүйлийг байр сууцанд ашиглах сүүлийн үеийн шийдэл бөгөөд нийслэлийн тулгамдсан асуудал болсон агаарын бохирдлыг багасгахад чиглэсэн шийдэл гэж хэлж болно.
Бид өнгөрсөн оны аравдугаар сард энэ шийдлийн ерөнхий концепцийг гаргаж, барилгын материал үйлдвэрлэгч дотоодын компаниудад хандахад нааштайгаар хүлээж авсан.Тэд барилгын бүх төрлийн материалыг хандивлаж, сайн дураар оролцсоноор 64 ам метр талбай бүхий хоёр давхар байшинг бид 15 хоногийн дотор барьж дуусгасан. Түүнээс хойш өдрийн 12.00-17.00 цагийн хооронд нарны тусгалаар байшинг дулаацуулж, санах ой бүхий төхөөрөмжөөр хэмжилт байнга хийж туршлаа. Тэгэхэд байшингийн дотор 17-20 хэмийн дулаантай байна. Бусад үед нь халаалтын системийг ашиглаж байгаа юм.
 
-Байшингийн материалын өртөг, ажлын хөлс хэдэн төгрөг болов. Хэдийгээр хандивын хөрөнгөөр боссон ч тооцоо судалгаа байгаа байх?
 
-Үндсэн барилгын хийц, материал болон гал тогооны өрөөний тавилга зэрэг нь 33 сая төгрөг болж байгаа юм. “Kitchen All” компани гал тогооны тавилгыг, “Мак шил”-ийнхэн барилгын үндсэн хийцийн нэг шилэн цонхнуудыг, “Ган хийц” компани дээврийн материалыг нийлүүлсэн байх жишээтэй. “Жи Эс Дорнын хөгжил” компанийн 35 см-ийн хийт хөнгөн блокоор ханыг босгосон гээд үндэсний 22 компани бидний ажлыг дэмжсэнд талархаж байна. Байшингийн өөр нэг онцлог нь атриум буюу нэг, хоёрдугаар давхрын агаар, дулааны солилцоог хангах шийдлийг хийж өгсөн байгаа.
 
-Манай орны эрс тэс уур амьсгалд энэ том шилэн цонхнууд хэр зөв шийдэл байх бол. Халуунд нар шараад хүйтэнд хайрах, цантах гээд бэрхшээлтэй байх биш үү?
 
-Урагшаа харсан том шилэн фасадны хувьд вакуум цонх маань гурван давхар байгаа бол баруун талын цонхон дээр тусад нь дахин нэг давхрыг суулгаж туршиж байна. Зуны хурц нарыг хааж халхлахын тулд том цонхны нь өмнө навчит мод тарьсан байгаа юм. 2-3 жилийн дараа ургаж томроод нарнаас халхалдаг болно гэж тооцсон. Өвлийн нар арай нам дороос тусдаг болохоор өрөө тасалгааг бүхэлд нь хамрах боломжтой. Ер нь манай орны 365 хоногийн 280- 300 нь нартай байдаг гэсэн тооцоолол ч байгаа юм.
 
-Загварын байшингаа яагаад энд барих болов. Бас тодорхой тооцоо судалгаа хийсэн болов уу?
 
 -Юуны өмнө нийслэлийн агаарын бохирдол ихтэй, утааны голомт газар учраас иргэд үлгэр дуурайл авах, бодитоор харахад нь ойр дөт байх болов уу гэж бодсон. Нөгөө талаар тус хорооны 400 гаруй айлаас сонгож, өрх толгойлсон Д.Сэлэнгэ гэдэг эмэгтэйд энэ байшинг өгсөн нь орлого багатай нэг айлд ч болов туслах гэсэн санаа юм. Одоогоор бидэнд цөөнгүй хүн хандаж, энэ шийдлийг дэмжиж байгаа учраас аль болох олон айл өрхийг хамруулах санхүүгийн эх үүсвэр, гарц гаргалгааг судалж байна. Дэлхийн уур амьсгалын сан, Ногоон зээлийн сан болон бусад эх үүсвэрээс найман хувийн ипотекийн зээлтэй адил бага хүү, урт хугацаатай ямар бүтээгдэхүүн байж болохыг тандан судалж байгаа юм. Гэхдээ энэ байшин маань заавал 64 ам.метр биш түүнээс бага талбайтай, нэг давхар байхыг ч үгүйсгэх аргагүй. Энэ хэрээр өртөг нь багасна гэсэн үг.
 
-Бид сая хашаан дотор гурван тасалгаатай хогийн сав байрлуулсныг харлаа. Энэ ямар учиртай юм бэ?
 
-Энэ байшинг барихдаа бид гэр хорооллын иргэддээ “Амьдралын шинэ хэв маяг" гэсэн уриалгыг санал болгож байгаа юм. Байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгахын тулд хог хаягдлаа ялгаж салгаад хаячихдаг болбол бас л нэг дэвшил. Тиймээс хогоо шил хуванцар, цаас гэхчилэн тусдаа хайрцаг саванд хийж хэвшүүлэх гэсэн санаа юм. Хүнсний хог, төрөл бүрийн ногоо, жимсний хальсыг тусгайлан ялгаж, бордоо болгож ашигласан ч болохгүй юмгүй шүү дээ.
 
-Танай төсөл мэдээж гүйцэтгэгч байгууллага биш. Гэвч энэ шийдлийг гаргаж, анхны загвар байшингаа барьж олон нийтэд танилцуулсны хувьд иргэдэд ямар туслалцаа үзүүлэх вэ?
 
-Манай төслийн ажлын зураг, архитектур, судалгаа тооцооны баг байдаг. Тиймээс бид зөвхөн айл өрх гэлтгүй үйлчилгээний жижиг газар, сургууль, цэцэрлэгийн зураг, архитектур дизайны шийдлийг хийж, мэргэжлийн зөвлөгөө өгөх боломжтой. Зуслангийн байшингаа ийм маягаар засч янзлах гэсэн хүмүүс ч бидэнд хандаж байна.
 
-”Яндангүй байшин”-тай болчихвол гэрт гал түлснээс бага зардал гаргаж, хэмнэлттэй байх талаар судалгаа хийж үзсэн үү? 
 
-Тэгэлгүй яахав. Шөнийн хөнгөлөлттэй тариф үйлчилдэг өвлийн ид хүйтэн, цахилгааны ачаалалтай үед сардаа 120-130 мянган төгрөгийн төлбөрийг эрчим хүчинд зарцуулах тооцоо гарч байна. Гэтэл гэр хорооллын нэг айл дунджаар 500 мянган төгрөгийг нүүрс, түлээнд зарцуулдагтай харьцуулбал хамаагүй бага зардал гарахаас гадна хамгийн гол нь тав тухтай амьдралын орчин, байгаль орчин, агаарт үзүүлэх эерэг нөлөөг зүйрлэх ч хэрэггүй байх. Нөгөө талаар нарны тусгал сайтай өдрийн цагаар Цахилгаан халаагуурынхаа хэрэглээг багасгах замаар цахилгааныхаа төлбөрийг хэмнэх боломж ч байна.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин