sonin.mn
БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны академийн Орос ба Монгол судлалын хүрээлэнгийн судлаач Питер С.Эспина “Хятад болон Монгол Улс харилцаагаа шинэ түвшинд гаргахыг зорьж байна” гэсэн гарчигтай  нийтлэлээ энэ сарын 11-нд буюу өчигдөр Хятадын “Глобал Таймс” өдөр тутмын сонинд нийтлүүлжээ. Энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
ХӨХХОТ. /Глобал  Таймс/. Хятад улс бол Монголын худалдааны хамгийн том түнш бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтынх нь хоёр дахь том эх үүсвэр юм. Тус хоёр улсын худалдааны эргэлт 2016 онд 4.96 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан юм. Харин хоёр улс өнгөрөгч 2017 онд хэр их хэмжээний худалдаа хийсэн нь хараахан тодорхойгүй байна. Гэхдээ өнгөрсөн оны эхний хагаст хоёр улсын худалдааны эргэлт 44.2 хувиар өсөн 3.1 тэрбум долларт хүрээд байсан юм.
Өнгөрсөн онд Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтынн ажиллагааны анхдугаар чуулга уулзалтын үеэр Хятад болон Монголын удирдагчид Бээжингийн “Бүс ба Зам” санаачлагыг Улаанбаатарын “Талын зам” санаачлагатай уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ.  Мөн талууд эдийн засаг болон худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чиглэсэн олон хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Өнгөрсөн оны есдүгээр сард Хятадын Өвөр Монголын ӨЗО-ны төв Хөххотод “Хятад-Монголын экспо” хоёр дахь удаагийн үзэсгэлэн худалдаа болсон бөгөөд  талууд нийтдээ 37 төсөл хэрэгжүүлэхээр уг арга хэмжээний үеэр тохиролцоонд хүрсэн. Эдгээр нь эрчим хүч, хөдөө аж ахуй, үүлэн технологи зэрэг салбарыг хамарсан 36.4 тэрбум юань буюу 5.58 тэрбум ам.доллаоын төсөл юм. Түүнчлэн Монголоос Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн онд эрс нэмэгдсэн бөгөөд нүүрсийг голдуу Өвөр Монголын ӨЗО-ны Ганц мод боомтоор дамжуулан экспортолсон байна.
Товчхондоо, өнгөрсөн онд Хятад болон Монгол Улсын хоёр талын эдийн засаг болоод худалдааны хамтын ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарсан. Өөрөөр хэлбэл, талууд 2018 онд эдийн засгийн харилцаагаа улам бүр бэхжүүлэх үндэс суурийг тавьсан юм.
Хятад болон Монгол Улс нь хоёр талын худалдааны эргэлтээ 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа билээ. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд тус хоёр улсын аль аль нь худалдаа, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийн төлөө илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. МАН
Монголын Засгийн газрыг 2016 оноос дахин удирдаж эхэлснээсээ хойш эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төсвийн зарлагыг хумих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн томоохон төслүүдээ хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсаар байна. Энэ мэт арга хэмжээнүүдийнхээ үр өгөөжийг хүртэхийн тулд Монгол Улс Хятадтай худалдаа болон эдийн засгийн харилцаагаа улам бүр бэхжүүлэх нь зүйтэй.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ онд Хятадад албан ёсны айлчлал хийх сурагтай байна. Хэрвээ тэд төлөвлөгөө ёсны дагуу Хятадад анхны албан ёсны айлчлалаа хийвэл энэ нь хоёр талын худалдаа болоод эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх улс төрийн бат бөх үндэс суурь болно.
 
Хоёр улсын худалдаа ба эдийн засгийн хамтын ажиллагаа 2018 онд дөрвөн үндсэн чиглэлийн хүрээнд өргөжихөөр байна.
 
Нэгдүгээрт, хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд ажил хэрэг болох төлөвтэй байна. Тодруулбал, хоёр улс хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх зорилго бүхий санаачлагууд, тухайлбал томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээс галдна Хятад-Монголын чөлөөт худалдааны бүсийн техник-эдийн засгийн үндэслэлийн судалгааг хийж эхэлнэ. Эдгээр нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хоёрдугаарт, Хятад улс Монголд мөнгө зээлэх, санхүүгийн тусламж үзүүлэхээ үргэлжлүүлнэ. Хятадын санхүүгийн тусламж нь эдийн засгийн хямралыг даван туулахад Монгол Улсад ихээхэн дэмжлэг болно. Хятад улсын Гадаад харилцааны сайд Ван И өнгөрсөн оны 12 дугаар сард Бээжин хотноо Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийх үеэрээ “Хятад улс Монголд үзүүлэх санхүүгийн тусламжийг өргөжүүлэх болно” гэж байв. 2018 онд Хятадын зүгээс Монголд үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь хоёр орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гол чиглэлүүдийн байх нь үндсэндээ тодорхой байна.
Гуравдугаарт, Хятад-Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны  бүс байгуулахын тулд талууд ихээхэн хүчин чармайлт гаргах төлөвтэй байна. Монголын талын идэвх энэхүү төслийг хэрэгжүүлэхэд маш чухал.
Эцэст нь, нүүрс болон мах зэрэг Монголын экспортын бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хоёр орны хооронд үүссэн асуудлыг шийдвэрлэснээр 2018 онд талуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэнэ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг