sonin.mn
ЦДБЭЧ-ын гоцлооч бүжигчин, МУГЖ, ахлах ахлагч А.Бямбатөгстэй ярилцлаа.
 
-Юуны өмнө танд баяр хүргэе. Эх орон, Зэвсэгт хүчнээ урлагаар тэр дундаа уран яруу бүжгээр сурталчилж ирсэн олон жилийн бүтээл, олон жилийн хөдөлмөрийг Монголын төр, засаг үнэлж МУГЖ хэмээх эрхэм цол олголоо?
 
-Баярлалаа. Энэ эрхэм цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Үгээр илэрхийлэхийн аргагүй баяртай байна. Гэвч энэхүү баяр хөөрөө гадагшаа илэрхийлэхдээ тун тааруу хүн дээ, би. Таны асуултуудад ч гэсэн сайн хариулж чадах болов уу даа. Түүний оронд бүжиглээч гэвэл дуртайяа зөвшөөрөхсөн.
 
-Таны бүжиглэхийг ч харах дуртай. Эмэгтэй хүний гоо сайхан, уян хатан бас эрэмгий зоригийг бүжгээр илэрхийлж байгаа тань гайхалтай харагддаг л даа?
 
-Хүн дуртай ажлаа хийхдээ цаг хугацааг ч төдийлэн анзаардаггүй юм байна. Эргээд харахад чуулгынхаа тайзнаа яг 20 жил бүжиглэсэн байна. СУИС-ийн харьяа Соёлын сургуулийг монгол ардын бүжгийн багш, соёлын аргазүйч мэргэжлээр төгсчихөөд 1997 оны долоодугаар сард ЦБДЭЧ-ын хаалгаар орж ирж байсан юмдаг. Тэр жилдээ наадмын тоглолтод оролцоод есдүгээр сард нь жинхэлсэн байдаг юм. Тэрнээс хойш гадаад, дотоодын томоохон тоглолтуудад оролцож, 21 аймагт аялан тоглож, Зэвсэгт хүчний бүх анги, байгууллагад очсон байна. Хорь гаруй жилийг бүжгийн урлагтаа зориулсан байна. Их биш ч гэлээ, бас багагүй хугацаа гэж бодож байна. Оролцсон тоглолтууд гэвэл МУСТА С.Тараагийн хөгжим “Чингис хаан” рок дуурийн Удганы дүр, УГЗ, дэд хурандаа Р.Ганбат агсны хөгжим, манай багш, МУГЖ Л.Ганчимэгийн дэглэсэн “Нэр төр” бүжгэн жүжгийн Удвалын найзын дүр, “Хааны удамт монгол эгшиглэн” ардын урлагийн цомнол бүтээлд гоцлол бүжигчнээр, А.Хачатуряны “Спартак” бүжгэн жүжиг, УГЗ Б.Бямбабаярын “Хүннү” дуурь, МУСТА Н.Жаргалсайханы “Нарны охид” хүүхдийн дуулалт жүжигт тогложээ. Мөн УГЗ Р.Ганбат агсны “Тоонто нютаг” буриад үндэсний дуу бүжгийн цоморлигт, “Аягат биелгээ”, “Аянчны зүүд”, “Эхийн сүү”, “Монгол бүсгүй”, “Үүлэн бор”, “Талын чимэг”, “Елхэндэг”, “Мянгад ээмэгтэнгүүд” зэрэг 30 гаруй бүжигт гоцлон бүжиглэсэн байна. “Бүжиг бүжиг”, “Хэмнэл”, “Шидрүүн бүжгийн гайхамшиг”, “Цэрэг танаа” зэрэг бүжиг ангийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийж, БНАСАУ-ын “Хаврын баяр” олон улсын урлагийн наадам, ОХУ, БНТУ-д зохиогдсон соёлын арга хэмжээ, БНХАУ-ын Ардын урлагийн их наадам, Тайвань, Бельгийн вант улсад хийсэн айлчлан тоглолт, БНЭУ-д зохиогдсон Монгол-Энэтхэгийн дипломат харилцаа үүссэний 50 жилийн ойн арга хэмжээ, БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдсон 10 орны ерөнхийлөгчийн дээд хэмжээний уулзалтын хүндэтгэлийн тоглолтыг нэрлэж болно. ӨМӨЗО-д зохиогдсон “Энх мэндийн хадаг” хамтарсан тоглолт, ХБНГУ болон Их Британид зохиогдсон Үлээвэр хөгжимчдийн олон улсын наадамд оролцож, Монголын бүжгийн урлагийг дэлхийд сурталчлан таниулахын төлөө манай бүжгийн хамт олон нэгэн сэтгэлээр хичээж ирснийг онцлох учиртай. 2011 онд Төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын III уралдаан”-аас цөөхүүл бүжгийн төрөлд “Наадмын дэнж”, “Адуучин” бүжгээр тэргүүн байр, ЦДБЭЧ-аас зохион байгуулдаг “Шинэ уран бүтээл-шилдэг уран бүтээлч шалгаруулах уралдаан”-д 2005 онд “Шилдэг уран бүтээлч”-ийн III байрын шагналыг хүртэж байсан. Анх чуулгын хаалгаар ороход МУГЖ Л.Ганчимэг багш маань удирдан чиглүүлж, хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзганд хүрэхэд их тусалсан байдаг юм. Багшийнхаа удирдлага дор 2015 онд СТА, ахлах ахлагч Х.Бямбахишиг бид хоёр “Есөн хүслийн цацал” бүжгийн тайлан тоглолтоо толилуулж байлаа.
 
-ЦДБЭЧ тэр дундаа бүжгийн албанаас “төрсөн” хэд дэх гавьяат билээ?
 
-Нийт гэвэл сайн мэдэхгүй юм, бүжигчин гэвэл 10 дахь нь. Миний өмнөх МУГЖ цолыг Долгормаа эгч 2001 онд авч байсан. Тэрнээс хойш бүжигчээс МУГЖ төрөөгүй. Би бодохдоо миний өмнөх нэг үе алга болжээ гэж хардаг юм. Нийгмийн амаргүй цаг үед амьдралын эрхээр бүжгээсээ татгалзсан уран бүтээлчид олон бий л дээ. Тэдний орон зайг залуу үе нь чадах чинээгээрээ үүрч явсаар өнөөдөр ахмад үедээ орж байна. Одоо бол манай залуус үе үеэрээ бүжиглэж байгаа, 2004 оны төгсгөлтөөс гэхэд ангиараа чуулгад орж ирсэн байх жишээтэй.
 
-Гавьяат болохоо хэзээ мэдэв. Цолоо авахын өмнөх өдөр нойр хүрээгүй биз?
 
-Өмнөх өдөр нь мэдсэн. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрийн холбооны дугаараас залгахаар нь нөхрийгөө байна гэж бодоод “Яасан бэ, хө” гэсэн чинь “Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. Та МУГЖ болсон. Маргааш ирээрэй” гэсэн. Ямар их баярласан гээч. Баярлахын хажуугаар нэг зүйлд их эмээж билээ. Оройжин бэлдсэн.
 
-Юунд тэр вэ?
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид илтгэл өгөхдөө алдах вий гэж. Цэргийн хүн байж түгдрэлгүй, үг тод илтгэлээ өгчих юмсан гэж л бодсон. МУГЖ болоод гарч ирэхэд манай бүжгийн албаныхан зөвшөөрөл аваад ордны хашаанд ороод ирчихсэн, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн хөгжмөө эгшиглүүлнэ гээд хүлээгээд зогсч байхыг харах үнэхээр сайхан байсан. Ах дүү нар, удирдлага, хамт олон, найз нөхөд маань бөөн баяр. Одоо эргээд бодоход сайхан л байна. Ер нь би өөрийгөө азтай гэж боддог. Ямар хувь тохиолоор чуулгатай ажил амьдралаа холбож, ямар учралаар сайхан ханьтайгаа таараа вэ гэж бодох дуртай. Шагнал ч гэсэн намайг тойроогүй. ОХУ-ын Москва хотод соёлын арга хэмжээнд орж ирээд БСШУЯ-ны “Жуух бичиг”, 2008 онд СТА, 2010 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2015 онд “Цэргийн хүндэт медаль”-аа авсан.
 
-Та ингэхэд бүжгийн мэргэжил яагаад сонгох болов? Урлагийнхан голдуу аав, ээжийнхээ замналыг үргэлжлүүлсэн байдаг шүү дээ?
 
-Яахын аргагүй аав, ээжийн нөлөө байсан. Ялангуяа, аавын маань нөлөө, ах дүүсийнх урлагт ээлтэй тэр нэг увидас надад нөлөөлсөн гэж боддог юм. Монгол Улсын Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргал аавын маань дүү байсан. Харамсалтай нь, ах маань бурхан болоод цөөнгүй жилийг үдэж байна. Хөгжмийн зохиолч, морин хуурч, төгөлдөр хуурч гээд олон сайхан уран бүтээлээр ард түмэндээ танигдсан ах, дүү олон бий. Одоо бүр багачууд маань хүч түрээд гарч ирж байх шиг байна шүү. /инээв/ Хүүхэд байхдаа Үндэсний дуу бүжгийн чуулгын зуны жуулчлалын тоглолтыг дандаа үздэг байсан, тоглолтынх нь номерыг цээжлэх нь холгүй үзнэ. Харин яагаад ч юм бүү мэд, ЦДБЭЧ гэж мэддэггүй байсан. Ажилд ортлоо шүү. Юм гэдэг учиртай юм. Өнөөдөр энэ сайхан цэргийн урлагийн байгууллагынхаа түүхт 85 жилийн ойгоор МУГЖ цол хүртсэн нь хувь тохиол юм даа.
 
-Урлагийн удамтай гэснээс аав, ээжийнхээ тухай хуучлаач?
 
-Хариулахад амаргүй асуулт байна. Энэ хоёрыгоо ярих гэхээр уйлчих гээд байдаг юм. Дэндүү ихээр хайрлаж явахдаа хэдхэн сарын зөрүүтэй алдчихсан болохоор дурсах төдийд л уйлчихдаг юм. МУГЖ хэмээх эрхэм цол авсан энэ цаг үед бүр их санагдах юм аа.
 
-Аав, ээждээ харуулсансан бол гэж бодогдох нь аргагүй...
 
-Тийм ээ. Нэгэнт аав, ээжийг маань асуусан учраас хариулалгүй яах вэ. Миний аав Х.Амарбаясгалан, Завхан аймгийн Яруу сумынх. Нягтлан, нярав гээд хийгээгүй ажил гэж үгүй. Хамгийн сүүлд “ХААН” банкинд ажиллаж байсан. Ээжийг маань Ж.Мягмарсүрэн гэдэг, Дундговь аймгийн Луус сумынх. Техник импортын хангалтын нэгдэл гэж байхад тэнд насаараа нягтлан хийсэн сайхан эмэгтэй байсан даа. Би эхээс зургуулаа. Доороо нэг дүүтэй, дээрээ дөрвөн ах, эгчтэй. Аав, ээж маань надад “Хүн чамд итгэл хүлээлгэсэн бол заавал зүтгэлээр хариулаарай” гэж сургасан байдаг. Тэр хэмжээгээр ч би ажил, ажил гэж улайрч зүтгэж явжээ гэж боддог юм. Хүүхдийнхээ ололт амжилтаар бахархаж суугаа эцэг эхийн зүрх итгэл найдвар, хайр сэтгэлээр тэгш дүүрэн бялхдаг гэдэг шүү дээ. Харамсалтай нь, аав, ээжийгээ 2001 онд хэдхэн сарын зөрүүтэй алдсан даа. Ээжийгээ өнгөрөөд долоохон хоногийн дараа БНХАУ руу тоглолтод явж байсан. Тоглолтын хуваарь гарсан, оролцох бүрэлдэхүүн нь нэгэнт тодорсон учраас өөрчлөх арга ч байгаагүй. Аав “Миний охин яваад ир. Ээж нь бүжиглэж явахад чинь ямар их дуртай билээ” гэсээр намайг явуулсан. Галт тэргэнд хүмүүс дуулаад, би уйлаад л. Үнэхээр их хэцүү. Тэгээд Хятадын тоглолтыг дуусгаад ирэхэд аавын маань бие чилээрхсэн байсан. Анхандаа “Ээжийг алдаад сэтгэл санаагаар унасан байх” гэсэн шүү юм бодож явтал удалгүй бурхан болсон. Миний хувьд хүнд цохилт болсон. Гэхдээ миний бурхад охиныхоо амжилтыг тэнгэрээс ч гэсэн харж байгаа гэдэгт итгэдэг. Одоо ах, эгч нар маань аав, ээжийг орлож, нэгнээ гэсэн сэтгэл дүүрэн амьдарч байна даа.
 
-Таныг завгүй ажилладаг гэдэгтэй 100 хувь санал нийлнэ шүү. Ярилцлага авах гэтэл бэлтгэл, сургуулилт гэж завгүй гүйгээд олдохгүй юм. Уг нь МУГЖ боллоо гээд амралтын байдалтай байгаа байх гэж бодсон юм?
 
- Бүжиг гэдэг бол нэг хүний хийдэг ажил биш. Хамтдаа, багаараа гүйцэтгэдэг уран бүтээл. Нэг нь гүйцэтгэл муутай, хөдөлгөөн тааруу байвал түүнийг суртал нь бүгдээрээ амралтгүй л бүжиглэнэ шүү дээ. Манай бүжгийн албаны залуус үнэхээр чадвартай, мэдрэмжтэй, уйгагүй зүтгэлтэй. Магтаж байгаа юм биш, үнэхээр чадвартай.
 
-Тайзнаа гарахаараа омогшил, бахархал төрүүлдэг уран бүтээлчид л дээ?
 
-Баярлалаа. Бид үзэгчдэд бүжгээ төгс гүйцэтгэлтэй үзүүлэхийн төлөө л үе, үеэрээ хичээж ирсэн. Үзэгчдийн алга ташилтаас эрч хүч, урам зоригоо сэлбэж байдаг гэх үү дээ. Тоглолт өндөрлөхөд үзэгчдээс бахархал, омогшлын харц олж харах нь хамгийн сайхан. Энэ завшааныг ашиглаад бүжгийн албаны залуус, багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхнийхээ дэмжлэгээр энэ эрхэм цолонд хүрлээ. ЦДБЭЧ-ын удирдлагууд, бусад албаны авьяастнууддаа ч баярлалаа. Хаа ч явсан дэндүү эвтэй, дэндүү чадалтай манай хэдээс дараагийн гавьяат нь хурдан төрөөсэй гэж залбирч байна. ЦДБЭЧ миний хоёр дахь гэр. Энэ ордноос ханиа оллоо, энэ ордноос гавьяат боллоо, энэ ордонд сайхан уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Миний хань, ахмад Л.Баттөр ЦДБЭЧ-ын ерөнхий найруулагч. Бүжигчнээс багш, багшаас найруулагч болон дэвшин ажиллаж байгаа. Жинхэнэ уран бүтээлч хүн. Бид нэг ангийн оюутан. Гэхдээ чуулгад орж ирснийхээ дараа ханилсан, бид одоохондоо хүүхэдтэй болж хараахан амжаагүй байна. Хань маань чуулгад удирдах алба хашдаг болоод ч тэр үү хурал зөвлөгөөн, шалгалт шүүлэг гээд ажил ихтэй. Би болохоор бүжгийн бэлтгэл сургуулилт, тоглолт гээд бас завгүй. Залуу насыг завгүй өнгөрөөж байгаа хоёр л хүн байна даа.
 
-Бүжгийн мэргэжил өөрөө тодорхой цаг хугацаатай. Гавьяат маань хожим юу хийхээр төлөвлөж байна?
 
-Таньтай санал нэг байна. Хугацаатай ажил. Өнөөдөр Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд ирж байгаа 16-18 настай залуустай нэг ижил түвшинд бэлтгэл хийж, ижил түвшинд ачаалал үүрнэ гэдэг амаргүй л дээ. Насны онцлог нь өөрөө тийм. Гэхдээ залуустаа үлгэр болохсон, бүжгээ төгс бүжиглэхсэн гээд нас зүс хамааралгүй зүтгэнэ шүү дээ. Одоо манай үеийнхнээс цөөхөн үлджээ. Миний хувьд 20 хүрэхгүй залуустай зэрэгцээд би, би гээд бүжиглээд байх хэцүү учраас цаашдаа багшлах нь тодорхой. Тийм болохоор багш аргазүйн чиглэлээр магистрт суралцах бодолтой байна. Надад нэг мөрөөдөл бий. ҮБХИС үлээвэр хөгжим, оркестр бэлдэж, анги, байгууллагын нөхөн хангалтыг өгдөг шүү дээ. Түүн шиг цэргийн бүжигчдийг бэлтгэж, чуулгад нөхөн хангалтаар өгдөг бол сайнсан. Цэргийн мэргэжлээ ч заана, бүжгийн хичээлээ ч заана. Хэрэв ҮБХИС-д энэ чиглэлд анги нээгдвэл миний бие багшлахад бэлэн байна.
 
-Манай эмэгтэй бүжигчид цэмцгэр, зэгзгэр сайхан бүсгүйчүүд байдаг. Тусгайлсан дэглэм байна уу, үгүй юу?
 
-Бид аль болох эрүүл хооллохыг эрмэлздэг. Түүнээс биш тусгайлсан юм байхгүй ээ. Магадгүй хөдөлгөөн ихтэй байдаг болохоор жин нэмэгдэхгүй сайхан харагддаг байх. Бүжиг гэдэг нь “Эмх цэгцтэйгээс эмх цэгцтэй, нягт нарийнаас нягт нарийн, зөвөөс зөв” гэсэн уриагаараа бусад төрлөөс ялгарах болов уу. Хүнийг эрүүл, гоо сайхан бие галбиртай болгохын зэрэгцээ гоо зүйн боловсрол олгодог.
 
-Тайзан дээр алдах тохиолдол гарч байв уу?
 
-Ноцтой алдаа бол гаргаж байгаагүй. Малгай унах, бүжигчдийн хөдөлгөөн буруу зөрөх тохиолдол бий. Гэхдээ үүнийг хэр баргийн хүн нэг их анзаараад байдаггүй. Өөрсдөө л мэдээд засна.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
-Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. Энэ завшааныг ашиглаад БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, ЦДБЭЧ-ын үе үеийн удирдлага, уран бүтээлчид болоод чуулгад хамаатай хүн бүхэнд энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсч байна. Та бүхний маань ажил үйлс, уран бүтээл үргэлж өөдөө байх болтугай гэж ерөөе.
 
 
дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин